Дэлхийн одод

19 настай дэлхийн од Карли Клосс
эр одоо дэлхийд рейтингээрээ 3-т жагсдаг супермодел. Түүнийг Vogue-ын бараг дугаар болгоноос, алдартай шоу бүрээс олж харч болно. Гэтэл тэр дөнгөж 19 настай. Нэр алдар нь өдрөөс өдөрт загварын ертөнцөөр тархаж байгаа загвар өмсөгч, баллетчин Карли Клоссын ярилцлагыг хүргэж байна.
Карли Клоссын түүхийг ярихын тулд хоёр өөр хот, хоёр өөр ертөнцийн талаар ярихаас өөр аргагүй. Вебстер Грүүвсийн заха байрлах Сэйнт Луисыгн ахлах сургуульд явангаа, тэр хувцас загварын бүх нэртэй хотуудын анхаарлын төвд байх хэрэгтэй болдог. (Тэр Нью Йоркыг өөрийн хоёр дахь гэр гэж нэрлэсэн) Карлигийн хоёр амьдрал өөрт нь огтхон ч тээр болоогүй мэт байдаг нь гайхмаар.

“Би бүгдийнх дуртай амттанг мэднэ. Анна ирисэнд дуртай. Грейс шоколадны үйрмэгтэйд дуртай. Бас самрын тос, шоколадтайд нь хэн дуртай гээч...”

Долдугаар сарын сүүлийн жирийн нэг баасан гаригийн өглөө, би Клэйтоны кофишоп дотор Карли Клоссын өөдөөс хараад сууж байна. Тэр намайг өглөөний цайгаар дайлаад зогсохгүй, өөрийнхөө хоёр амьдралын талаар ярихаар ирсэн байлаа. Бидний яриа кофишопын цэсэн дээрх зүйлсээс эхэллээ. Бялуу жигнэх төрөлхийн хоббитой тэрээр өөрийнхөө ажлын багийнхны хэн нь, юунд дуртайг надад “тайлагнасан” нь тэр. Гэнэтхэн би охидын “халуухан яриа”-ндаа хадуурчихаад байгаагаа анзаарч, “жинхэнэ сэтгүүлч”-ийнхээ дүр лүү орлоо. Анна гэдэг нь Vogue-ын ерөнхий эрхлэгч, загварын ертөнцийн хамгийн хүчирхэг эмэгтэй Анна Винтурыг хэлж байгаа хэрэг. Харин Грейс гэдэг бол Vogue-ын домогт креатив -захирал, энэ салбартаа л “хал үзэж халуун чулуу долоосон” хашир зүтгэгч Грейс Коддингтоныг (Тэр Vogue-ын загварын директор Тонне гүүдмэн, Каролина Трентини, Коко Роша нартай хамт ажиллаж байсан) хэлж байгаа юм. Тэр яг л гэр бүлийнхнийхээ тухай ярьж байгаа юм шиг, тэдний тухай хүүрнэж байв. “Би зөвхөн миний хувьд маш үнэ цэнэтэй хүмүүст л жигнэмэг хийж өгдөг. Нэг их сүртэй юм биш ч, энэ нь миний чин сэтгэл, талархлаа илэрхийлэх хэлбэр болдог” гэж тэрээр өөрийн нууц жортой гарын жигнэмэгийнхээ талаар ярилаа.

Дараа нь бид хоёр цагийн турш түүний бүхнийг амжуулдаг амьдралын талаар хөөрөлдлөө. Түүний сүүлийн үед хийсэн ажлуудын талаар дурдвал Bally, Oscar De La Renta-гийн намрын сурталчилгаанд тоглож, Австралийн Harper’s Bazaar, Японы Vogue сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн. Яриан дундаа өөрийгөө “азтай” гэж байнга хэлж байсан Карли өөрийг нь өдөр бүр дэмжиж байдаг эгч нар, ээж аав, сургуулийнхан, бас анхны агентууд болох Жэфф, Мэри Клерк нарынхаа талаар онцлохоо мартсангүй.

Ирэх 9 сард Нью Йоркд эхэлж, Парист дуусах, ар араасаа цуварсан загварын долоо хоногууд дээр тэр нийтдээ бараг 60 шоунд оролцоно. Тиймээс ч хүнд өдрүүдийнхээ өмнө сайтар амарч аваад байгаа нь энэ аж. Гэсэн ч тэр хэдэн цагийн дотор Хэмптонс руу бизнесийн уулзалтанд орохоор нисэх ёстой аж. Тэгээд арай гэж Нью Йорк дахь байрандаа очоод гурван эгчийнхээ нэг болох Кристентэй цуг зуны амралтынхаа сүүлийн долоо хоногийг өнгөрүүлнэ гэв. Карлигийн “Teen Vogue”-ын улирлын хугацаатай гэрээ эхэлснээс хойш, Кристен түүнтэй хамт Нью Йоркод байгаа ажээ. Цагийнхаа хуваарьт нэмэлт төлөвлөгөө оруулах ч завгүй байдаг тэр удахгүй 19 нас хүрэх гэж байгаа юм.

“Загварын ертөнцийн цаг тоолол нохойны амьдралын тоололтой төстэй. Нэг улирал нь л гэхэд хэдэн жил шиг санагддаг.Энэ ертөнц дотор хэдхэн улирал амьдрахад л насан туршдаа хамт байсан юм шиг харилцаа холбоог тогтоож болдог. Би энэ салбарт ороод 4 жил болж байна. Одоо би 19-тэй. Тэгсэн хирнээ надад яг л хөгширтлөө амьдраад үзчихсэн юм шиг, хэтэрхий олон үйл явдлыг өнгөрүүлсэн санагддаг. Нээрээ шүү.”

“The Rise Of a Supermodel” шоуны шинэхэн оролцогч, 15 настай Карли Клосстой би уулзаж ярилцлага авч байлаа. Тэр тэгэхэд анх удаа сэтгүүлийн нүүрэн дээр гарах гэж байгаадаа (TeenVogue-ын 2008 оны 2 дугаар сарын дугаар) хичнээн догдолж байгаа тухайгаа ярьж байсан. Гэтэл одоо түүнээс хойш 3 жил өнгөрчээ. “Тэр үед чи надтай уулзахдаа ‘дараагийн гурван жилд чинь чамд ийм, ийм юм тохиолдоно’, тэгээд хоёулаа энэ өдөр ингэж уулзана гэж хэлсэн бол би шоконд ороод, огт итгэхгүй байх байсан биз” гэж хэлээд тэр гараа сэгсчин, ямар нэг гайхамшгийг төсөөлж байгаа юм шиг хувирал гаргалаа.

Тэр өөрийгөө жирийн нэг Сэйнт Луисийн охин гэж нэрлэх дуртай. Гэхдээ Америкийн Vogue-д зургаа авахуулж, Анна Винтур, Карл Лагерфийлдтэй хамтарч ажилладаг амьдралыг жирийн гэж нэрлэх нь зөв гэж үү? Тэр одоо ч өөрийнхөө цагийн хуваарийн “сюрреал” шинжийг ойлгож амжаагүй яваа гэнэ. “Заримдаа би өөрийнхөө амьдралыг ойлгодоггүй юм. Хэдхэн долоо хоногийн өмнө сургуулийнхаа үдэшлэгт орчихоод, өнөөдөр нь Met Ball-д (загварын Оскар гэж нэрлэгддэг наадам. Тэр үүнд хоёр удаа орохдоо хоёуланд нь Диорын даашинз өмссөн) оролцохоор явах бол юу ч биш. ” Ингэж хэлээд тэр инээв.

Түүний гэр ажил хоёрын зааг өдрөөс өдөрт бүдгэрсээр байгаа юм. Сэйнт Луист байхдаа тэр багын найзуудтайгаа цуг зургийн галерей үзэх юм уу, мөхөөлдөсний газар ордог. Ньй Йоркод байхдаа тэр Жэйсон Ву нарын дизайнеруудтай хооллож, сайн найз, модел Жордан Дэннтэй (түүний хүүгийн загалмайлсан эх нь Карли юм) боулинг тоглож, загварын сэтгүүлч Дерек Бласбергийн барбекью дээр очиж, Кристэн Дансттай хамт юм ярьж цагийг өнгөрүүлдэг.


“Тэр үнэхээр хоёр амьдралд дасан зохицсон охин. Тэр онгоцонд суухаар явахдаа цүнхээрээ дүүрэн хичээлийнхээ сурах бичгүүдийг чихээд, чирж явдаг. Уг нь сургууль нь түүнийг хагас хичээлээс нь чөлөөлсөн ч, тэр бүгдийг нь хийх гэж оролддог. Ийм юмыг онцгой охид л амжуулж чадна.” Түүний агент Мэри Клерк ийн өгүүлж байв.

Мэри Клерк Карлиг анх шинэ моделын эрэлд байхдаа, хандивын загварын шоун дээрээс олж харжээ. “Жефф бид хоёр үзэгчийн суудалд сууж байлаа. Тэр үед тэр 13 настай, 173 см өндөртэй, жийнсэн юбкатай, майктай байсан. Түүнийг хараад л бид ‘Энэ чинь ямар гээчийн догь алхаа вэ?’ гэж дуу алдсан. Тэгээд энэ алхааг нь өөрчлөхгүй юм шүү гэж бие биедээ хэлсэн.”

“Би одоо ч ойлгодоггүй. Тэр үед би бусдаас юугаараа өөр алхсанаа би мэддэггүй юм.” гэж Карли мөрөө хавчин хэллээ. Тэрнээс хойш 2 жилийн дараа 2010 оны Александер Вангийн загварын шоу шуугиан тарьсан билээ. Шоун дээрх хувцаснуудаас илүүтэй, тайзан дээрх Карли Клоссын ширүүн, шийдэмгий алхааны талаар загварын сэтгүүлийн эрхлэгчид, дизайнерууд ярилцаж байлаа. “Хүмүүс намайг өндөр болохоор л амархан цээжилсэн байх гэж би боддог” гэж хэлээд тэр үүнийгээ батлах гэсэн мэт босч зогслоо. Гэхдээ тэр өндөрөөсөө гадна, поз авах онцгой чадвар, мөн ямар ч хичээл зүтгэл гаргаагүй юм шиг хирнээ дэгжин харагддаг хувцаслалтаараа ялгарсан юм. Өнөөдөр л гэхэд тэр Forever21-ын дэрвэгэр даашинз өмсөж, үсээ боож, нэг эгчийнхээ гутлыг өмсөж, нөгөө эгчийнхээ бугуйвчийг зүүсэн байна. Аяллын цүнхээ орхисон түүний энэ цуглуулга шиг төрх ч загварын блогуудыг дүүргэдэг нь гайхмаар.

“Намайг таньдаг, миний нэрийг мэддэг хүмүүстэй тааралдах болгондоо би баярладаг. Энэ бол маш их хүндлэл хүлээж буй явдал” гэж түүний хэлэхийг сонсоод би жаахан гайхлаа. Учир нь түүнийг хэдэн сая фэнүүдээсээ аль хэдий залхаж эхлээ байх гэж бодож байсан юм.

“Би алдарт хүрч яваа охин бүрийг түүнээс үлгэр авч, бүх талаараа түүн шиг байгаасай гэж хүсдэг. Тэр хичээнгүй, ухаантай, шударга, бүх зүйлд талархалтай ханддаг. Загварын салбарт хамраа сөхөж эхлэх маш амархан байдаг. Түүн шиг энэ хүртэл явчихаад, дотоод сэтгэлдээ 13 настай Карли хэвээрээ байна гэдэг ховор тохиолдол” гэж Клеркийн хэлснийг би санав.

“Надад хийхийг хүссэн дахиад өчнөөн юм байна. Энэ бол зөвхөн эхлэл” гэж хэлэхэд нь Карлигийн нүднээс оч цацарч байлаа.







Дэлбээгээ нээсэн Миранда Керр

энэ удаад VS-ийн сахиусан тэнгэр, шинэхэн ээж, Орландогийн эхнэр, Миранда Керр буюу хатагтай Блүүмийн “Sunday” сэтгүүлд өнгөрсөн 7 дугаар сард өгсөн ярилцлагыг хүргэж байна. Дашрамд: Түүний шинэ овог, “Bloom” гэдэг үг дэлбээгээ нээх гэсэн утгатай болохыг та өмнө нь анзаарч байсан уу?

Цагаан халаад өмсөж, үсээ дээш боосон Миранда Керр өндөр шилэн хаалганы цаанаас цэцэрлэгт хүрээлэн рүү ширтэн зогсоно. Яг ингээд зогсож байгаагаараа л тэр Даниелле Стийлийн номны хавтасыг чимж болохоор байв. Тэгсэн ч тэр тэвчээртэй нь аргагүй make-up artist, үсчин хоёроо ирж өөрийг нь өнөөдрийн зураг авалтанд бэлэн болгохыг хүлээж байв. Австралийн супермодел түүний эд эс бүр эргэн тойрныхоо үймээн шуугиан, бужигнааныг үл хайхран, ихэмсэг оршиж буй нь мэдрэгдэж байлаа. Гэвч магадгүй тэр цэцэрлэгт хүрээлэнг харсандаа ч, эсвэл өмнө нь хэдэн зуун удаа зураг авахуулж байсандаа ч биш, гартаа 6 сартай нялх үр Флиннээ тэвэрч байгаа болохоор л ийм амар амгалан байгаа байх.

“Өнөөдөр ямар ч байсан зүрх зогсчихгүй байх аа. Би юунд ч сандрахгүй байна” гэж тэр хүүгээ хөхүүлж байхдаа тайвнаар хэллээ. Түүнийг Орландо Блүүмтэй гэрлэснийхээ дараахан жирэмсэн болсноо зарласнаас хойш Sunday сэтгүүл түүнтэй ярилцалгүй бараг бүтэн жилийг үджээ. Түүний амьдралын шинэ утга учир болох хүү нь өнгөрсөн нэгдүгээр сард энэ хорвоод ирсэн. Тэр гэр бүл, карьерийнхаа төлөө төрснөөсөө 8-хан долоо хоногийн дараа л эргэж ажилдаа орсон юм. Гүннэдайаас гаралтай, 28 настай моделийг тийм шахуу хуваарийнхаа хажуугаар яаж ийм амирлангуй байж чаддагийг нь асуумаар. Бас түүнд нь атаархмаар. Хэдэн зураг авахуулсныхаа дараа тэр завсарлага авж, Флиннийг хөхүүллээ. Далимаар нь өөрийгөө ч загас, спинач, шарсан төмсөөр хооллоод авав. “Надад уураг хэрэгтэй” гэж тэр хэлж байлаа.

Керр төрснөөсөө хойш анх удаа хүүгээсээ хол явж үзэх гэж байгаа юм байна. Тэр Нью Йорк явж, гэрээт зурагчин Стийвэн Мийзелийнхээ зураг авалтанд орох ёстой аж. Тэр хараахан яваагүй байгаа хирнээ л, бушуухан шиг тэндээс эргэж ирж, хүүгээ тэврэхийн хүслэнд автаж сууна. “Флинн шөнө бүр бид хоёртой цуг унтдаг юм. Тийм болохоор хүүгээсээ холдмооргүй байна”

Одоо шоу ертөнцдөө эргээд ирсэн юм чинь, асрагч хөлсөлж аваад, өөрөө жаахан ч гэсэн унтаж авахыг хүсэхгүй байна гэж үү? Тэр асрагчийн талаар бодохоос ч айдаг гэнэ. “Надад хаанаас ч юм шинэ эрч хүч, тэсвэр хатуужил бий болох шиг болсон. Тиймээс яаж ийж байгаад бүгдийг нь амжуулна. Би өмнө нь их унтамхай байсан. Харин ээж болоод би өөрчлөгдөж, маш бага унтдаг болсон. Гэхдээ хүүгээ над руу инээмсэглэхийг нь харангуут л миний зүрх сэтгэл хайлчихдаг юм.”

Тэр одоо ч Aussie сүлжээ дэлгүүрийн нүүр царай хэвээр. Энэ ажил нь түүнд хүүтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломж олгодог болохоор тэр. “Би Флиннийг дагуулаад ажил дээрээ очиж болдог учраас надад энэ маш их таалагддаг” гэж хэлэхэд хүү нь санал нийлсэн мэт толгойгоо дохив. “Би хүүгээ хооллочихоод, унтаж байх хооронд нь зураг авалтандаа орчихдог. Хүн болгонд ингэх боломж байхгүй болохоор би тэдэнд их талархаж байгаа”

Мирандагийн хүү Флинн энэ орчлонд тийм ч амар ирсэнгүй. Керр 27 цагийн турш өвдсөний эцэст 4,5 кг үрээ харж баярын нулимас унагажээ. Тийм олон цаг тамир тэнхээгээ барчихаад, тэрээр өөрийгөө төрснөөсөө хойш илүү хүчтэй болсон гэж хэлж байлаа.

“Би өмнө нь хэзээ ч тийм их өвдөлтийг мэдэрч байгаагүй. Гэхдээ би 27 цагийн турш өөртөө хяналт тавьж, амьсгалаа чагнаж, бясалгаж байсан. Яаж эмэгтэй хүн болгон ингэдэг байна аа? гэдэг бодол толгойноос минь салаагүй. Гэхдээ бусад бүсгүйчүүд ч гэсэн даваад л гардаг юм чинь, би ч бас давах болно гэж өөртөө хэлж урамшиж байсан.”


Өөр хэмнэл: Риана
Улаан үстэй "улалзсан гал" шиг цоглог бүсгүй, Рианагийн Vogue сэтгүүлийн өнгөрсөн 4-р сарын дугаарт өгсөн ярилцагыг хүргэж байна.
Нэгдүгээр сарын Лхагва гаригийн нэг үдэш, Миами, Клипперс хоёрын тоглолтыг үзэхээр Staples Center-ийг дүүргэсэн, хөл толгой нь үл мэдэгдэм олны дундуур дуучин Риана зүсэн орж ирлээ. Тэр мөч надад яг л Абиссин үүлдрийн, гоолиг, чамин муужгай цөөвөр чононы үүрэн дундуур зугаалж явааг харсан шиг сэтгэгдэл төрсөн. Танхимд намбатай нь аргагүй сууж байсан жентелменүүд түүнийг хармагцаа хормын дотор, өнөөх нүд нь бүлтэрч гарч ирдэг хүүхэлдэйн киноны баатар шиг царайтай болж хувирцгаав. Рианагийн ихэмсэг дүр төрхийг бариу хөх жийнс, Louboutin-ы нүцгэн шаргал өнгийн өндөр өсгийт, гялалзсан хүрэн нүдийг нь хаасан хар нүдний шилний дээр долгиолох “Улаан малгайт”-ынх шиг үс нь улам чимсэн харагдлаа.

Биднийг шүүгчийн талын суудалд суухаар доошлох үест, мянга мянган хүн Америкийн поп одтой цуг тоглолт үзэх гэж байгаадаа хөөрөн баярлаж байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Түүний улаан үс нь зүгээр ч нэг гадаад төрхийнх нь хэсэг биш, жавхаалаг зан араншинг нь илтгэж, түүний өмнөөс “хашгирч” буй мэт санагдаж байсан. Зураглаач эрийг олохоос ч өмнө, заалны том дэлгэцийг түүний царай хэдийнэ дүүргэж орхив. Хаа сайгүй Рианарианариана гэж шуугилдсан хүмүүс. Тэр өөрийнхөө царайг дэлгэцэн дээрээс олж хармагцаа нүдний шилээ авч, ялдамхан инээмсэглэлээ тодруулаад, чангаар орилцгоож байсан шүтэн бишрэгчдийнхээ өөдөөс даллав.
Тэр үед бүх хүмүүсийн нүд Риана дээр унаж байсан байх. Харин тоглолтын дундуур олон түмэн байтугай, Рианад ч өөрөө өөрийгөө анзаарах сөхөө байсангүй. Тэмцээнд улайрсан байсан тэрээр ЛеБрон Жеймс, Дуэйн Вейд хоёрыг хамаг чангаараа дэмжиж байлаа. Бидний хажуугаар үслэг эдлэл өмссөн эмэгтэй зөрж өнгөрөхөд, тэр тохойг минь зөөлөн нудраад авав. Нэг хөмсгөө өргөөд “Саяны эмэгтэйг харав уу?” гэж хэлэхэд нь түүний Барбадос аялага нэг л аятайхан сонсогдсоныг хэлэх юун. “Гадаа 70 градусын халуун байхад, сагсан бөмбөгийн тэмцээнд үслэг шуб өмсөж ирэх хэрэг байсан л юм байх даа?”

Завсарлага болоход тэр миний анхаарлыг шүүгчдийн бие хамгаалагч руу чиглүүллээ. “Энэ залуугийн сэтгэл их л зовнисон харагдаад байх юм. Хоёулаа түүнийг инээлгэх үү?” гэж тэр хэлээд бие хамгаалагч руу их удаанаар ширтэв. Нөгөө эр ч түүнтэй харц тулгарахдаа хир их цочирдаж, гайхаж байгаа нь мэдэгдэж байв. “Тэр үнэхээр над руу харлаа гэж үү?” гэсэн царай гаргаад л. Тэгж байснаа аажуухнаар инээмсэглээд, удалгүй чанга чанга хөхөрч, хөгжилтэй болж эхлэв. Даалгавар амжилттай гүйцэтгэгдлээ!

Риана үзэгчдийн суудалд дараалан сууж байсан 3 адилхан үс засалттай бүсгүй рүү заагаад, “Тэр захынх нь ээж нь юм байна. Хажуудах нь түүний охин. Харин нөгөө захынх нь охиных нь найз бололтой” гэж хэллээ. Тэгснээ дахиж нэг хараад “Эхлээд охин нь үсээ тайруулсан байх. Тэгээд нөгөө хоёр нь дуурайж л дээ. Яг л 3 барби шиг.” гэсэн дүгнэлт гаргав.

“Би хүмүүсийг унших дуртай юм аа” гэж тэр дараа нь надад тайлбарлалаа. “Энд тэндхийн хүмүүсийг ажиглаж, өмссөн хувцас, түрхсэн үнэртэн зэргээр нь тэдний тухай “гаргалгаа” хийж, юу хийдэг, ямар ааштай гэдгийг нь тодорхойлох надад маш сонирхолтой байдаг”

Тэр яг л ийм, тоглоомтой, цовоо цойлгон араншинтай хүн аж. Энэ нь ч түүнд дараа жил нээлтээ хийх Battleship нэртэй action киноны дүрийг авчирсан билээ. Энэ киноны найруулагч Питер Берг, танхайдуу, хөгжилтэй, эв хавгүй, жавхаалаг усан цэргийн офицерийн дүрд тоглох эмэгтэй жүжигчин хайж байсан гэнэ. Гэтэл яагаад ч юм түүний толгойд гэнэт Риана ороод иржээ. Түүний клипнүүдийн тухай бодмогц, хайсан дүрд нь яв цав тохирох эмэгтэй юм шиг санагдаж л дээ. Берг ярихдаа: “Гэхдээ түүнтэй биечлэн уулзахад надад клипнүүд дээрх шиг нь тачаангуй супердивагийн дүр төрх огт харагдаагүй. Би түүнийг секси биш гэж хэлэх гэсэнгүй. Харин тэр өөрийн гаргах ёстой дүрдээ маш сайн хувирч чаддаг юм билээ” хэмээсэн юм.

16 насандаа л од болсон Рианад бие галбиртаа анхаарах онцгой шаардлага тулгарсан талаар хэлэх нь илүүц биз. Тэр цаг мөчөөс л тэр хүссэн бүхнээ, өөрөөр хэлвэл түргэн хоол, гоймонтой хоолыг дураараа идэж болдог гэнэн охиноос “хагацсан” юм. Аз болж, тэр хэд хэдэнд хар бүстэй, дасгалжуулагч Эри Нунезтай учирснаар, Realryder дугуйн дээр хичээллэж, хөл гар, биеийнхээ булчингаа чангалсан гэдэг. Түүний дасгалжуулагч Рианагийн галбирыг “Николь Кидман+Жей Ло” гэж тодорхойлдог. Нунезийн гол арга барил нь Рианагийн биеийг шинэ содон аргаар хөгжүүлэх явдал аж. Учир нь Риана уламжлалт аргаар дасгал хийх үнэн голоосоо дургүй нэгэн. “Би ер нь л хэт нэг чигийг баримталсан, дүрэм журамд баригдсан, түгээмэл зүйлд дургүй. Маш, бүр маш хурдан уйдчихдаг зантай л даа” гэж тэрээр нэг удаа хэлж байсан.

Зарим бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон бие галбирыг өөртөө агуулдаг мөртлөө тэр саяхныг хүртэл үүндээ тийм ч сэтгэл хангалуун байгаагүй аж. “Кино зураг авалтанд орж байхдаа л би энэ номон дээрх шиг төгс биш биендээ ямар их хайртайгаа ойлгосон. Би зүгээр л маш тачаангуй гэдгээ мэдэрсэн. Анх удаагаа л хөх өгзгөө харин ч нэг тодотгож харуулмаар санагдсан шүү. Миний бие надад маш эвтэйхэн, бас эрүүл. Энэ давуу талаа би ашиглах ёстой”

Хорхой хүрмээр бие галбир, ховстой юм шиг хоолой, зоримог стиль нь түүнийг RnB жанрын дахин давтагдашгүй од болоход нь нөлөөлсөн. Үүнийг би бүр баталж чадна шүү. Тоглолтоос хэд хоногийн дараа түүнтэй уулзахаар Беверли Хиллсийн Scarpetta нэртэй Итали зоогийн газарт хүлээж суутал, тэр Topshop-ын улбар ягаан өнгийн бариу даашинзтай орж ирсэн юм. Тэр үед Рианаг үнэхээр л “Дэлхий дээрх цор ганц охин” (Only girl in the world) юм байна гэдгийг нь мэдсэн.

Риана эхний хоёр цомгоо гаргахдаа хатгамалтай цамц, цайруу жийнсээр гангарсан арлын охин шиг стильтэй байсан. Тэр жирийн л нэг “хөөрхөн” охин байлаа. 2007 онд үсээ тайруулж, хараар будахад нь л түүнийг дэлхийн загварын ертөнц анзаарч эхэлсэн билээ. 80-аад оны сүүл үеийнх шиг тайруулсан үс нь түүний шүтээн Линда Эвангелистаг санагдуулж байв. Жинхэнэ шуугиан тарьсан стиль. “Үсээ шинээр тайруулахад би өөрөө цоо шинэ хүн болчих шиг л санагддаг” гэж хэлдэг дуучин маань тэр үеэс л гутлаа сольж байгаа юм шиг үснийхээ засалтыг өөрчилдөг болсон. Тэгээд илүү панк, шинэлэг, бас бага зэрэг “солиотой” хувцаслах болсон. Неон улаан өнгөөр үсээ будчихаад, үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ харагдаж чадах эмэгтэйчүүд маш ховор гэдгийг та мэднэ байх.

Риана өнөөдөр дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болжээ. Фэшн эдитор, болгчид түүний өмссөн хувцсыг хошууран биширч байна. Түүний стилист Марил Хэнн: “Риана бол шинийг санаачлагч. Тэр юу хүсч байгаагаа маш тодорхой мэддэг. Түүний өөртөө итгэлтэй байдал нь ямар ч хувцсыг амьд болгож чаддаг” хэмээж байсан.

Рианагийн хувьдхувцаслалт ямар чухал болохыг тэр бага байхдаа мэдэрч эхэлжээ. “14 орчим наснаасаа л би гадуур алхах хүмүүсээс шал өөр, эсрэг байхыг хүсдэгээ ойлгосон. Бусадтай адилхан байхгүй гэсэндээ би шөнийн клубт поло цамц, эргүүлж харуулсан саравчтай малгайтай ордог байсан. Бас би Барбадост огт байдаггүй хэв маягт дурладаг байлаа. Сэтгүүлийн зураг хайчилж, юуг юутай зохицуулж болох талаар шинэ санаа гаргахыг хичээдэг байсан.” Харин одоо тэр хувцас загварыг хэрхэн хүлээж авдаг бол? “Одоо бол фэшн миний хувьд өдөр бүр нүүр тулдаг эрсдэл шиг болсон. Хувцас өмсөхдөө түүнийг заавал ямар нэг талаараа сонирхолтой элемэнттэй болгох гэж хичээдэг. Ингэхийн тулд бодож гарна даа. Гэхдээ юу ч өмссөн, тэр нь намайг илэрхийлж чадах нь чухал. Энэ хэсэг л хамгийн хэцүү”

Ярилцлага авсан Жоннатан Ван Метер

No comments:

Post a Comment