Зүрхэн дотор…

I
Зүрхэн дотор минь чи
Зуун хоног тэнүүчлэхдээ
Яагаад нэг ч удаа
Эргэн тойрноо ажаагүй юм бэ?
Ажсан бол
Тэндэхийн тэнгэр эндэхээс
Тэс өөр ягаан өнгөтэй гэдгийг
Чамайг хааяа хамаагүй дэвхцэх бүрт
Час улаан цасаар шуурч эхэлдэг гэдгийг
Мод бүр нь ганцхан навчтай гэдгийг
Тэр навчин дээр нь ИТГЭЛ гэж сийлээстэй байдгийг
Чи анзаарах л байсан
Анзаараад моддынх нь дэргэдүүр
Салхи татуулж гүйхгүй л байсан
Хэнэггүй зангаас чинь болж
Бүх модод минь нүцгэрсэн

II
Зүрхэн дотор чинь би
Өвдгөөрөө бохирч суугаад
Өөрийнхөө асаасан түүдгийг
Манаж байна
Унтарчих гээд айлгах бүрт нь
Өрдсөөр бөхөлзсөөр байгаад
Ядарсандаа явахаар зэхэж байна
Гарыг минь төөнөхөө больчихсон
Амьгүй болчихсон
Түүдгээ нэг мөсөн унтраагаад явах уу
Түймэр тавьчихаад явах уу гэдгээ л шийдэж чадахгүй байна
Утаа нь шингэсэн хальс шиг тэрлэгээ л
Үхтлээ хадгална гэдгээ мэдэж байна
Т.Аззаяа