...буюу “Амжилт, аз жаргал хоёрыг хослуулж БОЛНО”
Түүний үгийн санд “хангалттай” гэдэг үг байдаггүй. Тэр өдрийн цай уух гэж ажлаасаа завсарлага авдаг хүмүүсийг хараад инээдэг. Тэр өдрийн 90 хувийг ажилдаа зарцуулдаг. Харин үлдсэн арван хувьд нь унтах, хүүхдүүдээ эрхлүүлэх, нөхрөө халамжлах, өөрийгөө халамжлах гээд хамгийн чухлуудаа “чихэж” багтаадаг.
Тэд ер нь хэн юм бэ?
Жейкоб Гоулдсмитийн сэтгэлзүйн дүрмээр ярьвал, тэр бол А бүлгийн эмэгтэй. Өөртөө болон бусдад хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, үргэлж өөрийн мэдэлгүй давчдаж байдаг, хүч чадал, эрх мэдлээр цангасан бүсгүй. Ийм байх нь тэгээд муу юм гэж үү? Хэт их стресснээсээ болоод зүрхний өвчтэй болох эрсдэлтэйг эс тооцвол, харин ч А бүлгийн хүмүүс Б бүлгийн аялдан дагалдагчдаас амжилтанд хүрэх магадлалаараа хавьгүй илүү. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд яагаад заавал гэр бүл, эрх чөлөө, амар тайван байдал, нөхөрлөлийг золиослох ёстой гэж?
Сүүлийн үеийн удирдагч, хөдөлмөрч бүсгүйчүүд уламжлалт А бүлгийнхний тухай хатуу ширүүн ойлголтыг өөрчилж, зөөлрүүлж байна. Тэднийг “нео-А бүлгийнхэн” гээд нэрлэчих юмсан. Тийм ээ, тэд өөртөө итгэлтэй, амбицтай, зоригтой. Гэвч үүнийхээ хажуугаар бас сайхан сэтгэлтэй, хувцас загварт хайртай, тачаангуй, бас хөгжилтэй. Тэд бол карьер, амьдрал хоёроо хослуулж чаддаг шинэ үеийн эмэгтэйчүүд. Бидний эргэн тойронд ийм үлгэр жишээ бүсгүйчүүд бий. Чи өөрөө ч бас тэдний нэг байж магадгүй.
Тэд яаж үүнийг чадаад байна аа?
Карьер хөөсөн хүн халуун дулаан гэр бүл, найз нөхөдгүй хоцорч, олныхоо “дунд“ байсан нэгэн нь цалигаас цалингийн хооронд амьдардаг гэсэн хэвшмэл ойлголт устаж үгүй болжээ. “Нео-А бүлгийнхэн”, буюу амжилт, аз жаргал хоёроо хослуулж чаддаг бүсгүйчүүд бүгд өдөр бүр хийдэг зүйлээсээ хангалттай таашаал, баяр баясгаланг олж авч чаддаг сэргэлэн “муужгайнууд” байдаг аж. Өөрөөр хэлвэл тэд хийдэг ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, зөвхөн мөнгөний эсвэл хүүхдүүдээ тэжээхийн тулд биш бас өөрөөрөө бахархахын тулд өглөөний 9-өөс оройны 6 цаг хүртэл ширээний ард суудаг эмэгтэйчүүд юм байна. Хоббигоо ажил болгосон тэд нийгмийн ихэнх түгээмэл дарамтыг анзааралгүй өнгөрдөг байна. Учир нь тэдэнд анзаарах илүү олон сайхан зүйлс бий.
Өнгөрсөн жил үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 4 компани тутмын нэг нь эмэгтэй эзэнтэй гэсэн судалгаа гарчээ. Жилээс жилд зэргээ дээшлүүлэх, гадаадад суралцах, хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл хоёроос гурван мэргэжил эзэмших хүсэлтэй нас насны бүсгүйчүүд өссөөр байгаа. Өмнө нь эмэгтэй хүн эр хүний адилаар карьер хөөнө гэдэг “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэртэй адил гэж ойлгогддог байсан бол одоо бид хүссэн бүхнээ өөрсдийн болгох өөр өөрийн аргатай болж эхэлж байна. Гоолингоо “нео-А бүлгийн” 2 эмэгтэй хүнээс яаж амьдралаа өөрчилсөн талаар нь асуулаа.
Тэдний яриа
1. Би хоббигоороо мөнгө олдог /27 настай Г.С/
Би өөрийн гэсэн “nail salon”-той, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлдэг нэгэн эмэгтэй. Өсвөр насны охин байхын л хумсаа янз бүрийн өнгөөр будаж, ургуулж янзлах дуртай байсан. Хүмүүсийн хумсыг ч будаж өгөх дуртай байлаа. Би их сургуулиа маркетингийн менежерээр онц төгссөн ч, аль нэг байгууллагад менежер хийгээд явах нь миний сонирхлыг төдийлөн татахгүй л байлаа. Харин түүний оронд таньдаг эгчийнхээ салон дээр очоод, маникюр хийхийг нь харах сайхан байдаг байсан юм. Тэгээд л нэг өдөр зориглоод, өөрийнхөө салоныг нээхээр шийдсэн. Одоо би өдөр бүр дуртай юмаа хийж, бүсгүйчүүдийн хумсыг чимж өгдөг. Тэгээд үүгээрээ орлого олдог. Менежерийн мэргэжил минь ч бизнесээ явуулахад их тус болж байгаа. Бас би ажил хийхийнхээ хажуугаар залуустай болзож, найзуудтайгаа амралт аялалд тогтмол явж, 14 хоногт заавал нэг удаа дэлгүүр хэсч өөрийгөө баярлуулах юм худалдаж авдаг. Би одоохондоо хагартлаа баяжаагүй ч, дуртай юмаа хийх минь л намайг жаргалтай болгодог.
2. Эрүүл болсон гээд ирж байгаа эмэгтэй бүр надад инээмсэглэл бэлэглэдэг /38 настай Д.М/
Би урьд нь олон нэр бүхий томоохон эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажилладаг байлаа. Гэтэл хүүхдүүддээ, бас нөхөртөө хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа юм шиг санагдаад 5 жилийн өмнө ажлаасаа гарсан. Тэгээд гэрийнхээ доод давхрын айлыг өргөтгөөд, өөрийн гэсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээ нээсэн. Эрүүл болчихлоо гээд над дээр ирж байгаа бүсгүй болгон надад инээмсэглэл бэлэглэдэг. Би өнөөдөр хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж, нөхөртэйгөө цуг болзоонд явдаг.

No comments:
Post a Comment