Өгүүллэгүүд 2


Улаан сарнай /өгүүллэг/


Онгорхой цонхоор жиргэх шувуудын дуунаар Энхмаа сая л нойрноос сэрлээ. Цонхны нь цаана байдаг саглагар модонд амьдардаг бяцхан хөөрхөн шувууд түүнийг өглөө бүр л ингэж сэрээдэг. Энхмаа орондоо хэсэг хэвтэж тэдгээр бяцхан шувуудын хөөрхөн шулганааг сонсч бүр дасчээ.Эд нар хүний хэлээр ярьдагсан бол, Энхмаа босоорой, хичээлээсээ хоцорлоо шүү гэж хэлэх байх даа гэж бодоод инээмсэглэснээ бослоо. Орных нь хажуугийн ширээн дээр цаас, харандаа хөглөрнө. Орой зурж байгаад орхисон архитектурын адармаатай олон зураг тэнд нь эрээлжлэн харагдана. Өнөөдөр дулаан байх бололтой гэж бодоод улаан эрээн даашинзаа гарган урьдаа барьж толинд харсанаа сэтгэл хангалуун мишээлээ. Өөрт нь гоё зохидгийг тэр сайн мэдэх билээ. Дандаа жинсэн өмд, хөнгөн гутал гээд оюутан хүний өдөр дутмын хувцаснаас заримдаа залхаж гоё даашинз намируулж, өндөр өсгийтэй гутлын өсгий товор, товор дуугарган, задарсан урт хар гэзгээ үе үе мөрөө давуулан шидлэн алхахад Энхмаа дуртай.
Одоогоос 3-н жилийн өмнө тэр Венеци хотын Архитектурын Дээд сургуульд суралцахаар ирж байсан нь саяхан мэт. Венеци хот бол: хэрчсэн мэт олон усан гудамжууд, нуман хэлбэрийн гүүрнүүд, усан такси, Уран баримлууд гээд Итал байтугай дэлхийд алдартай хот билээ.Орой бол Адриатын тэнгисээс зөөлөн салхи үлээж усан гудамжуудаар тэнүүчлэн сэвэлзэнэ.


Урт хитигтэй- усан таксинууд хэдэн талдаа дэнлүү асаан зорчигч, жуулчидыг суулган нааш цааш хөлхөх бөгөөд далбагар урт сэлүүр, яралзтал сэлүүрдэж буй завичин уянгат дуу эгшиглүүлж энэхүү усан гудамжуудыг дуу хуураар чимнэ.
Венеци хотын зуны шөнө бол үнэхээр сайхаан… Усан дээр барьсан тавцангуудын кофений газарт орж халуун кофе, каппучино ууж суух ярьж хөөрөх бүүр ч гоё. Энхмаа сургуулиасаа нилээд зайтай Риелло Санта София дүүрэгт байр хөлслөн амьдардаг бөгөөд гэрээсээ хэдэн минут алхасны дараа автобусанд сууж сургууль уруугаа явна. Түүнийг шатаар уруудсаар гадаа гарч ирхэд бяцхан шувууд мөн шулганан жиргэсээр л…. Хэзээ ч юм бэ? хэн нэгний хэлсэн эмэгтэй хүн, инээмсэглэж явхад хорвоо дэлхий дагаж инээмсэглэдэг юм гэсэн үг санаанд нь буухад тэр эхлээд нар уруу, дараа нь бяцхан шувууд уруу харж инээмсэглэлээ. Түүнийг инээхэд хацар дээр нь хонхойдог учир бага байхад нь зарим нь аавдаа эрх хүүхэд нөгөө хэсэг нь хөөрхөн охины шинж гэж ирээд л өхөөрддөгсөн гэж тэр бодов.
Энхмаагийн амьдардаг байр Калли дэл Фомо гудамжинд байдаг бөгөөд гэрээсээ 3 минут алхаад ёс юм шиг кофены газраас халуун каппучино авч уугаад автобусны буудал уруу алхана. Гудамжны адагт байх Ирланд пивоны газрыг өнгөрхөд буланд цэцэг зардаг эмээ гар даллан Энхмааг угтав. Энэ эмээ өглөө бүр Энхмаатай ингэж мэндчилдэг билээ. Эмгэн Энхмааг доороос дээш хүртэл харсанаа инээмсэглэж бүсгүй минь та өнөөдөр туйлын үзэсгэлэнтэй харагдаж байна, яг л миний энэ зарж байгаа сарнай цэцэг шиг гэхэд Энхмаа танд их баярлалаа гэвэл наадах даашинз чинь их гоё зохиж байна ямар ч эрэгтэй хүн эргэж харах юм байна. Танай япон эмэгтэйчүүд ингэж гоё хувцасладаг уу? гэхэд Энхмаа уучлаарай! Би Япон биш Монгол хүн л дээ гэхэд эмээ өө манай энэ европчууд гоё л ази бүсгүй байвал Япон гэж боддог том эндүүрдэг хүмүүсдээ гээд инээснээ 1 ширхэг улаан сарнайг Энхмаад өгөөд танд бэлэглэж байгаа юм, та яг л энэ улаахан сарнай шиг байгаа болохоор гээд инээв. Буурал үстэй, нүдэнд дулаахан эелдэг эмээд талархаад автобусны буудал уруу алхлав.
Энхмаагийн улаан эрээн даашинз улаан сарнай хоёр гоё зохицож байгаа нь өнгөрч байгаа хүмүүсийн харцнаас мэдэгдэж байлаа. Энэ өдөр ууртай царайтай хот төлөвлөлтийн багш Росси инээмсэглэж байсан, урьдчилсан нэг шалгалтаа сайн өгсөн зэргийг санаснаа Энхмаа, өглөөнөөс эхлээд л бүх юм сайхан эхэлсэн юмаа гэж сэтгэл хангалуун бодоод автобуснаас бууж алхалаа. Орой болсон учир цэцэг зардаг эмээ үлдэгдэл цэцгээ хурааж байв. Эмээ, Энхмааг харсанаа бүсгүй минь өнөөдөр ихсайхан өдөр байсан чинь нүүрээс чинь харагдаж байна гэхэд Энхмаа таны бэлэглэсэн сарнайн хүч гээд инээв. Эмээ, хэрэв охин минь яараагүй бол надтай сууж каппучино уугаач, талийгаач өвгөнөөсөө хойш гэртээ орохоор л уйтгартай санагдаад байдаг юм, гэснээ би каппучинод дуртай харин чи гэхэд Энхмаа инээд алдаж би ч бас гэв. Гудамжны гэрлүүд аль хэдийн асч, уушийн газрууд хүн ихтэй харагдана. Маргааш амралтын өдөр учираас Энхмаа ч эмээгийн урилгаас татгалзсангүй.
Тэр 2 халуун каппучино ууж зөөлөн сандал налан тухалцгаав. Би сарнайнд туйлын их дуртай хүн л дээ, одоогоос 50 гаран жилийн өмнө анх Винцензогоо харсан юм гээд эмээ яриагаа эхлэв. Би уг нь Милано хотын хүн, Милано бол Италийн аж үйлдвэрийн нүсэр том хот шүү дээ. Манайх Порта Романо дүүрэгт амьдардаг байлаа. Аав маань үйлдвэрт ажиллаж ээж минь угаалгын газарт өглөөнөөс орой хүртэл ажиллана. Тэгэхэд би 18 настай хонгорхон охин байлаа. Нэг өдөр ээж маань ямар нэгэн ажил гарч, орондоо намайг ажиллуулах болов. Би хичнээн дургүй явсан гээч.. дотроо уурлаад л . Ажиллаж байтал үд дундын үед нэг залуу хувцас угаалгахаар ирлээ. Би түүний гараас ууттай хувцасыг нь авч байхдаа гөлөрч орхив. Түүний хөмсөг уруу унжсан долгиотсон хар үс, юунд ч гуниглахааргүй сайхан нүд, даруухан мөртлөө, ялангуяа эмэгтэй хүнийг урин дуудах мэт инээмсэглэл нь миний хувьд амьдралдаа анх удаа харсан, мэдэрсэн сайхан зүйл байлаа. Түүнийг хоёр дахь удаагаа би хувцасаа хэзээ авах вэ? гэхэд удаан гөлөрсөндөө би туйлын их ичэж, орой 7-н цагт гээд хэлчихэв. Тасалбар дээр Виницензо гэж бичсэн байхыг хараад цаашаа алхаж яваа залуугын араас Винцензо, Винцензо гэж шивнэсээр үлдсэн юм. Би тэр даруйдаа Винцензогийн хувцасыг хамгийн түрүүнд цэвэрлэв. Байн байн цагийн зүү уруу харах болов ч тун удаан явж байх шиг. Зүрх минь урьд урьдынхаас өөрөөр цохилоод ч байх шиг. Гэвч тэр ирсэнгүй ээ . Бүүр угаалгын газар хааснаас хойш хүлээсэн боловч тэр ирсэнгүй. Маргааш орой нь ээж ажилаасаа тарж ирэхдээ, өнөөдөр чамайг нэг залуу асуугаад, өчигдөр ажиллаж байсан охин хаачаа вэ? нэрийг нь хэн гэдэг юм бэ? гээд л олон юм асуугаад байхаар нь уурлаад, явуулчихлаа гэхэд нь толгойруугаа юмаар цохиулах шиг болж билээ. Ээжийг аргалж байгаад хэд хэдэн удаа оронд нь ажилсан боловч Винцензотой дайралдсангүй. Арай энэ хотоос нүүчихсэн юм биш байгаадаа гэж санаа зовж эхлэв. Тэр нэгэн өдөр бурхан намайг ивээсэн өдөр байсан юм. Би үдээс хойш ээжийн оронд ажиллаж байтал нэг хүн орж ирсэн нь Винцензо… миний мөрөөдөл болсон тэр залуу зогсож байлаа. Би сандран түүнийгээ мэдэгдэхгүйг хичээсэн боловч зүрх минь гар шиг минь чичирч байхыг мэдрэв. Тэр инээмсэглэснээ, удаан уулзсангүй шүү! Чамайг хэн гэдэг вэ? гэхэд би тун аяарханаар Амедиа гэж хэлхэд ямар гоё нэр вэ? Миний хувцасыг өнөөдөр орой гаргаж чадах уу! би орой ирье гэхэд нь би толгой дохив. Би заавал ирнэ ээ гээд тэр нөгөөх л сэтгэл татам ялдамханаар инээмсэглэсээр гарч одов. Орой ажил тарж байхад Винцензо ирлээ. Тэр гартаа нэг ширхэг гал улаан сарнай барьчихсан зогсож байв. Яг л миний чамд өгдөг цэцэг шиг. Тэр Амедиа, чамтай танилцсаны бэлэгдэл болгож энэ сарнайг бэлэглэж байна гээд сарнайг надад өгөв.
Тэр сарнайн үнэр одоог хүртэл надад үнэртэх шиг болдог юм. Винцензо намайг хүргэж өгөхөөр хамт явлаа. Гудамжны гэрлүүд аль хэдийн асч, хүний хөдөлгөөн татарсан байв. Би түүний ярихыг сонсоод л… тэр яриад л байсан. Анх удаа эрэгтэй хүний үг яриа илбийн шидтэйг ойлгож билээ.


Гэрийн хаалганд намайг хүргэж өгөөд миний нэр Винцензо гэдгийг битгий мартаарай гэж хэлхэд түүний тунгалаг нүд ямар уярмаар байсан гээч… Үүнээс хойш намайг ажил тарах болгонд Винцензо тосч зогсдог байсан бөгөөд гарт нь заавал ч үгүй нэг улаан сарнай надад өгөхөөр барьсан байдаг байлаа. Нилээн хэдэн сар өнгөрч бид харцаараа бие бие уруугаа хичнээн тэмүүлж, хичнээн энхрийлж байгааг мэдэрч байлаа.
Сэтгэлийн тэр нандин хүсэл бид хоёрын зүрхэн дотор бяцхан хүж болон асч улмаар дүрэлзсэн том бамбар болон бадарсан юм. Винцензо Палермо хот уруу 2- сар ажилаар явах болов. Түүнд сайн яваад ирээрэй гэдгээс өөр үг хэлж чадсангүйдээ би дараа нь их харамсч билээ. Би түүний буцаж ирэхийг цаг, минут алгасалгүй тоолж байлаа. Миний амьдрал дахь хамгийн урт хүлээлт тэр байсан байх. Гэтэл гай болж аавын ажиллаж байсан үйлдвэр дампуурч манай Венеци хотоос холгүй байдаг Мира хот уруу нүүв. Тэр үед одоо шиг биш болохоор ямар ч холбоо барих арга байсангүй. Гэрийн эд хогшил ачсан машины хамгийн ар талд би, Винцензогийн алхаж ирдэг цэцэгт гудамжийг нулимстай нүдээр харсаар холдсон юм. Шинэ газарт аав, ээж хоёр ажилтай болж би сургуульд суралцав.
Түүнийгээ харалгүй, дуу хоолойг нь сонсолгүй бүтэн 3-н сар өнгөрлөө, энэ 3-н сар надад 300жилтэй тэнцэх шиг санагдаж билээ. Бас л тэр нэгэн өдөр бурханаас надад заяасан азтай өдөр байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад явж байтал манай жижиг хотоор дүүрэн хэрэг мандав. Тэр үед Мира хот бага хот байсан юм. Ямар хэрэг вэ? гэхээр хотын шугаманд явж байгаа бараг бүх автобусан дээр хар будгаар томоор, Амедиа чи минь хаана байна аа? Винцензо, гэсэн бичиг байлаа. Би үүнийг хараад ухаан алдахаа шахаж билээ. Гэртээ ороод иртэл дүү нар маань радио тойроод суучихсан чагнаж байлаа. Радиогийн нэвтэрүүлэгч эмэгтэй: Өнөөдөр манай хотод ер бусын хэрэг гарлаа. Нэг залуу чиглэлийн бүх автобусан дээр Амедиа нэртэй бүсгүйг хайж байгаагаа бичиж ихээхэн шуугиан тариад байна. Тэр шөнө автобусны паркад орж бичсэн гэдгээ хүлээжээ. Одоогоор тэр залуу хотын цагдаагийн газарт баригдаад байгаа юм байна гэхийг сонсоод цүнхээ шидчихээд буцаад л харайлаа. Цагдаагийн газарт очингуут нэг офицерт үнэн байдлаа хэлхэд офицер жуумалзсанаа намайг дагуулж дотогш оров. Сараалжин цонхоор зааж тэр залуу мөн үү? гэхэд өнгийж харвал Винцензо дүрээрээ, нөгөөх л сайхан нүдээрээ намайг ширтэн сууж байлаа. Тэр өдөр бол яг өнөөдөр юм шүү! дээ охин минь. 5-р сарын 20-н гээд эмээ каппучиногоо уув. Тэгээд л бид хоёр сууж амьдарсаан. 50-н жил амьдрахдаа би хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан юм. Винцензо надад байнга л улаан сарнай бэлэглэдэгсэн. Тэр минь өөд болох өдрийнхөө өглөө хүчээр босч хажуудаа байсан цэцгэн дотроос нэг улаан сарнай авч надад өгч билээ. Одоо би өглөө бүр эртлэн босч нэг улаан сарнайг түүнийхээ шарил дээр тавьдаг юм, гээд Амедиа эмээ тэртээх алсад гялалзах оддыг ширтэж байснаа Винцензогоо харсан мэт мишээв.


Охин минь сарнай, эмэгтэй хүн хоёр тун адилхан шүү! гээд тэр яриагаа дуусгав.


Энхмаа хэдэн шалгалтаа өгч дуусаад зуныхаа амралтаар Монголдоо бүүр тодоруулвал Шарга Морьтийн зусландаа зуныг өнгөрөөж сайхан амраад намар хичээлдээ буцаж ирлээ. Өглөө арай эрт гарч Амедиа эмээд авчирсан бэлгээ өгөхөөр Ирланд пивоны газар өнгөрөн алхтал Амедиа эмээгийн цэцэг зардаг газрын оронд сонин сэтгүүл зараад залуухан бүсгүй зогсож байв. Энд цэцэг зардаг эмээ хайчсан бэ? гэхэд, Аа Амедиа эмээ юу? гээд хэсэг түгдэрснээ сар гарны өмнө нас барсан гэхийг сонсоод Энхмаагийн дотор нь бөөн хар юм орчих шиг болж нүдэнд нь нулимс тунараад явчихав. Каппучино ч авч уусангүй царай нь цонхийн автобусны буудал уруу гэлдрэв. Хичээл эрт тарсан тул Энхмаа замаараа цэцгийн дэлгүүрээс саванд суулгаж тарьсан улаан сарнай худалдан аваад Амедиа эмээгийн ажилдаг байсан газарт ирлээ. Сонин зардаг бүсгүйг хэсэг харж зогсосноо, уучлаарай, танаас нэг юм гуйвал болох уу? гэхэд бүсгүй уриалгахнаар толгой дохив.
Амедиа эмээ сарнайнд их дуртай байсан юм, би түүнд зориулж үүнийг авсан юм ,та эндээ байлгаж болох уу? гэхэд бүсгүй инээмсэглэж бололгүй яахав, би үргэлж арчилж тордоод байж чадна аа, би ч гэсэн тэр эмээг хүндэлдэг байсан юм гээд савтай цэцгийг авав.


Үүнээс хойш Энхмаа өглөө бүр хичээлд явах замдаа өнөөх сарнайгаа харж гараа даллан автобус уруугаа алхдаг болсон юм.


П.Батзориг




Тэр охин.../өгүүллэг/

Тэр охин надад ээжээсээ илүү хайртай байв. Яагаад гэвэл цуг элсэн талбай дээр тоглож байхад тэр элсээр ээждээ жижигхэн, харин надад илүү том зүрх хийж өгдөг байсан юм. Байрны минь үеийн хүүхдүүд намайг “Еээ охинтой нийлээд байхдаа яадаг юм, чи охин юм уу” гээд л шоолдог байлаа.
Тааралдах болгондоо шүү. Тийм болохоор л би түүнийг дагуулаад зориуд хажуугийн байрны гадаа очиж тоглодог байсан юм. Түүнээс өөр хүүхэдтэй цуг байхыг хүсдэггүй байв. Хааяа бүр “Нээрээ би охин юм болов уу?” гэж бодсоноо “Хэрвээ би охин байсан бол ээж надад динозавр биш хүүхэлдэй авч өгөх байсан” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа.” Эсвэл тэр охин яг эрэгтэй байх” гэж нэг бодсоноо “Хэрвээ эрэгтэй байсан бол тэрний үснээс охидуудаас л үнэртдэг гоё үнэр сэнгэнэхгүй байсан. Гэхдээ тэр охины үнэр бусад охидынхоос ч гоё л доо” хэмээн бодоод л бушуухан хажууд нь очиж өнөөх жигнэмэг шиг үнэрийг нь мэдрэхийн хүслэн болоод гэрээсээ гүйж гардаг байв. Хөвгүүд нь хөвгүүдтэй, охид нь охидтой нийлдэг байсан манай байрны бяцхан ертөнцөд бид хоёр л зөвхөн бие биентэйгээ тоглохдоо жаргалтай байдаг байсан юм. “Чи ийм...” гэж тэр хуруугаа аль чадахаараа дээшээ сунгаад “...том болохоороо” тэд нараас ч илүү мундаг болох юм чинь гэж хэлэхээр нь би зугтчихмаар санагддагсан. Учир нь би ичихээрээ тоосго шиг царайтай болчихдог байсан.


Нэг өдөр тэр том том нулимас дуслуулаад уйлаад л байсан. Тэгэхэд л би ээжийг уйлахаар аав яагаад тэгж их сандардгийг ойлгосон юм. “Маруужин авах гэж байсан чинь тэр хүүхэд миний мөнгийг булаачихлаа” гээд тэр нарийхан цагаан хуруугаараа урагшаагаа заалаа. Заасан зүгт нь манай байранд амьдардаг, үеийнхнээсээ хамгийн том биетэй Санаа гэдэг нэртэй хүүхэд байсан. Түүнийг л зодчихвол тэр охин уйлахаа больчих юм байна гэж би бодоод, гүйж очин тэрүүхэндээ гараа зангидаж байгаад нэг цохьтол тэр охин тайвшрах нь битгий хэл улам бүр уйлж орхилоо. Тэрнээс хойш лав л арван жил би хүнд гар хүрээгүй юмдаг. Харин сүүлд мэдэхнээ тэр охиныг ээж нь багад нь орхисон юм билээ.


***
Тэр өдөр би амьдралдаа хоёр дахь удаагаа хүнтэй гар зөрүүлсэн юм. Гэхдээ дахиад л өнөөх Санаатай. Тэр сургуулийн маань атаман болсон байв. Харин би яагаад хажуугаар зөрөхөд нь тэгтлээ их үзэн ядаад, цохиод авснаа өөрөө ч сайн ойлгоогүй. “Муу дээрэмчин” л гэж бодогдсон. Өмнөх өдөр нь тэр охинтой уулзсанаас л болсон байх. Гэж бодоод байгаа юм. Тэр охины түрийвчний буланд бид хоёрын хамтдаа хатаасан навчны хатаамлын наагуур, Санаа тэр хоёрын тэврэлдчихсэн зураг байдаг болсноос хойш би өчигдөр л анх удаа түүнтэй өмнөх шигээ удаан ярьж суусан нь тэр. Тэгэхэд тэр охин надад Санааг анх удаа өөрийнх нь хүзүүг хэрхэн үнсээд, чихийг нь үлээхэд ямар мэдрэмж төрсөн талаар надад ярьсан. Чихэнд нь ойрхоноос юм шивнэхээс ч аймар санагддаг байсан болохоор түүнд надаас илүү ойртож чадсанд нь атаархаад, уур хүрсэн байх л даа.


Ямар ч байсан сургуулийн хонгилд болсон тэр зодоон миний хамар муруйж, Санаагийн нүд нь үл ялиг хөхөрснөөр дууссан юм...Аа, тийм эмчийн өмнө суугаад, хамраа тэгшлүүлж байхдаа би амьдралдаа анх удаа хачин их уйлж билээ. Үнэндээ тэгэхэд надад өвдөлт мэдрэгдээгүй л дээ. Ядаж өвдсөн гэж хэлээд хангалттай уйлах шалтгаан гарсан учраас би тэр охины ярьж суухдаа хэлсэн нэг зүйлд нь гомдсон гоморхлоо тийн тайлсан хэрэг. Тэр нь юу гэвэл, арван жилийн өмнө зайрмаг авах гэж байсан мөнгийг нь Санаа булааж аваад, уйлж байсан тухайгаа тэр охин найз залуудаа яриад инээлдэж суудаг болсон гэсэн. Гэхдээ тэгэхдээ тэр охин өөрөөс нь болж анх удаа хүн зодож үзсэн хүүгийн талаар огт дурдалгүй өнгөрсөн юм.


***
Тэр охин...үгүй ээ одоо “Тэр эмэгтэй” болсон. Сайхан эмэгтэй. Үснийх нь үнэр багынхаараа хэвээрээ. Санаа тэр хоёрын зураг, бас бид хоёрын хамт хийж байсан навчны хатаамалтай түрийвч хулгайд алдагдсан гэдгийг сонсоод би хий дэмий яасан ч их баярлав даа. Харин хоёр сарын дараа тэр эмэгтэй надад маш, бүр маш муу мэдээ дуулгасан юм. Зөвхөн бид хоёрын багадаа тоглодог байсан “айл гэр” гэдэг тоглоомыг Санаа тэр хоёр бодит амьдрал дээр жинхэнээсээ тоглохоор болсныг дуулаад би шинээр авсан түрийвчинд нь хийлгэхээр өөрийн гараар хатаасан, дээрээ “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навчаа үйрүүлэхээр шийдсэн юм. Тэгээд хүзүүг нь зоригтой үнсэж, чихийг нь ядах юмгүй оролдож чаддаг олон охидынхоо нэгэн дээр очиж хоносон. Гэхдээ өглөө нь сэрмэгцээ үснийх нь үнэр тэр эмэгтэйнхийг гүйцэхгүй гэдгийг нь анзаараад дургүй хүрээд, босоод явчихаж билээ.


Хуримынх нь маргаашнаас л би түүнийхтэй адилхан, эсвэл түүнээс илүү гоё үнэртэй эмэгтэйг хайж эхэлсэн. Өдөр болгон өөр өөр үнэртэй эмэгтэйчүүдтэй ойртсоор байсан боловч ер ололгүй явсаар бүтэн жилийн дараа арай гэж түүнтэй яг адилхан үнэртэй охиныг олсон юм. Гэвч ингэж олоход минь тэр төрөөд дөнгөж аравхан хоносон нялхаараа байлаа. Зулайд нь хамраа хүргээд, балмагдсандаа салж чадахгүй өчнөөн удчихаад толгойгоо өндийлгөхөд минь цаад өрөөнөөс тэр эмэгтэй орж ирээд “Миний охин хөөрхөн байгаа биз” хэмээн инээмсэглээд зогсож байлаа.


***
Тэр эмэгтэй ээж болсноос хойш 6 жил өнгөрлөө. Энэ хооронд би түүний гэрт долоо хоног бүр очоод заншчихсан байв. Охин нь анх миний өвөр дээр хэлд орсон юм. Бас хамгийн анх над руу ирэх гэж байгаад тэнтэр тунтар гэсээр алхаж сурав. Хичээл дээрээ хамгийн анх удаа онц дүн авсан орой нь ч би сургуулиас нь очиж авсан. Охиныг би Анхил гэж өхөөрдөн дуудна. Ээжтэйгээ адилхан үнэртэй болохоор нь тэгсэн хэрэг. Анхил хааяа намайг гэртээ ирэхэд багшдаа магтуулсан, шинэ жилээр цасан охин болох гэж байгаа зэргийнхээ тухай ярьж байгаад аав нь өчигдөр согтуу ирээд, юм эвдэлчихээд явсан, ээжийг нь байхгүйд хааяа танихгүй эгч дагуулж ирдэг тухай санамсаргүй хэлчихнэ. Тиймэрхүү зүйлийн тухай ам алдах болгонд ээж нь чимээгүйхэн доошоо харж зогсдог байлаа.


Нэг удаа Анхилтай цуг гэрт нь тоглож байгаад ширээнийх нь доод тавцан дээр Санаа тэр эмэгтэй хоёрын гарын үсэг, тамгатай хэдэн хуудас цаас байхыг олж харав. Түүнийг харчихаад би нөгөө өрөө рүү орж, цонхны тавцан түшээд зогсож байсан анхныхаа хайрыг анх удаа өөрийнхөө биед их удаанаар нааж зогссон юм. Үснийх нь үнэрийг тийм ойроос мэдрэлгүй уджээ, багадаа хамт элсэн талбай дээр тоглодог байсан мөч эргээд ирсэн юм шиг санагдаж байв. Тэгж наамагц тун удалгүй тэр эмэгтэйн нулимасны үнэр хамар сэнгэнүүлж эхлэв. Хамгийн анх хуучин нөхөртөө зайрмагныхаа мөнгийг булаалгачихаад уйлснаас нь хойш л би түүний нулимасны үнэрийг андалгүй мэддэг болсон юм.


Тэр өдрөөс хойш нэг жилийн дараа түүний түрийвчинд бид гурвын тэврэлдсэн зураг, түүний цаана долоон жилийн өмнө үйрүүлэх гэж байгаад зориг хүрээгүй “Би чамд хайртай” гэсэн бичигтэй навч хоёр байдаг болсон. Харин Анхил надад ааваасаа илүү хайртай болсон байв. Яагаад гэвэл тэр фломастераар зүрх зурахдаа аавдаа жижгийг, надад илүү томыг зурдаг болсон юм.
Эх сурвалж: Солонгон Охин




Будрах сэтгэл /өгүүллэг/



Түүний халаасанд яг жижигхэн шувуухай орчихсон юм шиг санагдахад тэр байн байн дарж үзэж байлаа. Алгын чинээ гар утаснаас нь халуу төөнөж байх шиг нэг л сонин. Ундрах алт эрдэнэс олчихсон хүн шиг л гар утсаа дахин дахин гаргаж үзэв. “Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе” гэсэн ердөө л тавхан үг. Албархуу ч юм шиг товчхон мэндчилгээ...



Гэхдээ тэр энэ үгийг л сонсох гэж, унших гэж өчнөөн жил амьдарсан юм шиг сэтгэл нь хөөр баяраар дүүрч, Анхмаагаас ирсэн энэ мессежийг дахин дахин уншив. Түүний сэтгэлд нуугдаж үлдсэн анхны хайрын дурсамж сэргэж, яагаад ч юм Анхмаатай ярихыг тэр туйлаас их хүсэж байгаагаа мэдэрч байлаа. Гэвч ярих гэхээр нэг л болж өгөхгүй байлаа. Үнэндээ хайртай гэдгээ хэлэх гэж, хагас сар ноороглосон захидлаа өгч чадалгүй гурван сар халаасандаа хадгалж, гэрийнх нь үүдэнд эргэлдэж, дөрвөн жилийг барсан хэрнээ, түүнийг үгүйлэн нойргүй хонож, үнсэж зүүдлээд сэрдэг байсан мөртлөө, хэзээ хойно гар утасных нь дугаарыг олж аваад баярласандаа хөл газар хүрэхгүй самгардаж байсан атлаа тэр утсаар ярьж зүрхлэхгүй бараг сар болж байна.


Тэгсэн хэрнээ сэтгэл нь нэг л хөнгөн. Олон жил нуугдаж байсан дурсамж амилж, тэр яг л ангийнхаа охинд хөл алдан дурласан балчир хөвгүүн шиг сэтгэл нь баяр гуниг хоёрт дэвтэн зөөлөрч байлаа. Яг өнөөдөр л Анхмаатай утсаар ярина гэсэн хөгжүүн бодол түүнийг сэргээдэг ч “Хэрвээ надтай ярихгүй бол, бүүр таньдаггүй хүн шиг аашилбал яана” гэсэн бодол түгшүүрийн харанга адил түүний өнөөх дэвэргэн бодлыг нам дарж байлаа.Анхмаа энэ нэр түүнд нэг л зөөлөн эерүү санагдана. Өнгөрсөн олон жил Анхмаа гэсэн нэрийг сонсох бүрт сэтгэл нь сэртхийдэг байсныг тэр сайн мэднэ. Жижигхэн биетэй, улаан хацартай, бусдаас гойд ялгараад байхаар царай зүс, бие хаагүй ч гэсэн хачин дүрсгүй, цовоо тэр охины хэл ам гүйцэгдэнээ гэж үгүй.


Шүлэг бичдэг, эвлэгхэн дуулдаг, юм юманд овсгоотой энэ охин Ундралын хувьд хэзээ ч гүйцэгдэхгүй, гарт нь баригдахгүй, салхи шиг л санагддаг байсан удаатай. Тэр салхи шиг амьтан үргэлж олны нүдэн дээр дэрвэж явна. Харин Ундрал дандаа л бусдын харцнаас нуугдаж, чимээгүйхэн түүнийг дотроо л хайрлаж, сэтгэлийг нь хөвсөлзүүлсэн энэ салхи хэзээ нэгэн цагт хэн нэгний нөмөрт хоргодож үлдэнэ, харин тэр нь би биш байна гэж гунигтайхан бодсоор өдий хүрчээ.


Тэр нэг өдөр Ундрах их л зориг гарган хэдэн шил шар айраг ууж, уусан дарс, уймартал сэтгэл нялхруулах дурсамжинд хөтлөгдөн Анхмаа руу залгалаа. Гар утас руу нь залгасан хэрнээ учиргүй сандарч, дахин дахин тасалж байв. Утсаа тасалсан хойноо нэг их харамсаж, тэгсэн атлаа хэн нэгнээс айж ичингүйрнэ.


-Байна уу? Хэн бэ? гэх бүсгүйн зөөлхөн дуу гэнэтхэн түүнийг асар их сандралаас аварлаа. Ундрах яг л хулгай хийж байгаад баригдсан хүн шиг сандарч, ээрч мууран
-Байнаа... гэсэн хэрнээ өөр юу хэлэхээ мэддэггүй.
-Хэн бэ? хэмээн Анхмаа шаргуухан асуухад сандарсандаа -Танихгүй байна уу? хэмээн түгдэрлээ.
-Дд..дд..дийд.. хэмээх утасны тасалдах дуу Ундрахын зүрх зориг, итгэлгүйг шоолох мэт даажинтай дуугарна.
Ундрах хоёр хүүхэдтэй, эхнэртэй, Анхмаа ч гэсэн айлын гэргий, хүний эхнэр болсныг тэр сайн мэдэж байгаа. Гучин насны босго даваад цөөнгүй жилийг элээсэн хэрнээ ингэтлээ догдолж, жаахан хүүхэд шиг хөл алдах юм гэж тэр төсөөлсөн ч үгүй явлаа. Гэвч тэрбээр догдолсон сэтгэлээ хорьж чадсангүй. Түүнтэй заавал уулзах ёстой гэсэн дэвэргэн бодол Ундрахыг хөтлөөд, хаашаа ч хөдөлгөхгүй байлаа.


Анхмаа... Үргэлж л сэтгэлийг нь соронзон адил татдаг цовоо цолгин, жижигхэн охиныг тэр үргэлж санана. Ялангуяа эхнэрийгээ уурлаж, бухимдах бүрт, бас хааяа найзуудтайгаа уулзаад жаахан оройтож ирэхэд л хөөж тууж, харааж загнах бүрт хайртай гэж хэзээ ч хэлж чадаагүй тэр охиныг санадаг байлаа. Ундрахад дутаад байхаар зүйл байсангүй. Өөрийн гэсэн орон гэр, бас унаа машин, хоёр хөөрхөн хүү гээд тоочоод байвал түүнд бүх юм бий. Бас хэзээ ч гайхуулаад байхааргүй нэг зүйл бий. Энэ бол нэгэн хэвийн уйтгарт амьдрал, харааж загнах эхнэр. Түүний эхнэр өөрөөс нь хоёр дүү, бас царайлаг, нуруулаг, өөрийн гэсэн ажил төрөлтэй. Гэвч хаанаас нь гарч байгаа юм гэмээр омогтой шартай, бас хэтэрхий их хартай. Жаахан оройтоод л гэртээ орвол “Зайл” хэмээн хашгирах эхнэрээсээ залхаж, явмаар санагддаг ч хүүхдүүдээ бодоод л тэр хөдлөж чадахгүй бараг арваад жилийг үдэж.


Харин сүүлийн үед Анхмаагийн утасны дугаарыг олж авсан тэр өдрөөс хойш сэтгэлд нь хурж байсан гомдол бухимдлыг бага залуу насны сайхан дурсамж түлхэж байх шиг санагдах болсоор удаж.


-Байна уу? Анхмаа юу. Сайн уу? Би Ундрах байна? хэмээн нэг орой тэр их л зориг гаргаж утсаар ярьлаа.
-Хөөх ямар сонин хүн бэ? Энэ олон жилийн дараа чамайг гараад ирнэ гэж бодсонгүй. За амьдрал сайн уу? Ажил төрөл сайн биз дээ? Хэнтэй суусан? Хэдэн хүүхэдтэй болсон хэмээн Анхмаа түүнийг асуултаар булж, тачигнатал инээд алдахад Ундрах яг л шүүлгэд орж байгаа оюутан шиг сандрав.
-Сайн, сайн гэсэн ганцхан асуултаар л түүний бүхий л асуултанд хариулт өглөө. Анхмаа инэээд алдаж, анги хамт олон найз нөхдийнхөө тухай эцэс төгсгөлгүй яриа хөврүүлж, байн байн часхийтэл инээд алдана. Гижигдүүлсэн юм шиг л байнга инээд алддаг тэр охин яг л хэвээрээ, Ундрах яг л арван долоотой юм шиг сэтгэл нь нэг л хөгжүүн.


Тэр өдрөөс хойш Ундрахын хөл хөнгөн, сэтгэл ч дэврүүн, саяхан л уйтгартай санагддаг байсан тэр амьдрал өнгө орон гялалзаж байх шиг санагддаг болсоор удаж.
-Анхмаа чи ирэхгүй юм уу? -Найз нь саяхан нутаг яваад ирсэн. Ойрд нутаг руу явах онцын ажилгүй л байна.
-Би чамтай л нэг уулзмаар байх юм?
-Найз нь нутагтаа очихоор чамтай заавал хэрэг болгож уулзанаа.
-Тэгээд хэзээ ирэх юм?
-Яг хэзээ гэдгийг мэдэхгүй л байна? Ийм нэг яриа болсноос хойш Ундрах түүнийг яг л маргааш ирэх юм шиг сэтгэл догдлон хүлээдэг болсноо өөрөө ч сайн анзаарсангүй. Гэвч түүний энэ огцом өөрчлөлт эхнэрийнх нь анхаарлаас ангид хоцорсонгүй.


Нэг өдөр ажлынхантайгаа нийлж, найзынхаа төрсөн өдөр дээр очоод нилээд оройтож ирэв. Эхнэрийнх нь нүд гялалзан, “Хар архичин минь. Яг одоо явж далд ороорой. Тэр хөгшин эхийнхээ хаяанд очиж архиа гудар” хэмээн хашгирч байлаа. Түүний амнаас энэ үгийг Ундрах наснаасаа олон сонссон. Гэхдээ өнөөдөр шиг гомдож бухимдаж байснаа тэр санахгүй байлаа. Цөөн хэдхэн хувцсыг нь түнтийтэл чихсэн жижигхэн цүнхийг аваад тэр эргэж ч харсангүй, гэрээсээ гарлаа. Хоёр хүүхдээ өрөвдөн бас өөрийнхөө арчаагүй доройг мэдрэх тусам гэнэтхэн том хар нулимс нүдийг нь бүрхээд ирлээ. Дөчин насны босго дөхөж яваа хэжээл эрийн гомдол бухимдал, нулимс болж асгарах юм гэж тэр өдий насалтлаа бодсонгүй. Нэг л мэдэхэд Ундрах Дэлгэрмөрөний эрэгт зогсож байлаа.


Дэлгэрмөрний ус намуухан урсаж, цахилдаганы толгой нам намс хийн бөхөлзөх нь яг л түүнээс уучлал эрэх шиг нэг л сонин. Ундрахын өмнө урьд нь хэн ч имй зөөлөн эерүү байгаагүй санахад нэг л уйтгартай. Тэр Анхмаа руу залгалаа. -Сайн байна уу? Ямар сонин хүн бэ? Найз нь охиноо салхилуулаад л гадаа явж байна. Миний охин ямар хөөрхөн гээч. Дараа нь танай хүүхдүүдтэй хамт тоглуулж, эхнэртэй чинь тухтай танилцанаа хэмээн ярих бүсгүй сэтгэлд хурсан гуниг үргэтэл инээд алдав.


Өнгөрсөн арав гаруй жил түүнд ганцхан энэ л дутагдаж байж. Бүсгүй хүний ялдам ааш, зөөлхөн хонгор инээд эр хүний сэтгэлийг зөөллөж, амьдралыг чимж байдаг юм гэдгийг тэр сая л ухаарав. Ундрах хуучин муу цүнхээ үүрээд гэрийнхээ зүг алхаж байлаа. Тэр эхнэрийгээ чин сэтгэлэсээ инээгээсэй гэж өөрөө ч мэдэлгүй хүсэж байв. Тэрбээр гэрийнхээ хаалгыг зориг муутайхан татлаа. Ундрах инээмсэглэх аядсан ч эхнэр нь түүний царай өөд хяламхийж харснаа “Өөдгүй гуйлгачин. Очих газартай ч юм шиг нэг их сүрхий хүн гараад явсан. Хаана очиж хэвтэж байгаад ирэв” гэснээ цаад өрөө рүүгээ оров.


Ундрахын сэтгэлд яг л цас будран орж байх шиг санагдаж, хачин хүйт дааж байлаа. Түүний чихэнд өнөөх л хайртай гэж хэлж амжаагүй тэр охины цангинасан инээд хадаж, Ундрах Анхмааг үхтлээ санаж байгаагаа л мэдэж байв.




Час улаан даашинз /өгүүллэг/




Алдар нэр нь үлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгүй ярилцацгаая. Хүмүүний үр сад, хөвгүүд охидын дунд энэ өнгө үлэмж өндөр алдрыг олжээ. Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лүндэгнэдэг.Бас наргиан цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгүй учиргүй тэчъяддаг. Хан хөвгүүд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж ярьцгаадаг, энэ нь ч үнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс базлахаар тэдний царай түлээчний удмынхны шантгар хамарт нүүрнээс өөрцгүй, сүр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор хүүхэн бүхэн түүнд хэл алдан дурладаг.

Одоо бол час улаан өнгөөр ид гангардаг цаг. Гудамжинд хаа сайгүй түүний улс улсхийхийг харж болно. Мэдээж өөр өнгө моодонд ордог л доо, саяхан хэд хоногийн өмнө би шар ногоон өнгөтэй ноосон даашинзтай өхөөрдөм бүсгүй харсан, банзал дээрээ дөрвөлжин дөрвөлжин гоёотой, хормой нь бүр гурван ч хуниастай, угалзат нэхээстэй сүлжмэл алчуурынх нь цаанаас бөөн бөөн хаваастай нөхөөс хүртэл харагдаж байна лээ, бас ханцуй дээрээ сүлжмэл туузаар татаж тогтоосон хоёр сагсгар чимэгтэй, тэр дороос нь зүгээр ч үгүй хуниастай гоёо сагсайж байсан. Гэхдээ л ямар ч гэсэн час улаан өнгийн хувцсыг өчнөөн хүн цаанаа нэг бахтай өмсдөг юм. Та үүнтэй санал нийлэхгүй байж болох л доо. Тэгвэл та дуртай өдрөө Хорин гуравдугаар гудамжаар алхаад үзэгтүн. Чухам тийм ч учраас жижиг сажиг барааны “Улей” дэлгүүрийн худалдагч, холтосны өнгөт хүрэн үст, гил хар нүдэн Мэйда бүсгүй, хуурамч доржпалам шигтгээт хатгууртай, гаатай чихрийн үнэр сэнгэнүүлсэн Грейс хүүхэнд ийм хэдэн үг хэлсэн юм.
-Талархлын баярын өдрөөр би час улаан даашинзтай болно. Оёдолчноор оёулж байгаа.
Долоо хагасын хэмжээтэй хэдэн хос бээлийг зургаа, дөрөвний гурвын хэмжээтэй хайрцагт нямбай гэгч нь хурааж байсан Грейс: -Юу гэнэ ээ чи! гээд:
-Би бол улаан хүрнийг авна. Тавдугаар гудамжинд час улаанаас улаан хүрэн хамаагүй олон харагддаг биз дээ. Тэгээд ч эрчүүлийн ухаан алддаг ганц өнгө гэв.
-Надад час улаан таалагддаг. Шлегель хөгшин найман доллараар оёж өгнө гэсэн. Ямар сайхан юм болно гэж чи санана. Банзал нь гоё хуниастай, задгай энгэр нь мөнгөн эмжээртэй, хоёр эгнээ босоо цагаан захтай…
-Хайран юм! хэмээн Грейс их мэдэгчийн дүр эсгэн нүдээ жийхайлгав.
-…Цагаан хоргой оруулга нь бас хоёр давхар нарийхан эмжээртэй, хунирсан туузнуудтай…
-Хайран юм, хайран юм! хэмээн Грейс шогшров.
-…Ханцуй нь хачин гоё, нил хуниас, бас эргүүлсэн чамин нударга нь хилэн… Чи юу гээд шогшроод байгаа юм?
-Час улаан ноён Рэмсид таалагдана гэж чи бодоо юу? Хамгийн тансаг өнгө хүрэн улаан гэж хэлэхийг нь би өчигдөр сонссон.
-Тэгж л байг гэж Мэйда хэлээд:
-Би час улаанд дуртай, таалдаггүй улс нь тавцангийн нөгөө талд гарна биз гэжээ.


Энэ бүхэн эцсийн эцэст час улаан өнгөнд жолоогүй дурлагсад хүртэл төөрч будилж магадгүй нь гэсэн бодол төрүүлэх ажээ. Гэтэл царайныхаа өнгө, ойр тойрныхоо улсын бодол санааг үл ойшоон час улаан хувцас өмсөнө хэмээн бүсгүйчүүлийн зүтгэх, час улаан жанч минь мөнх хэмээн хаад, ихэсийн болгоох нь хамгийн осолтой, аймшигтай зүйлийн нэг билээ.
Уртын урт найман сар нарийлж, нарийлж Мэйда найман доллар хураажээ. Энэ мөнгө нь даашинзанд хэрэгтэй бүхнээ худалдаж авах, Шлегельд оёдлын урьдчилгаа дөрвөн доллар төлөхөд илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хүрэв. Талархлын баярын өдрийн өмнөхөн үлдсэн дөрвөн доллараа төлчих хэмжээний юм хангалттай цуглана. Тэгээд баяраар шинэ даашинзаа өмсөнө, орчлон хорвоо дээр үүнээс сайхан юм хаа байхав!


Жилийн жилд Талархлын баярын өдрөөр жижиг барааны “Улей” дэлгүүрийн эзэн, хөгшин Бахман өөрийнхөө ажилчдыг оройн хоолонд урьж дайлдаг билээ. Ням гаригийг эс тооцвоос үлдсэн гурван зуун жаран дөрөв хоногт нь тэр сүүлчийн зоогийн сайхныг, айсуй найрын элбэг дэлбэгийг өдөр бүр шогшрон сануулсаар, басхүү түүгээрээ дамжуулан ажилдаа улайран чармайхыг уриалдаг бүлгээ. Дэлгүүрийн голд уртаа ширээ засна. Лангуунуудаа боодлын цаасаар бүтээж, булангийн зоогийн газраас худалдаж авсан цацагт хяруулын мах, бас бус амттан шимттэнээ арынхаа хаалгаар оруулж ирнэ. “Улей”-г та олон тасаг, цахилгаан шат, өчнөөн хиймэл хүнтэй гял цал их дэлгүүр шиг санаагүй байх хэмээн найднам. Том дэлгүүр гэж нэрлэгдэхээр тийм жижигхэн дэлгүүр бөгөөд та тийшээ чөлөөтэй тайван орж болно, юу л хэрэгтэй түүнээ худалдаж аваад, амар жимэр гарч одож болно. Бас Талархлын баярын өдрийн зоог дээр ноён Рэмси үргэлж…


Өө чөтгөр аваг, намайг! Би бүхнээс түрүүн ноён Рэмсигийн тухай ярьдаг байж. Тэр бол юун час улаан өнгө, шар ногоон битгий хэл, цангисны цусан улаан шүүснээс чухал хүн байхгүй юу. Ноён Рэмси бол дэлгүүрийн эрхлэгч. Түүнийг би тун сайн хүн гэж боддог. Залуухан худалдагч нар харанхуй бүрэнхий мухарт түүнтэй тааралдахад, тэр хэзээ ч чимхэж чангаагаад байдаггүй, ажил нь хэдэн минут уужрахаар мань эр тэдэнд зүсэн зүйлийн үүх түүх ярина, бүсгүйчүүл жиг жуг хөхөрцгөөж, үе үе писхийтэл инээлдэнэ. Гэхдээ хүүхнүүдийг шалиг онигоогоор дайлж суудаг гэсэн үг биш шүү, таминь. Рэмси сайхан ч эр, бас зүгээр ч үгүй гайхширч хачирхмаар хэд хэдэн зуршилтай. Тэр жигтэйхэн биеэ бодно, гэхдээ ямар ч үед биенд сайн гэгддэг юмыг идэж уухгүй юм шүү гэж мугуйдлана. Тэр бүү хэл, хэн нэг нь буйдан дээр тухтай нь аргагүй налайх юм уу, эс бөгөөс цасан шуурганаас толгой хоргодох газар хайваас бүр гутлын дугтуй өмсөж, эм залгих аваас, хэн нэгэн ийнхүү яаж ийгээд биеэ хоргомжлоод эхлэхүйеэ тэр учиргүй уурладаг юм. Эдний залуухан арван худалдагч хүүхэн бүгдээрээ хэзээ нэгэн цагт хатагтай Рэмси болчихоод түүнд тос нь халиурсан гахайн шанз мах, сонгинотой шажигнатал нь шарж өгөхсөн хэмээн амгалан нойронд автахынхаа урьд, бүхэн тэсгэлгүй санааширдаг юм. Тэгээд ч хөгшин Бахман хойтонгоос түүнийг хувь нийлүүлэгчээ болгохоор зэхэж буй хойно, хэрэв ноён Рэмсиг уургалж орхивол, хуримын бялуунаас гэдэс базлаад дуусахаас өмнө эрүүл энхийн тухай элдвийн мунхаг бодлыг нь толгойноос нь хөнгөхөөн авч хаяна гэдгээ бүсгүй бүхэн сайн мэдэж байгаа.


Ноён Рэмси баярын зоогийн гол зохион байгуулагч, найрын даамал. Найранд хийлч, босоо ятгачин хоёр италийг заавал урьдаг бөгөөд зоогийн дараа цөмөөрөө жаахан бүжиглэж цэнгэдэг авай. Одоо та сэтгэлдээ нэг төсөөлөөд орхи доо, ноён Рэмсигийн сэтгэл зүрхийг булаахаар хоёр даашинз зэхжээ, нэг нь хүрэн улаан, нөгөөх нь час улаан. Мэдээж бусад бүсгүйчүүл даашинз өмсөнө, гэхдээ тэднийг үл тооцъё. Цагаа тулахаар тэд нар цамц, хар банзал мэтийн юу ч юм бэ нэг юм өмсөх байлгүй, гэхдээ нүд булаам час улаан, хүрэн улаантай харьцуулахаар юу л байв гэж. Грейс бас мөнгө хураасан юмсанж. Тэр бэлэн даашинз авахаар шийджээ. Оёулна, энэ тэр гэж зовохын хэрэг юун. Хэрэв чи гоолиг тэгш биетэй бол таарч тохирох юм олдож л таараа. “Үнэндээ бэлхүүснээс нь хасахаас аргагүй болдог, яагаад гэвэл дунд зэргийн хэмжээтэй даашинзны бэлхүүс минийхээс хавьгүй уужуухан байдаг юм”


Гэтэл Талархлын баярын үдэш хэзээ мөдгүй айсуй. Маргаашийнхаа аз жаргалыг баяртайяа зөгнөсөөр Мэйда гэр лүүгээ яарч явлаа. Тэр час улаан даашинзаа мөрөөдсөөр… Түүний мөрөөдөл санаашрал хиргүй гэгээн амьдралын баярыг хүсэмжилсэн идэр хүмүүний тийм л хязгааргүй, гэрэлт тэмүүлэл бөгөөд үүнгүйгээр залуу нас харамсмаар амархан гунддаг. Час улаан өнгө өөрт нь сайхан зохино гэдэгт Мэйда эргэлзсэнгүй, ноён Рэмсид ч улаан бус, час улаан таалагдана хэмээн өөртөө итгүүлэх гэж бүр мянгантаа, түмэнтээ оролдсон сон. Тэр гэртээ ороод шүүгээнийхээ доод хайрцагны ёроолоос тамхины нимгэн цаасанд боосон дөрвөн доллараа авч, Шлегельд аваачиж өгөөд, даашинзаа өөрөө очиж авахаар шийдэв.


Грейс бас энэ байшинд амьдардаг билээ. Түүний өрөө нь Мэйдагийн өрөөний яг дээр. Гэтэл Мэйдагийн байшинд бөөн хэрүүл шуугиан, хэл хөсөөн болж байлаа. Байшингийн эзэгтэйн дуу хадаж аах уух, хөөе хаая хэмээн тачигнаж буй нь цөцгийн тосны торхонд тос нүдэж буй аятай булан бүхэнд нүргэлэн дуулдана. Нулимсандаа халтартаж, ямар ч даашинзнаас дутуугүй улаан нүдэлсэн Грейс хэдэн минутын дараа Мэйда дээр орж ирэв.


-Тэр намайг гар гэнээ хэмээн Грейс сүүрс алдаад:
-Хөгшин шулмас. Би дөрвөн долларын өртэй байсан юм. Миний чемоданыг үүдэнд гаргаж тавьчихаад өрөөгөө түгжчихлээ. Явъя гэхээр хаачих вэ, өгье гэхээр сохор зоос ч үгүй гэв.
-Өчигдөр чамд мөнгө байсан биз дээ гэж Мэйда хэлэв.
-Би даашинз авчихсан. Ирэх долоо хоног болтол хөлс мөнгөө хүлээх биз гэж бодсон чинь… гэж Грейс бувтнав.
Тэр эхэр татсанаа, нусаа шорхийлгэн сүүрс алдаад, бас эхэр татлаа.
Нэгэн эгшин өнгөрөв үү яав, Мэйда яаж ч чадалгүй түүнд дөрвөн доллараа сарвайжээ, өөр яалтай билээ.
-Эвий, миний хонгор, хайрт минь! хэмээн борооны дараахь солонго шиг гэрэлтээд ирсэн Грейс өөрийн эрхгүй дуу алдсанаа:
-Одоохон хөгшин шулмаст мөнгийг нь өгчихөөд, даашинзаа өмсөж үзье. Ямар сайхан гэж санана. Орж хараарай. Би чиний мөнгийг долоо хоногт доллар доллараар нь эргүүлж өгнө, заавал! гэлээ.


Талархлын баярын өдөр.
Зоог жин үдэд эхэлнэ. Арван хоёрт хорин тав дутуу байхад Грейс Мэйда дээр дуу нь тэнгэрт хадчихсан гүйж ирэв. Тийм ээ, тэр дур булаам, зүрх зогсом сайхан харагдаж байлаа. Тэр хүрэн улаан өнгөний төлөө л төрж гэмээр байлаа. Харин Мэйда хуучин даавуун банзал, хөх цамцтайгаа цонхныхоо дэргэд суучихсан, нэг юм цойлдож суусансан. Үгүй…, үгүй үгүй, тэр уран үйл мэтгэж суусан юм.


-Бурхан минь! Чи одоо болтол хувцаслаагүй байгаа юм уу? хэмээн улаан даашинз дуу алдав. -Нуруугаар таталдаагүй байгаа? Энэ хамба хилэн оруулга нь ёстой гоё байгаа биз, тийм ээ? Чи яагаад хувцаслаагүй юм бэ, Мэйда?
-Миний даашинз бэлэн болоогүй гэнээ, би явахгүй гэж Мэйда хоолойгоо чичрүүлэв.
-Харамсмаар юм! Ямар харамсмаар юм бэ, за юу ч юм бэ өмсчих л дөө, явъя. Манай дэлгүүрийнхэн л байна шүү дээ, чи мэднэ, хэн л харав гэж.
-Час улаан даашинзтай болно гэж хичнээн их итгэлээ, байхгүйгээс хойш очоод ч яах юм билээ. -Над бүү зов доо. Гүйхгүй бол чи хожигдох нь.
– Улаан өнгө чамд үнэхээр сайхан зохижээ гэж Мэйда хэлэв.


Тэнд найр хөгжиж ахуйд Мэйда цонхны дэргэд өчнөөн удаан, хөштөлөө суужээ. Тахианы хэл нугалах гэж хүүхнүүд яажшуухан баясан дуу алдацгааж, гагц өөрөө ойлгодог явган шог яриандаа баяссан хөгшин Бахман хоолой мэдэн яаж хөхөрч буйг, Талархлын баяраар дэлгүүрт ганц үзэгддэг лагс бүдүүн хатагтай Бахманы доржпалам чулуун гоёл яажшуухан нүд гялбуулан гялалзаж, хөөрч орхисон сайхан сэтгэлт ноён Рэмси хүн болгон хөгжилтэй сайхан байгаасай хэмээн яаж эрвэлзэж дэрвэлзэж буйг тэр сэтгэлдээ төсөөлж байлаа.


Дөрвөн цагт тэр Шлегелийн мухлагт юу ч болоогүй юм шиг царайтай, үүлгэр харцтай сэмхэн явж ороод, даашинзныхаа үлдсэн дөрвөн долларыг төлж чадахгүй нь гэдгээ халган ядан хэлэв.
-Ээ, бурхан минь! гэж Шлегель бачимдан хашгираад:
-Та яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Даашинзаа авагтун, бэлэн шүү дээ. Мөнгөө хэзээ нэгэн цагт төлнө биз. Бүтэн хоёр жил өдөр болгон миний мухлагийн урдуур өнгөрдөг байсан тэр бүсгүй та биз дээ. Даашинз оёдог хүн хүмүүсийг гадарладаг юм шүү дээ. Хэзээ болмоор байна, тэр үедээ мөнгөө төлөөрэй. Одоо авагтун. Оёход хүртэл сайхан байсан, та өмсөөд дэгжин, гоё байвал ямар сайхан бэ! Энэ байна. Бололцоо гарахаараа мөнгөө төлөөрэй, охин минь гэжээ.


Зүрхэнд нь бялхаад ирсэн аугаа баярын сая сая хэлтэрхийг амандаа хүлхэн хүлхэн шулганасан Мэйда даашинзаа шүүрч аваад, гэр рүүгээ ухаангүй харайлгажээ. Мухлагаас гарахад нь шиврээ бороо нүүр рүү нь дусал дуслаар ус цацлан байсан сан. Тэр инээчихээд тоосон ч үгүй.


Хөлсний тэргээр дэлгүүр хэсдэг хатагтай та үүнийг ойлгохгүй. Хувцасны чинь тоо, өлгүүр хоёр эцгийн чинь мөнгөөр аяндаа олшроод байдаг бүсгүй та Мэйда яагаад Талархлын баярын өдрийн хүйтэн борооны дуслыг огт анзаараагүйг хэзээ ч ойлгохгүй, мэдрэхгүй.


Таван цагт тэр час улаан даашинзтайгаа гудамжинд гарч ирлээ. Бороо ширүүсч, салхи омогшин, түүн дээр бөөн бөөн ус пал палхийтэл асгасаар. Хүмүүс шүхрээ доош нь нугдайлган, цувныхаа энгэрийг хамхиж товчлоод, түүний хажуугаар гэр өөдөө, трамвай руу сандран гүйлдэнэ. Бүртийх үүлгүй зуны өдөр цэцэрлэгээр зугаалж яваа юм шиг усан шавхарга дундуур юу ч болоогүй мэт алхаж яваа жаргал гийсэн нүдтэй, дур булаам сайхан бүсгүйг тэдний олонхи нь гайхан харж байсан юм. Түрийвч дүүрэн мөнгөтэй, шүүгээ дүүрэн гоёлтой хатагтай та, үүнийг яаж ойлгох вэ гэж би дахиад нэг давтаж хэлмээр байна. Баяраар час улаан даашинзтай болохсон хэмээн найман сар өлөн зэлмүүн, сайхан мөрөөдлөөрөө хоосон амьдарна гэж чухам юу болохыг та яаж төсөөлөх юм бэ. Тэгэхээр бороо асгарах, аянга нижигнэх, цас, салхи шуургалах, хар хуй дэгдэх мэт танд хамаа юун.


Мэйдад шүхэр ч байсангүй. Юун гутлын давхацтай манатай. Харин Түүнд час улаан даашинз байгаа, түүнтэйгээ гудамжинд гарчээ. Яадаг юм тэнгэр газар нийлж л байг! Өлсөж ангасан зүрх жилд ганц удаа шүүдрийн дусал шиг бяцхан аз жаргалыг тааваараа ханатал хүртэг. Бороо асгарсаар, хурууг нь даган ус урссаар…
Гэтэл хэн нэгэн булангийн цаанаас гарч ирээд, түүний зам дээр хөндөлсөв. Бүсгүй тэргүүнээ өргөтөл… Энэ чинь ноён Рэмси байна шүү дээ. Түүний нүд бишрэл, гайхал, шохоорхлоор гэрэлтээд ирэв.
-Хатагтай Мэйда, та шинэ даашинзтай ямар сайхан харагдаж байнаа. Та зоогт ирээгүйд би үнэхээр харамсаж байна. Миний таньдаг бүсгүйчүүлээс хамгийн ухаалаг, хамгийн сэргэлэн нь та. Тэнгэрийн муухайд зугаалах шиг биед сайн юм хаа байхав. Би тантай хамт явдаг ч юм билүү гэж тэр дуржигнуулав.
Гэтэл Мэйдагийн царай улаа бутраад, өөрийн эрхгүй найтаачихжээ.
Америкийн сонгодог зохиолч О.Генри /1862-1910/




Харуусал /өгүүллэг/





Түүнд амьдрал хэтэрхий хатуу, өршөөлгүй мэт санагдана. Эргэн тойрны бүх л зүйлс өнгөгүй харанхуй харагдаж, голдрилоо даган урагшлах их хотын хөдөлгөөнт амьдрал, юунд ч юм яаран алхах хүмүүсийн аль нь ч түүний сэтгэлийг эс хөдөлгөж гагцхүү үзэн ядалт, хязгааргүй харууслыг төрүүлэх нь юуны учир вэ?
Түшиг ээжийнхээ ганц нар нь билээ. Ухаан орохоосоо л ээждээ өмөг түшиг болж, уйлах дуулах алин бүхэнд гагц ээжээрээ л аргадуулж, ээжийн өврийг булаалдах ахан дүүгүй, өндөрт өргөөд өхөөрдөн үнсэх аавгүй өссөн болоод ээждээ тэр амин голоосоо хайртай.Түүний ээж дарь эхийн хувилгаан гэлтэй сайхан эмэгтэй бүх л амь амьдралаа хүүдээ зориулж, өндгөө дарсан шувуу мэт үрээ бөөцийлөн бөмбөрүүлж өсгөхдөө, жаргал зовлонгийн алинд ч барьц үл алдах сэтгэлийн тэнхээтэй эр хүн болгож хүмүүжүүлэхийг зорьсон билээ.


Ээж хүү 2 үдэш бүр ганцхан үлгэр ярилцана. Тэр үлгэрт хүү эрийн цээнд хүрч, эхнэр аваад өнөр өтгөн сайхан амьдарч, өндөр настай ээжтэйгээ энх тунх, мөнх жаргасан тухай өгүүлдэг юм. Ээжийнхээ үлгэрийг шимтэн сонссон Түшиг хүү:


-Ээжээ би ийм олон хүүхэдтэй болно гээд гар хөлийнхөө 20н хурууг оролцуулан тоолоод ч түүний мөрөөдөж явдаг олон хүүхдийн талд ч хүрдэггүй болохоор ээжийнхээ гар хурууг оролцуулан байж сая нэг сэтгэл амардагсан...


...Түшиг нэр шигээ сайхан залуу. Туйлын цэвэрхэн царай, боловсон зан, ухаалаг яриатай түүнд унан тустлаа дурлаж ил далдуур эргүүлэх охид захаас аван байх авч угаас эмэгтэй хүнийг бурхан лугаа хүндэлдэг сайх залуу охидын гэнэн сэтгэлээр зугаацан тоглохыг огтхон ч хүсэхгүй байсаар намрын нэгэн налгар өдөр ээждээ үнсүүлэн, хонгор бүсгүйчүүдийн итгэл хүлээлтээр үдүүлэн харийн нутаг руу эрдмийн их аянд мордов.


Хүний нутаг хатуу ч угаас сэргэлэн тэрээр төдий л барьц алдсангүй.Амьдрах орчин , ажил үйлс нь урьдаас захиалсан мэт амархан төвхнөж, төрж өссөн Монголоос нь төдий л ялгаагүй санагдах болсон ч хүүгээ хүлээн ганцаар хоцорсон ижийгээ санах нь Түшгийн сэтгэлд хэцүү байлаа. Эгэл жирийн өдрүүд урсан өнгөрч сурахын зэрэгцээ нэгэн диско клубт зохион байгуулагчаар ажилласаар 2 жилийг ардаа үдсэн хаврын нэгэн өдөр сэтгэл гэгэлзүүлж, зүрх догдлуулсан хосгүй учрал тохиосон юм.


Тэр дурлачихжээ. Үзэсгэлэн гоогоо гайхуулан, уян налархай тайчин бүжиглэгч харийн бүсгүйд сэтгэл алдан, залуу насны гал халуун дурлалдаа мансууран жаргаж явахдаа нүдээ олоогүй нүгэлт хайр түүний амьдралд хар зам татуулан айсуйг ухаарах нь атугай зүүдэлж ч явсангүй.


Нандин хайртайгаа учрав гэж сэтгэл хөөрөн явахдаа сэтгэлт харь бүсгүйдээ хар нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй хамаг бүхнээ зориулан, хамтын амьдралаа төвхнүүлэх гэж хичээн зүтгэж явахдаа хайртай ээжийгээ мартах дөхсөн нь хачирхалтай.


Аз жаргалтай өдрүүд төдий л удаан үргэлжилсэнгүй. Түшгийн дурлалт бүсгүй харь сэтгэл гарган хааяа гадуур тэнэхдээ хар тамхи хэрэглээд зогсохгүй болох бүтэхгүй хүмүүстэй нөхөрлөж элдвийн хэрэг өдүүлдэг танхай хүүхэн байжээ. Тэр ч байтугай нэгэн үдэш хар тамхины наймаачин гэх мансуурсан залуус Түшгийн өрөөнд халдан ирж:-Чиний хүүхний хэрэглэж мансуурсан тамхины тооцоо.Одоохон төлөхгүй бол цагаач төлөг чамайг энэ донтой хүүхэнтэй чинь цааш харуулна хэмээн буу зэвсгээр айлган сүрдүүлж, хамаг өнгөтэй бүхнийг нь авч одсон удаатай.Энэхэн үеэс л харийн нутаг хатуу, хүний сэтгэлийн хүйтнийг ухаарсан монгол залуу хойшдын замаа эргэцүүлэн бодож, эр хүний харам нулимсаа тэвчиж үл чадан эх сайхан нутгаа элэг зүрхнээсээ үгүйлэн санасан билээ. Тэгээд л нэгэн өдөр бүхнийг орхин нутагтаа гүйсэн морин адил эжийгээ зорин ирсэн юм...


...Энэ яваа насандаа хал үзэж, халуун чулуу долоосон нь нүүрэндээ илхэн эл буурал эмч түүнийг халгаж өрөвдсөн нүдээр ширтэн сууснаа, эр хүний хатуу зангаар:


-Хүү минь чи залуу насаа хайрлахгүй яав даа! гэхэд аль түрүүнээс яс нь хавталзаж суусан Түшиг ихэд цочирдож, 2 чихэндээ үл итгэн горьдлого дүүрэн харцаар эмч рүү харахад, хөөрхий тэр буурал өөрөө л буруутан мэт газар ширтэн:


-Хүндрэх шатандаа орчихсон байна шүү дээ хэмээн арга нь барагдсан өнгөөр хэлэв. “ Өдий хүртэл бодохоос ч айж ичин, хар дарсан зүүдэндээ ч харж яваагүй тэр аюулт тахлын нянг тээгч болчихлоо гэж үү?. Moнголын ... дэх тохиолдол.28 настай, өндөр боловсролтой, бизнесмэн залуу. Бурхан минь та намайг яагаад ингэж хүндээр шийтгэж байгаа юм бэ?”. Зүрх нь ийн цусаар уйлж байлаа.


Навчис хөглөрөн намрын сүүлчийн бороо цонхны гадаа асгарна. Эзнээ үгүйлэх тэмдэглэлийн дэвтэр , элэгдэж хуучраагүй бичгийн ширээ , эмх цэгцтэй саруулхан өрөө нэг л уйтай.


"Өглөө бүр үнсэн сэрээж,өгөөмөр хайраар тэтгэн,залуу насны жаргалаа огоорч зөвхөн үрээ л гэж явсан ачлалт ээжийгээ сэтгэлийн зовлонд учруулж, ганц олдох амьдралыг нь там болгохоор төрсөн буг чөтгөр гэж үү би. Монгол сайхан бүсгүйн заяаг гомдоож сохор мэт өнгөрсөн буруу санаат миний нүгэл нүдээрээ гарч бурхнаас ийм шийтгэл оноогоо биз ээ. Суут Чингисийн удмын дайчин цөст Монгол хүмүн атлаа мөнх хөх тэнгэртээ тэрслэн харийн орныг диваажинд тооцон, холимог цустныг бурханд бодож яваа хэн боловч тэнэгэр талаа, тоонот гэрээ, туурт хүлгээ зорин заавал ирээрэй. Энд чамайг ээжий аав тань, элэг бүтэн гэр бүл, элгэн садан Монголчууд чинь хүлээж суугаа шүү!”.


Тэмдэглэлийн дэвтэрт эр хүний хатуу нулимсаа тэвчин байж бичсэн гаргацтай мөрүүд зурайна. Үг, үсэг бүрээс түүнийг эрэхдээ үүлэн чөлөөний наран адил үзэгдээд өнгөрсөн амьдралынх нь уярал ухаарал, харамсал харууслыг олж мэдэрсэн хэдий ч мартамгүй сайхан инээмсэглэл, хүүхэд шиг цайлган томоогүй тэр нэгэн сайхан хүнтэй эргэн учрахгүй гэхээс сул асгарах нулимсан дуслууд энгэр нэвтлэн норгож, энэрэлгүй хатуу хорвоогийн өчүүхэн тоглоом мэт хүмүн заяагаа үгүйсгэн үзэн ядмаар...


Гэвч амьдрал үргэлжилсээр л...




Охины минь дурлах залууд илгээх захидал /өгүүллэг/



Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн.

Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.


Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.


Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.


Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?


Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна. Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.


Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.


Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.


Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.
Эх сурвалж: Х.Болор-Эрдэнэ



Мөрөөдлийн эгч /өгүүллэг/



Зүүд зөнгийнхөө хязгаараас ч тэр нүдийг хайж үзсэн. Зүрхнийхээ гүн лүү улам шигдэн дотогшлох гунигаасаа ч хайсан. Гэтэл эхэр татан шүүрс алдахаас өөрийг мэдэрсэнгүй.


Би тэр үед дөнгөж долоохон настай байжээ. Цасан шуурганд салхи сөрөн алхахад томдсон хуучин хүрэмний минь хормой хөөрөгдөн жихүүн жаварт нуруу, гэдэс хайрагдана. Салхинд алдчихгүйн тулд талхны мөнгөө чанга базсан гар минь бадайран бээрч, сарьс шиг хоёр дэлдэн чих минь тасран алдаж час часхийнэ. Ядаж дэлгүүр хол, гурван гудамжны цаана. Дэлгүүрийн хаалганд савуулах шахам арай гэж ороод бадайрсан алгаа алгуурхан дэлгэж, мөнгөө өглөө.


Талхаа энгэртээ тэврэн дэлгүүрээс гарахад өөдөөс мөс мэт салхи шавхуурдан хайр найргүй хацрыг минь алгадахад, амьсгал минь бөглөрч, толгойгоо дальжгасхийлгэхэд өнөө муу хүрэмний нь энгэр хоёр тийш ярагдан, далавч шиг хийслээ. Би талхаа газар алдаж, хунгарласан цасанд элээ шиг л нэвсгэсхийн уналаа. Цасан хунгарт хамраараа хатган унах тэр агшинд хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх залуухан эгч намайг татаж босголоо. “Миний дүү бос, Хөлдлөө ш дээ” хэмээн цасыг минь гөвж өгөхөд тэр эгчийн хөгжүүн баясгалантай царай, тунгалаг хар нүднээс урьд өмнө миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их гэрэлт хайр асгарч, энэ хүйтэнд хаанаас нь гардаг халуун бэ гэмээр хачин дулаахан гараараа тасрах шахсан чихийг минь дарж, хоёр гарыг минь атгаж бүлээцүүлэхэд бүхий л бие минь халуу оргих шиг болсон сон. Би бүр юу ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л эрүү амаа зодолдуулан дагжтал чичрэн зогсоход өнөө эгч товч нь тасраад уначихсан хүрэмний энгэрийг лав гэгч нь зөрүүлээд, захы минь босгож, газар алдсан талхыг минь тэврүүлэн “За дүү минь дэгдээд харьчих” гэж өхөөрдсөн өнгөөр инээмсэглэн хэлж билээ.


Би талхаа тас тэврэн гэрээдээ гүйснээ өөрийн эрхгүй эргэн өнөө эгчийн араас мэлмэртэл ширтэн хоцорсон сон. Тэр эгч цасан шуурганаас гэнэтхэн гарч ирсэн шигээ тэнгэрээс тасралтгүй лавсан унаж өтгөрөн ээрсэн их цасан дунд цоглог алхсаар шингэн алга болсон сон. Түүнээс хойш нөгөө эгчийг гараад ирэх болов уу гэж бүтэн өвөлжин цөхөртлөө хүлээсэн ч бараа сураггүй. Хавар цас хайлж, газар тарлантахад “цасан дундаас ирсэн, цасан дунд шингэсэн мөрөөдлийн эгч минь…” гэж шийдсэнээсээ хойш түүнийг харуулдахаас больсон.


Гэвч үйлийн хорвоод эргэлдэх хэрмэл амьдралын минь утга учир, битүүлэг мөрөөдөл чухам тэр дулаахан гарыг олоход л юм шиг, орчин тойрондоо тааралдсан бүсгүй хүн болгоноос итгэл хайрласан шидэт харцыг эрсээр л явлаа.


Намайг талханд явуулсан авга эгчийнхээ нүднээс олох гэж харлаа. Тэрний нүднээс хайр урсах нь бүү хэл, яг тэр цасан шуургатай өдрийн тэнгэр шиг хүйтэн жавар сэнгэнүүлэн шилбүүрдэх нь тэр. Тийм болохоор харахаас жихүүдэс хүрэн жийрхдэг болсон.


Миний ээжид… гэж бодоод ээжийнхээ нүд рүү горьдон ширттэл ямар ч доромжлол залхаалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хүлцэнгүй бор нүд айдсаар мэлтийж байлаа. Түүнээс хойш би ээжийнхээ нүднээс дальдардаг болсон.


Намайг “Эмээ, эмээ” хэмээн гүйж очиход өөдөөс тосон чадлаараа л хурдлан майжганасаар ирдэг, энэ орчлонд намайг хүн болж төрсөнд минь баярладаг, магадгүй бас харамсдаг эмээгийнхээ өөдөөс нухацтай хартал “надаас хойш яана даа” гэх итгэл алдарч хярлайсан, аврал эрэх мэт цөхрөнгүй харцтай тулгараад, бас л, дахин харахаас гэрэвшдэг боллоо.


Би “мөрөөдлийн эгчтэй” учирсан тэр өдрөөс хойш анхны цас хаялах болгонд ер бусын цовоо цолгиноор сэтгэл хөглөгдөн, тэртээ дээрээс нисэн ирэх ивээл хайрыг хүлээн цагаан тэнгэр өөд илбэдүүлсэн мэт гөлөрдөг билээ. Гэвч тэр эгч харь ертөнцийн гэгээнээс тасарч цастай хамт ирээд тэр цастайгаа буцчихсан юм шиг…ор мөргүй.


Харин амьдралын нугачаан дунд бүдэрч унаад айдас түгшүүр, гаслант нулимсанд живэхэд өнөө эгч зурсхийтэл гэрэлтээд “Миний дүү бос” хэмээн аядуу намуухан ч “Чи чадна” гэсэн итгэлтэй сэргэлэн өнгөөр хэлж, зүрх сэтгэлийн минь шархыг илааршуулж орхиод л алга болчихно. Тэр хүйтэн цаснаас “мөрөөдлийн эгч минь” намайг татаж гаргаагүй бол миний сэтгэл тэр чигтээ царцах байсан биз ээ.


Бээрч улайсан гарыг минь атгасан халуун илч л өнөө болтол миний судсаар гүйж, гудмалсан харанхуй хавцал мэт амьдралыг тэр эрчим хүчээр туулж яваа ч юм шиг…


Хожим түймэр шиг дүрэлзэх дурлалдаа шатсан амраг бүсгүйнхээ нүднээс тэр харцыг олох гэж шуналтайгаар цоо ширттэл, тэрний минь нүд харин, надаас хязгааргүй их хайрыг цөхрөлтгүй нэхэн мэлмэрч байлаа.

No comments:

Post a Comment