Өгүүллэгүүд

Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ


“Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана.
Гоо сайхны үнэтэй бараа худалдаж аваад эсвэл хэн нэгнээр авахуулаад дэлгүүрээс гарч яваа охид бүсгүйчүүлтэй бишгүй л тааралддаг. Хөл нь газар хүрэхгүй баярлах нь ч бий, юм үзэж нүд тайлсан тэр зэргийн юманд хөөрч догдлохооргүй болсон нь ч бий. Чухам тийм сэтгэл догдолдог үеэ өнгөрөөсөн нэгэн бүсгүй хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө нүүр цэвэрлэгч, тансаг үнэртэн, хөмсөг сормууны будаг, хөл гарын тос авчихаад дэлгүүрээс гарлаа. Гоо сайхны дэлгүүрийн үүдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж нэг санаа амрахсан гэж боджээ.


Энэ бүсгүйг хүний хорвоод төрсөн тэр нэг өдөр бурхан номонд итгэлтэй, бишрэл шүтлэг ихтэй эмээ нь нутгийн номтой лам дээр очиж заяа төөргийг нь үзүүлжээ. Шашин ном дэлгэр цагт хийдэд сууж байгаад бэрх цагийн эхэнд шар шувталж хар болсон ч уншлага номоо огт таслаагүй тэр хүн ёстой л шарсан мах андахгүй шар зурхайч байжээ.


Охины төрсөн өдрийн төөрөг нь хэмжээлшгүй их буянтай, хаан язгууртны тогоо барих хувьтай, арвин буян нь насан багад бус насан залууд ирэх учиртай хэмээн айлджээ. Учиргүй баярласан эмээ нь дэгдэх нь холгүй явсаар гэртээ ирүүтээ сонин болгож мэргэн ламын үгийг учирлан хэлсэн боловч шашингүйн үзэлд бүрэн автсан коммунист аав ээж нь ер тоож үзсэнгүй.


Тэр өдрөөс хойш эмээ нь аврал буяныг нь үзэх юм шиг ганц зээ охиноо гараасаа салгалгүй өсгөжээ. Иш, миний муу бор охин царай муутай юм шүү дээ? Том болоод засрахгүй бол хаан язгууртан яаж тоох вэ дээ? Дээд хүрээний тэр ламыг ч хүмүүс дэгс хэлдэггүй гэдэгсэн дээ? хэмээн үе үе охиныхоо ирээдүйд зовнин элдвийг боддог байжээ.


Эмээгээ бурхан болсны дараа охин ээж аав дээрээ ирж амьдарчээ. Нас барахынхаа өмнөхөн хөгшин эх нь охиныхоо ирээдүйн хувь тавилангийн тухай, залуу насанд нь ирэх их амны хишиг, буян заяаны тухай бүгдийг ярьжээ. Сүсэг бишрэл ихтэй эмээгийн дэргэд өссөн охин тэр бүхэнд нь итгээд хэдийгээр нэг эцэг эхийн боловч өөрөөс нь хөндий болсон нас бие тэрсхэн гурван эрэгтэй дүүгийнхээ элдвээр аашлахыг тоодоггүй байлаа. Тэвчих хэрэгтэй залуу нас юухан байхав. Хэдхэн жилийн дараа ирнэ. Тэр үед та нарыг би хэзээ ч уучлахгүй гэж дотроо шивнэнэ.


Хэн ч түүнийг сургуулийн царайлаг хөөрхөн охидын тоонд оруулдаггүй байв. Харин ч “Мэнгэт хар” зэргзэр хочлон шоолох нь их. Даруухан бор царайтай, намхан хамартай, нимгэн уруултай, уруул дээрээ учиргүй том хар мэнгэтэй, сурлагаар ч сайнгүй түүнтэй хэн ч үерхсэнгүй. Ахлах ангид байхдаа хамт хөтлөлцөн яваа охид хөвгүүдийг хараад сэмхэн дотроо атаархдаг. Хааяахан царай зүс муутайдаа өөртөө гомдон орондоо уйлах боловч эмээгийнх нь хэлсэн сайхан үгс сэтгэлийг нь тайтгаруулах бөлгөө.


Дунд сургуулиа төгсөөд их сургуулийн нягтлан бодогчийн ангид аавынхаа танилаар хөөцөлдүүлэн байж оржээ. Оюутан байхдаа мөн л хэнтэй ч үерхсэнгүй. Хэн ч түүнтэй үерхсэнгүй. Ганцаардмал бүсгүй гэр, сургууль, номын сан гурвын дунд дөрвөн жил алхжээ. Харин хичээлдээ их шамддаг байв. Сайн нягтлан хаана ч хоолтой гэж ээж аав нь олонтоо зөвлөсөн тул одон оронч болох багын мөрөөдлөө орхижээ. Үнэхээр сургууль төгсөөд ажил мундсангүй. Мөнгө ч чамгүй олж өөрийнхөө царай зүсийг их тордох болжээ. Нүүр цайруулах, сэвх арилгах үйлчилгээтэй гоо сайхны бараанд хамаг мөнгөө үрнэ. Гэтэл уруул дээрх том хар мэнгэнээс нь сүүлийн үед үс ургах болсон нь түүний уурыг бүр ч ихээр хүргэжээ.


Дэлгүүрээс гараад шууд эмнэлэг зүглэлээ. Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа нүдэнд дулаахан залуухан эмчид их л ичингүйрэн байж хэлжээ. Залуу эмч инээмсэглэснээ төлбөрөө төлчихвөл маргааш ч хийхэд бэлэн гэв. Хадгаламжинд байсан хэдэн төгрөгөө аваад эмнэлгийн дансанд шилжүүлчихэв. Саяхан танилцсан циркийн жүжигчин залуудаа ч хэлсэнгүй. Тэр залуу, бүсгүйн анхны хайр бөгөөд хааяа нэг ажил руу нь утасдаж шөнө болохоор болзож хамаг мөнгөөр нь бааранд найрлачихаад хэд хоног сураг алдардаг нэгэн.


Гэвч түүний эмэгтэй хүнийх гэмээр шингэн цагаан царай, давхраатай том хар нүдийг нь харахгүй байж чадахааргүй болтлоо дурлажээ. Дээрээс нь байнга очиж ажил төрөл, амьдралынхаа бүтэмжийг асуудаг зурхайч лам нь яах аргагүй заяаны чинь хань юм аа гэж хэлснээс хойш сэтгэлийнх нь уяа бүр алдарчээ. Түүндээ таалагдахын тулд ямар ч үнээр хамаагүй гоо үзэсгэлэнтэй болохоор зориг шулуудав. Энэ том хар мэнгэнээс салсан өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байх болно хэмээн мэс засал хийлгэх өдрийн өглөө боджээ. Өндөр шулуухан хамартай, шингэн цагаан царайтай, давхраатай том алаг нүдтэй, өтгөн урт сормуустай, төмбөгөр хөөрхөн уруултай түүнийг хэн ч харсан дуу алдахаар сайхан болжээ. Уруул дээрх том хар мэнгэнээс нь сорви ч үлдсэнгүй. Бие галбираа засуулж, нүдэндээ өнгөт линз хийж том зузаан шилнээс салав. Шинэ жилээр аав ээж нь гайхан сайхан хөөрхөн болсныг нь магтаад мэс засал хийлгэсэн мөнгөний дүнг сонсоод толгой сэгсрэв. Циркчин залуу сард нэг удаа утастдаг байснаа долоо хоногт хоёр удаа утастах болж бүр өөрийнхөө мөнгөөр гурван ч удаа үдийн хоол идүүлжээ. Бүсгүй өөртөө сэтгэл хангалуун байлаа. Эмээгийнх нь хэлсэн буян хишигтэй залуу нас одоо ирлээ хэмээн бодох болжээ.


Хувь тавилангийн тэнгэр буян хишгийн хүрд эргүүлж суугаад өглөгийн элчийг дуудууллаа.


- Элч минь өнөөдөр нэг бүсгүй 26 нас хүрч байна. Оноосон хувь тавилан ёсоор түүнд өнөөдөр буян хишгийг нь өгөх ёстой. Сайн ханьтай нь чи учруулаад амьдралынх нь зам мөрийг засчихаад хүрээд ир. Тэгээд аяндаа бүх юм бидний зохицуулснаар болох болно. Тэр бүсгүйг таних тэмдэг уруул дээрх том хар мэнгэ, мөн их нигүүлсэнгүй харцтай жижигхэн бор нүд, өөр чинь юу билээ. Аан, тийм уруул дээрх мэнгэн дээр нь үс ургасан байх ёстой.


Өглөгийн элч зорьсон газартаа нүд ирмэх зуур иржээ. Гэтэл онцгой тэмдэг бүхий бүсгүй байдаггүй. Бишгүй хайсан боловч олдсонгүй. Уг нь залуучуудын хөдөлгөөн үүссэний ойн хурал дээр тэр хоёрыг зэрэгцүүлж суулгаад ойртон танилцуулахаар хувь тавиланг зохицуулжээ. Арга барагдсан өглөгийн элч, хувь тавилангийн тэнгэрийн их хилэгнэлээс айж, нүдэнд дулаахан нэг бүсгүй сонголоо. Тэгэхээс өөр арга байсангүй. Учир нь энэ улсын ирээдүйн ерөнхийлөгч заяаны ханьтайгаа учрахад хэдхэн мөч дутуу байлаа.


Харин энэ үед гоо үзэсгэлэнтэй болсон бүсгүй циркчин залуутайгаа хурал болж буй ордны хажуугаар сугадалцан өнгөрчээ. Бүсгүйн мэнгэ байсан газар чимчигнэх шиг болов. Арай өнөө гайтай хар мэнгэ дахиад ургачихгүй байгаа гэж бүсгүй дотроо айсхийн бодсоор өнгөрөв. Бүх юм ингээд төгсөв. Зүс сайхан болсон ч бүсгүйд эмээгийнх нь хэлсэн хувь тавилан нь ирсэнгүй. Нэг муу худалч зурхайч хөгшин ээжийг минь хуураа байлгүй гэж боджээ. Буян хишиг нь ч ундарсангүй. Циркчин залуутайгаа гэрлэсэн боловч удалгүй салжээ. Өөрөөсөө олон эгч баян авгайтай нөхцөөд нөхөр нь алга болов.


Үеийнхээ бүсгүйчүүлээс дэндүү эрт өтөллөө. Байн байн нүүр нь загатнах болж, арьсных нь өнгө нь үхээд, үе мөчөөр нь тэсэхийн аргагүй хатгуулах болжээ. Ямар их үнээр гоо сайхан болсноо тэр ойлгосонгүй. Өнөөх зохиол “Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан буй” гэж төгсдөг билээ.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батхуяг






Хүнийх /өгүүллэг/




Цолмон өглөө бүр зүрх зүсэм ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана, хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай… Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардгийг илтгэх шиг.Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу, чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм.


Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил хорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөхөртэй болохгүй гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон.


Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь тааралдаж нэг гунигладаг юм.


Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азгүй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нүд, өөгүй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд.


Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхөө босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл…


- Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өглөө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд нь харагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан:


- Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав. – Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвдөгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа.
– Та хаана буух вэ?
– Би “Бодь цамхаг”-т ажилладаг.
– Аан, би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрхүү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар бүх юм үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа.


- Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цоччихов.
– ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсангүй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их хүүхэмсэг хүн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов. Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа..


- Намайг Цолмон ….Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнгөрсөн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав.


- Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү?
– Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өдөржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа.
– Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв.
-За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ.
– Аль ресторанд орох дуртай вэ?
– Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний хүссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.
– Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд.
– За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой.


Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан нүд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв… Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг:


- Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов.


Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгүй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд нь ч анх татагдсан л даа. Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан хүн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой.


- Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад:
– Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төлөө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа.


Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүйн зүрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх …Одоо эзэн нь ирж яваа.




Навч /өгүүллэг/






Намар. Өөдгүй бороо. Ёстой л нэг асгарч байна даа. Би чамд хайртай. Эрүү нь чичрээд л, гар нь салганана. Шар аяга. Дотроо кофетой. Чамайг би удаан хүлээсэн. Дугтуйгүй захидал.Дотор нь ганцхан ширхэг өнчин навч. Хатчихсан. Үгүй ээ, хатаачихсан. Урт шаргал долгионтой үс. Зүүн талдаа цэцэг хатгачихсан охин. Эсвэл бүсгүй. Юу юугүй уйлах гээд байгаа нүд. Уйлчих гээд.


Тэр үед намар байсан. Бяцхан суурин. Арван хэдтэй жаал хүү. Дугуйтай хүү. Өдөржин цэцэрлэгт “нисээд л” байдаг хүү. Түүнтэй хамт өдөржин дүүлдэг охин. Хонгор шаргал үстэй охин. Гэзгэн дээр нь цэцэг ургадаг охин. Гутлаа тайлчихдаг хүүхдүүд. Хөл нүцгэн хүүхдүүд. Навчис үйрүүлж тоглодог дуучин зүрхтэй хүүхдүүд.


Тэр үед дахиад л намар байсан. Бяцхан суурин. Сургуулийн төмөр хашаа. Модод чимээгүй чагнана. Хонгор шаргал үс. Салхинаас харамлам. Үсийг нь илбээд. Удаан суугаад л баймаар. Шөнө байсан. Энхрийлэм. Энхрийлэл. Би чамд хайртай гэж хүү хэлнэ.Үүлс тэднийг ичээгээд л. Навчит бөгж. Навчаар хийсэн бөгж. Ингээд л гэрлэчихсэн. Гээд итгэчихсэн охин.


Тэр үед бас дахиад л намар байсан. Яваад өгсөн. Их баяртайгар шүү. Амьдрана гээд л явчихсан. Тэр тэнд амьдарч байгаа гэж охин итгээд үлдсэн. Хүлээгээрэй. Эргээд ирнэ ээ. Хүлээгээд л байсан. Навчит бөгжөө зүүж болдоггүй. Номын завсар хийчихье. Хамгийн дуртай ном. Энд хадгална аа.


Тэр үед бас л нэг гунигтай намар байсан. Энэ удаа гунигт гэдэг үг нэмэгдсэн. Хадгалаад л байсан. Зүрхээ дэлгээд хатаамал болгосон. Жаазанд хийгээд, ханандаа өлгөчихсөн шаргал үст. Зүрхгүй юм чинь оронд нь тавих зүйл олъё. Өө тийм зураг зуръя. Улаан өнгө хаана байна. ааааа. Дуусчихаж ээ. Өө шар өнгө яг болно. Нар биш дээ ямар. Тэгвэл намар. Намар чинь цэнхэр өнгөтэй. Цэнхэр яг болно. Цэнхэр зүрх. Өө энд тавина аа. Яг сайхан таарч байна.


Тэр үед бас, бас нэг уйтгартай…гунигтай…намар байсан. Шуудангаар түүнд жаазтай зүрхээ явуулав. Чамд гэж бичэв. Их гоёор. Одоо хүлээх л үлдлээ. Эндээ хүлээнэ ээ. Хамт нисдэг байсан цэцэрлэгт. Тэр минь намайгаа олоод ирнэ. Энэ бороог ээ… Эээээ


Намар. Одоо хангалттай. Дахиж хүлээхгүй. Зүрхээ жаазнаас нь эргүүлж гаргаад байранд нь хийх хэрэгтэй. Эндээс өөрөө явна аа. Түүнийг хайж олно.


Зүрх рүү чинь алхдаг жимийг
Бүр мөсөн угаачихсан
Зүрхийг минь л дааруулдаг
Энэ бороонд алгаа тосон зогсохдоо… дуулаад л. Тэр сонсоно байх.


Танил нүд. Танихгүй харц. Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн шүү. Намар бид хоёр чамайг их удаан хүлээсэн. Яагаад ирэхгүй байсан юм бэ? Яагаад. Яагаад. Яагаад. Яагаад? Яагаад?????????
-Мартчихжээ / цэг/


Мартчихсан. Ингээд л болоо. Ердөө л тэр мартсан байна шүү дээ. Тэр намайг. Зөвхөн мартсан. Мартсан. Мартсан. Өөр юу ч болоогүй.


Жаазтай зүрх хаана байна аа. Өө байхгүй. Хаячихсан. Хэнд ч байхгүй, Одоо түүнд зүрх байхгүй. Оронд нь түр тавьсан зурмал зүрх л бий.Тэр зүрх үүнийг сонсоод шууд л будаг нь хуурч эхлэв. Цэнхэр байсан юм. Харин одоо өнгөгүй болчихсон. Өнгөгүй зүрхтэй шаргал үстэй охин, эсвэл бүсгүй.


2011 оны 7 дугаар сар 26
Э.Бүжинлхам




Уруулын будаг /өгүүллэг/




Хязгааргүй огторгуйн гүнд бяцхан орон зайг эзлэх хөх дэлхий, энэ эрхэмсэг дэлхийн хаа нэгтээ нэгэн хачирхалтай явдал болжээ.Их хотын төвийн худалдааны бяцхан гудамжинд өөр өөрийн хэв маягтай олон дэлгүүрүүд байх бөгөөд яг л жагссан цэрэг шиг харагдах шилэн лангуунуудын нэгд яг нэг сарын өмнө бяцхан зүрх цохилж эхэлсэн. Энэ бол Би…


Би бол ярьж чаддаггүй, явж чаддаггүй тэгсэн мөртлөө харж, дурлаж, хайрлаж бас мэдэрч чаддаг ертөнцөд ганцхан хундан улаан өнгөтэй бяцхан уруулын будаг. Над шиг амь орж өөрийгөө зовоож байгаа уруулын будаг надаас өөр байхгүй байх.


Би бол сайхан бүсгүйн уруулыг чимэх азтай хувь тавилантай нэгэн.


Өнөө өглөөг хүртэл би ихэмсэг бардам нэгэн байлаа. Манай дэлгүүрт орж ирсэн ямар ч бүсгүйн гоо үзэсгэлэн бяцхан зүрхийг минь шархлуулж чадаагүй. Тэдний жижиг цүнхэнд багтан ядан тавгүйтэж байснаас шилэн лангуун дээрээ эрх чөлөөтэй байсан нь хавьгүй дээр гэж боддог байлаа. Гэтэл өнөө өглөө юу болсон гэж бодно.


Нүүрэндээ аз жаргалтай инээд тодруулсан, торомгор хар нүдээ халууцуулахгүйн тулд сормуусаараа дэвүүр хийсэн, хунгийн далавч шиг урууландаа өчүүхэн ч будаг түрхээгүй тэр нэгэн бүсгүйн гоо үзэсгэлэн бяцхан зүрхийг минь арай л дэлбэлчихсэнгүй… Түүний булбарай уруулд ганцхан удаа л хүрэхийн тулд би хогийн саванд хаягдахад ч бэлэн байлаа.


Тэрээр худалдагч бүсгүйтэй ямар нэгэн уруулын будаг авах тухай ярилцана. Намайг аваач намайг аваач гэж би хамаг байдгаараа л хашгирахыг хүсэвч харамсалтай нь надаас хулганы явдлын чинээ ч дуу гарахгүй шүү дээ…


Ээ бурхан минь…


Бүсгүй торомгор нүдээрээ над руу харах шиг болов, тэгээд гараа миний зүг занган худалдагч бүсгүйд нэгэн зүйл хэллээ. Худалдагч бүсгүй уриалгахнаар намайг, бас миний хажууд байсан царай муутай хүрэн бор өнгөтэй уруулын будгийн хамт улбар өнгөөр будсан урт хумстай хуруугаараа тэврэн авч хайртын минь гаранд атгууллаа… тэрхэн үед миний ухаан балартан зүрх минь хүчтэй цохилно.


Булбарай цагаан гараараа миний малгайг зөөлхөн тайлж зулайг минь сонирхон харна.


Тэрээр худалдагчид


- Энэ арай л тод өнгө байна гэж над руу зааж хэлснээ… Энэ харин арай л даруухан өнгө юм аа надад таалагдаж байна гээд намайг шилэн лангуун дээр буцаагаад тавьчихав…


Миний хувьд хорвоо дэлхий яг л тэр чигээрээ хөмөрчихсөн юм шиг санагдаж амьдралын утга учир минь оргүй алга болчихов… Бяцхан зүрх минь шаналалаар буцалж байна..би бол ертөнцийн хамгийн азгүй уруулын будаг…


Хэдий хэр удсаныг бүү мэд нэг л мэдэхэд нойрмог наран орчлонг тэврэн авлаа. Би өнөө л шилэн хоргондоо бүтэлгүй дурлалтайгаа, шаналсан зүрхтэйгээ зогсож л байна.


Дэлгүүрийн хаалга ширүүхэн онгойж хямдхан сүрчигний үнэр хамар цоргимоор ханхлуусан, ертөнцийн бараг л бүх өнгийг нүүрэндээ наасан 40 эргэм насны нэгэн бүдүүн хүүхэн орж ирлээ. Тэрээ нимгэн уруулаараа худалдагчид шуудхан л хэдэн үг хэлж миний зүг гараа зангав.


…Ээ үгүй… үгүй бурхан минь намайг л биш шүү… дахиж би хайрттайгаа уулзаж чадахгүй шүү дээ…


5 минутын дараа гэхэд би жижигхэн ягаан цүнхэнд замбараагүй хийсэн хэдэн гоо сайхны бараа, бохир мөнгөн дэвсгэрүүдтэй шахцалдан явна.


Анхны хайр минь үүрд баяртай….


Долоо хоногийн турш бараг л 2 цагийн давтамжтайгаар нимгэн уруулийг чимж шургуу ажилласан миний бие бараг л талдаа орлоо… Түүний уруул надад хүрэх бүр би амьдралын хатууг зүрх сэтгэлээрээ мэдэрнэ. Тэртээ тэргүй надад ирээдүй гэж байхгүй болохоор хурдхан дуусч хогийн саванд орох минь…


Нэгэн бороотой өдөр эрх чөлөө аз жаргалын минь хүлээс болсон цүнхэн дотроо гунигтай дуу аялан явж байтал сүр сархийх хийх чимээ гаран


- Хүүе яанаа миний цүнхийг шүүрчихлээ гэсэн нимгэн уруултын дуу гарлаа…


Хэдий хэр удсаныг бүү мэд ухаан ороод эргэн тойрноо харвал чийг даасан хүйтэн газарт Би хэвтэж байхийн… Бодвол би хаягдсан бололтой юм…


- За ингээд миний гунигт хувь тавилангийн төгсгөл чийг даасан хүйтэн газарт бүгдэд хаягдаад дуусчээ….


Удалгүй нэгэн зөөлөн булбарай гар миний биеийг тэврэн авахыг мэдэрлээ Би нүдээ аажуухан нээж харвал бүхий л зүрх сэтгэлээ юу ч үгүй өгч орхисон миний анхны хайр намайг торомгор нүдээрээ сониучирхан харж байлаа… цаг хугацааг яг л ингээд зогсоочих юмсан…


Одоо Би бүхий л гоо сайхны хэрэглэл нь нямбай өрөгдсөн цэлгэр толины өмнө хорвоо дээр учирсан цорын ганц хайрттайгаа байж байна.


Амьдрал үнэхээр зовлон, жаргалаар дүүрэн юмаа… Итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй тэгвэл бид бүгдийг алдана гэсэн аз жаргалаар дүүрэн бодол намайг эзэмдэнэ…


Хайрт минь намайг зөөлөн атгаад малгайг минь аажуухан тайлж булбарай уруул руугаа ойртуулна… ойртсоор… ойртсоор… ойртсоор… гэнэт хаалганы хонх дуугарч аз жаргалтай мөчийг минь тасалчихлаа… Хайрт минь малгайг минь өмсүүлээд байранд минь буцааж тавиад гарч одлоо…


Гэхдээ Би ертөнцийн хамгийн аз жаргалтай уруулын будаг… хэзээ нэгэн цагт түүний улаахан уруулыг би чимэх л болно… гэхдээ би намайг түрхээгүйд нь баяртай байна… мэдээж дуусахгүйн тулд шүү дээ…


Б.Цэцэнсод


Улбар аялгуу




Орооцолдож бужийсан бүсгүйн сэвлэг шиг аядуухнаар нааш цааш сүлжилдэн мяралзах голын усыг хөндөхгүй юмсан гэсээндээ аяархнаар хөлөө дүрлээ. Шаргал туяаны хэлтэрхий энэ ус руу эмтрээд уначихсан юм шиг л бүлээхэн санагдав. Наранд ч бас хөлөө дүрж үзвэл ийм мэдрэмж төрөх байсан байх.Гэнэ гэнэ гижиг хүргэх голын мөлгөр чулуунуудын зөөлөрсөн гадаргууг нь хөлийнхөө хуруудаар тэмтрэнгээ өвсөрхөг эрэг дээр хэсэг хэвтлээ.
Эгц дээрээс минь эрэг бараадсан өвгөн мод нөмөрлөх нь аавын минь тэвэр шиг. Хөлөөрөө голын усыг бага зэрэг цалигиуласхийгээд өөдөө харахад тэнгэрийг хэрэн сүлжсэн нэхмэл тор шиг түмэн мөчирнүүдийн завсар зайгаар хөвсийсөн үүлнүүд доошоо гоожоод ирэх гэж байгаа юм шиг үзэгдэнэ. Үүл үнэхээр энэ чигээрээ жижиг жижиг хөөсөнцөр болоод буугаад ирдэг бол сайхансан. Тэгвэл нэг хөвсгөрийг жаазанд хийгээд, номынхоо тавиурын дэргэд хадах юм шүү. Ийн бодоод мишээх үест уруул дээр минь гэнэт бяцхан жирвэлзээд авахад нь гайхахдаа хамар луугаа хартал нилдээ улбар өнгийн, амилсан зураг шиг эрвээхэй эрүүн дээр минь суугаад уран гилбэртэй далавчаа нэг дэлгэж нэг хумхиж байлаа. Үргээхгүйн тулд амьсгалаа чадлаараа түгжсэн ч тэр нисээд явчихав. Хэн нэгэн эцсийн үнсэлтээ хийчихээд явчих шиг нэг л гунигтай. Гэвч эхний үнсэлт байсан байж ч мэдэх юм.
Далавчныхаа хөдөлгөөнөөр надад ямархан нэгийг хүүрнэчихээд нисчихсэн миний ойд таарсан анхны зочин. Эрх чөлөөтэй нь аргагүй агаарыг сэлүүрдэн, сэлүүрдэх дэвэлтнийх нь чимээг анирдан сонсохдоо тэр эрвээхэйний оронд өөрийгөө байгаагаар төсөөлөн, нүдээ аниад оюун санаандаа нислэг үйлдэхийг хичээлээ. Далавчаа хөдөлгөх, сормуусаа дэвэх хоёр төстэй байх гэж бодогдон инээмсэглэсээр…нэг нүдээ нээгээд хартал гэгээ тасраад эхэлчихжээ. Даарсныг нь ч анзаараагүй хөлөө уснаас гаргаж суугаад, жаргах нарны тэнгэрт уусгасан хараа булаам өнгөнүүдийг ажиглан суув. Цэнхэрээс нил, нилээс ягаан, ягаанаас улбар, улбараас шаргал. Гүн рүүгээ шатсан энэ тэнгэрийг ээ. Галт бөмбөлөг доошлохтой зэрэгцэн бүх мод, өвс, бас голын ус дуу чимээгээ өвөртөө хумих шиг тунгалаг аниргүй тэрхэн орон зайг дүүргэж орхилоо.
Сандаалиа углаад ирсэн газар луугаа босон явах үест гэнэт хүчтэй салхи нүүрийг минь үсээр хучаад өнгөрав. Салхины түрэмгий занд миний түрүүний нөмөрлөж байсан модны нэгэн навч хийлийн аялгуу шиг гунигт зурвал татуулсаар , агаарт нааш цааш намилзан газарт унах нь тэр. Хөөрхий тэр зүрххэн. Хоёр дахиа хүчтэй салхилахад модондоо үлдсэн бусад навчнууд чангаар сэрчигнэсэн нь нүдэнд үл үзэгдэхүйцээр ууршиж байгаа унасан навчны сүнсэнд эмгэнэл илэрхийлсэн явдал болох нь ойлгогдлоо. Саяхныг хүртэл амьд байсан навчийг авч халаасандаа эвтэйхэн шургуулаад цааш явав.
Ой дундуур ганцаараа тэнүүчлэн алхсаар явтал тэнгэрт анхны од, мөнгөлөг саарал сар хоёр тодорч бүдгэрэн харагдав. Хамгийн яаруу сандруу энэ анхны одыг харах болгонд өөрийгөө харж байгаа юм шиг санагддагсан. Одоо ч мөн адил. Тэр од руу гараараа даллаж мэндэлэхэд, хариуд нь тэр алтлаг зүүнүүдээ уртасгаж богиносгон гялтгар гоо сайхнаа гайхуулав. Ингэсний дараа гарын минь хуруу дээр нэг жижигхэн дусал бороо оночихлоо. Тун ч удалгүй эгц доошоогоо унасан зөөлөн бороо орч эхэлсэн нь харанхуйд тасалданги мөнгөлөг утаснууд намирч буй мэт үзэгдэнэ.
Шивэр шивэр бороо орно
Шивнэж хэлсэн үг шиг чинь сонсогдоно.
Ж.Батцэцэг найрагчийн энгийн хирнээ сайхнаас сайхан мөр. Яг ийм бороог би үйрч унаж байгаа тэнгэр мэтээр боддог юм. Буусан газар болгоноо гэрэлтүүлж орхих энэ бороог мэдрэхийн тулд дээшээ харж зогсохуйд нүднйи минь аяган дотор нэг дусал нь яваад орчихлоо. Нүдээ эвтэйхэн аньж, надад гэж ирсэн тэр нойтон тэнгэрийг аньсган дотроо хатамжлан шингээв. Дараа хэзээ нэг өдөр нүдэндээ шингээсэн бороогоороо уйлж үзэх гэж тэр. Тэгээд их удаан зогсов. Бороог ширүүстэл зогсоод л, зогсоод л байлаа. Биед минь нойтон цамц наалдаж эхлэхэд сая сэхээрэн цааш алхлаа.
Арьсан дээрээ бөөн бөөн хүйтэн дуслууд бөнжигнүүлэн би харцны үзүүрт сүүтэгнэх хамт явсан нөхдийнхөө асаасан түүдгийг зүглэн алхлаа. Энэ нойтон өмд цамцыг…Яахав дээ, тайлаад тавьчихвал маргааш өглөө гэхэд хатчихна. Харин өнөөдрийн нартай гол, улбар эрвээхэй, навч, навчыг үдэх бяцхан ёслол, бас тэр шиврээ бороонд чийгтэж орхисон зүрхийг л хэрхэн хатаахсан билээ? Хэрэв энэ зүрх минь маргааш гэхэд хатахгүй бол надаас ганцхан тэнгэр…ганцхан тэнгэр л үнэртэх байх даа.
/Зураглал/ Солонгон Охин





No comments:

Post a Comment