Би өгүүллэгт дуртай

Миний нэг хүний тухай бодож бичцэн эргэцүүлэл

Одоо…

Хэн нэгэнд итгэх итгэлээ алдна гэж ямар аймшигтай бас гомдолтой зүйл гэдгийн яс махандаа тултлаа өөрөө ойлгож авсан.Тэр цагаас хойш хэнийг ч гомдоохийг хүсэхгүй явсаар явсаар бна.Хичээж толинд хархад өөрийгөө алдсан хиймэл хүн мэт болсон юм шиг санагдана. Юмсын талаар бодож суухаа больж орчин тойрон хэрхэн өөрчлөгдөж бгааг ч анзаарах зүйлгүй..Сохорсон мэт явсаар бна.Надад хэн нэгэн хэрэгтэй ч дахиад итгэл хэмээх зүйл томоос том анхаарлын тэмдэг мэт тээглэж..Хэрвээ би эсвэл тэр хэн нэгэн миний итгэлийг алдвал би дахиад тэсэж чадах болов уу гэж айсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл шинэчлэгдэн хувьсана..Гэвч миний зүрх сэтгэл юу ч юм хэн нэгнийг хүлээсээр..Он удаа жил ч хүлээхэд бэлэн мэт….

Бас хэн нэгэнийг,Хүнийг сайн ойлгодог гэж бодож явсан үнэндээ эргэлзэж бна..Хүн бүр байгалиас заяасан өөр өөр гэдэг..харин би хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдрал,үзсэн харсан бүхнээс өөр бусад бүгд ижил хэмээн боддог блаа.Гэвч нэг өдөр миний бодож бсан бодлыг замхаруулж юу ч гэж хэлхээ мэдэхгүй байдалд оруулсан нэг хүн гарж ирсэн.Би амьдралдаа түүн шиг хүнтэй хаана ч тааралдаж бгаагүй нь хачин юм шүү.Хэн нэгнийг таниж мэдэх нь одоо их сонирхолтой болсон./Магад нэг хүнийг ойлгож хайрлаж хамт бхын төлөө бүх насаа ч зориулхад бэлэн мэт/.Түүний ачаар юмыг бөгшсөн улиг болдсон бодлоор биш аль аль талаас нь бодож харах гэж хичээдэг болсон. Саяхан л юу ч мэддэггүй боддоггүй бсан..Хэзээ ч бүтэн цагийн турш бодолд автан ганцаараа гадаа суух талаар ,,энэ талаар санаанд ч бууж бгаагүй үе байсан бол одоо амьдралын нэг хэлбэр болж.Би өөрийгөө муу,сайн аль аль талаас нь өөрчлөгдөж бгаагаа л харж бна..Сайн талруу хэлбийх гэж оролдоно. Нэг л өдөр сэрхэд би өөрийгөө танихгүй болсон бх вий гэхээс айна..хэзээ ч тийм зүйл болохгүй/Битгий болоосой/хэмээн итгэсээр л.Харин хэн нэгэн….

Нүцгэн натур /өгүүллэг/

Бүсгүй үзэсгэлэнгийн танхим руу явахдаа миний зураг ямархуу болсон бол хэмээн ер бусын догдлолд автан яарч байв. Зураачийн өмнө анх нүцгэлэхдээ жигтэйхэн ичиж билээ. Гэвч үнэндээ мөнгөний хэрэгцээ даанч их байсан болохоор ичих зовох гэгчийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Хоёр мянган төгрөгийн урьдчилгаа авчихаад ганц бие зураачийн ядуухан гэрт орохдоо хачин их жийрхэж байсан нь одоо бодоход инээдтэй ч юм шиг.Тийм авьяастай зураач гэхэд хувцас хунар, орон гэрийнх нь тавилга, эд хогшил хайш яйш. Будаг ханхалсан өрөөнд нь анх орохдоо хожим нь түүнийхээ авьяасыг биширч мөнгө авахаасаа илүү мөнхөд зуруулахын хүслэнд автана гэж яахан санах билээ.


Зураачийн гарын таталт бийрийн уран хөдөлгөөнөөр яах ийхийн зуургүй цаасан дээр дүр нь тодроод ирэхэд сонин ч юм шиг. Зураач:
-Ганцэцэгээ одоогийн үзэсгэлэнд хэр оролцохоос миний цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Тэгэхлээр энэ зураг их чухал. Хоёулаа их л мэрийх хэрэгтэй дээ гэсэн сэн.
Түүнийг нүцгэн зуруулдаг гэж хэн ч мэдэхгүй. Мэдэх юм бол үеийнх нь бүсгүйчүүд чармай нүцгэн зураг олны өмнө тавигдсан байхыг таниад юу ч гэх юм билээ. Хүний нүүр харахын аргагүй ч болох юм билүү хэн мэдлээ. Харин энэ зураач бүсгүйн арьсны өнгө мэнгэ тэмдэг, үрчлээ нугалаа, алганы хээг ч андахгүй.


-Чи бол миний натур. Өөр ямар ч зураач юу ч амласан битгий зуруулаарай. Хамгийн гол нь чиний арьс торго шиг зөөлөн. Уран зурагт энэн шиг чухал юм байхгүй. Би чиний сиймгэр цамцны цаанаас гэрэлтсэн биеийг хараад л мэдсэн. Өөр хэнд ч зуруулж болохгүй шүү. Манайхан адтай энд тэнд явахад чинь харчихаад зуръя гэж гуйж мэднэ. Ядаж энэ үзэсгэлэнг нээгдтэл тэсээрэй хэмээн юу юугүй өөр зураачийн өмнө нүцгэлээд унах юм шиг харамлаж билээ.


Ганцэцэг:
-Яалаа гэж дээ. Би чамд л зуруулна. Чамаас өөр хэний ч өмнө насан туршдаа нүцгэлэхгүй хэмээн ам алдчих шахсан сан. Бүсгүй зуруулж байх үедээ “Энэ намайг нүцгэнээр минь харж суухдаа юу боддог бол, хүсдэг болов уу?” гэсэн саваагүй бодол төрж билээ. Тэр эхлээд “түргэлээсэй, хурдлаасай” гэж боддог байсан бол сүүлдээ аль болохоор удаан янз бүрийн эвлэгхэн хөдөлгөөнөөр зуруулахыг хүсдэг болжээ. Зураачийн нүдний сониуч гярхай харц, яриа хөөрөө, сэтгэл хөдлөл нь цаанаа л нэг өер. Тэр “Жоконда”, “Венера”, “Булга тэвэрч буй гоо хатагтай”, “Сикстиний эх дагина”-д зураачийн бийрийн ид шидээр дүрээ үлдээсэн олон сайхан бүсгүйн тухай, суут зураач Рубенс талийгаач эхнэрээ зургаар амилуулсан, тэр ч бүү хэл тавин гурван настайд нь түүний авьяаст бишрэн дурласан арван зургаан настай бүсгүйг эхнэрээ болгож авсныхаа дараа ч олон дахин зурсныг, хэрэв Рубенс түүнийг зураагүй бол зүйрлэшгүй гоо үзэсгэлэнт Елена бүсгүйн энэ ертөнцийг чимж төрсөн гэдгийг хүн төрөлхтөн мэдэхгүй байх нь шуү дээ гэхчилэн үлгэр домог шиг гайхалтай сонин хачныг сэтгэлд ургатал ярьж, тэр гайхамшигтай хүүхнүүдийн хөргийг үзүүлж тайлбарлана.


Ганцэцэгт хамгийн их таалагдсан нь “Сикстиний эх дагина”. Үрээ хайрласан бас харамласан, гэвч гарцаагүй харь ертөнц рүү илгээхээс өөр аргагүй болсон шаналант залуу эх, түүнд хэн гэгч бодит бүсгүйн амьд дүр шингээ бол гэхчилэн зураачтай уулзах бүрийд Ганцэцэг нэгэн шинэ ертөнцийн үүдийг нээж байгаа мэт санагдана. Магадгүй үүнээс үүдэн зураачид өөрийн эрхгүй сэтгэлийн жолоо алдсан ч юм билүү бүү мэд. Зуруулж суухдаа “би чамд хайртай” гээд хэлчихмээр үе олон гарсан ч эхлээд зураад дуусаг, дараа нь үзэсгэлэн нээгдэг, яг тэр баярт мөчид л хэмээн амаа жимийсэн билээ.


Бүсгүй үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд ханаар дүүрэн зураг өлгөжээ. Үзэгчид нээлтийн ёслолыг хүлээн зураг сонирхоно. Ганцэцэг өөрийн хөрөг, хайртай залуу хоёроо харцаараа хайлаа. Гэтэл яг өмнө нь “Нүцгэн натур” хэмээх ёозгүй хаяг зүүсэн өөрийнх нь дүр тодроод ирлээ. Яах аргагүй Ган-цэцэг мөн. Гэвч тэр өөрийгөө таньсангүй. Хаврын шөнө, тэргэл cap цонхоор шагайж бүсгүйн биеийг эзэмджээ. Хариугүй дэлбээлэн дэлгэрэхийн өмнөх их хүсэл тачъяал ялимгүй гэдийсэн гижиг дүүрэн хүзүү хоолой, хязгааргүй янаглалд хэн нэгнийг урин дуудсан ганцаардал, хоёр гараа сул орхисон, хүүхдэрхүү зөөлөн царайд нь сарны туяа дасаж ядан холбилзоно.


Хагас анисан зовхины завсраар юуг ч онож хараагүй, дотоод ертөнцдөө эзлэгдсэний гэрч манантан суларсан харц… Тэр бүхий л төрх эр хүний хатуу ширүүн rap түүнийг нухчин үнгэхийг тэсч ядан хүлээх мэт. Зураг дээрх бүсгүйн уруул “Ирээч, ирээч дээ, энхрийлээч” хэмээн гуйж байна. Гэгээвчний цаана дөнгөж гөлөглөж байгаа хус мод сарны туяанд нүцгэн бүсгүй мэт цайрч урсан орж ирэх сэрүүн тунгалаг агаар хүртэл энэхүү дурлалаа багтааж ядан орчинг дэвэргэнэ. Буйдангийн час улаан бүтээлэг хүртэл сандчин хөглөрч бүсгүйн байж ядсан сэтгэлийн догдлолыг дэврээнэ. Бүсгүй зургийг гайхан биширлээ. “Тэр надад дуртай юм байна. Зүгээр нэг зураачийн нүдээр хараагүй юм байна. Тэр миний өөрт нь хайртайг мэддэг юм байна” гэсэн баяр хөөр харван орж ирэхэд зүрх нь зогсчих шиг боллоо.


Төдөлгүй үзэсгэлэнгийн нээлт болж зураач Батцэрэнгийн “Нүцгэн натур” тэргүүн байр эзэлснийг зарлахад бүсгүй байж ядан догдлов. Хайрт залуугаа “Баярлалаа чамд” гээд нүд дүүрэн инээмсэглэн ирэхэд нь л цээжний чанд дахь үгээ хэлж орхино. Дүүрсэн хэрэг” хэмээн бодож байв. Түүнд баяр хүргэх хүн даанч олон болохоор тэр бүсгүйг онож харахгүй л байлаа. Ганцэцэг баглаа цэцгээ цээжиндээ тэвэрч аажуухан дөхөж очлоо.


Тэр сая л бүсгүйг харж “Баярлалаа чамд, маш их баярлалаа. Одоо чи эрх чөлөөтэй болсон. Чи одоо өөр хэнд ч зуруулж болно” хэмээн огт ажиггүй хэлээд баяр хүргэхээр ирсэн өөр хүний зүг эргэлээ.


Бүсгүйн нүднээс юунд ч хаагдаж боогдохгүй сул асгарах нулимсан дунд өнөө гайхамшигт хөрөг урсан алга боллоо.
Ц.Түмэнбаяр


Шүүдрийн дусал /өгүүллэг/

Саяхан л битүү бүрхэж байсан хар үүл хаашаа ч юм замхран арилж, улбар туяа татсан уудам хөх тэнгэрт ганц нэг одод гялтганана. Оройн наран баруунаа хэлбийн өдөржин барайж байсан тэнгэр ойнгойход ойрын хэдэн өдрийн бороог “зогсоосой билээ” хэмээн хүсэн хүлээж байсан Очир хүүгийн сэтгэл давхар цэлмэх шиг болов.Уулын оройгоод шингэх нарыг нүд алдан харж зогссон Очир ээжийнхээ дуудах чимээнээр сая нэг сэрж байгаа мэт цочсоноо хэдэн түлээ тэвэрч аваад гэр рүүгээ оров. Гэрийн зүүн хойморт хуучны эрээн авдар, түүн дээр гүнгэрваатай бурхан, сангийн бойпор, гуч эргэм насны эрэгтэй хүний зургийн өмнө зул өргөсөн харагдана. Баруун хоймортоо хүрэн авдар, түүн дээр жижиг зурагт, зургийн том жааз тавьж, ханандаа мөнгөн тоногтой эмээл, хазаар, суран ташуур өлгөж, гэрийн зүүн, баруунаа хуучны цагаан ор хоёрыг тавьжээ. Өөхөн тосоор гялайтал өнгөлсөн ширмэн зуухны өмнө хүрэн нимгэн тэрлэгтэй авгай гал өрдөн сууна. Эрээн торгон алчуураар даруулсан өтгөн хар гэзгэнд нь дух шанаанаас нь эхлэн цагаан сор татаж, хүрэн бор царайд нь өнгөрүүлсэн амьдралынх нь нугачаа гүн суужээ. Энэ хүн бол Очирын ээж. Залуу сайхан насандаа эр нөхрөөс хагацаж, хоёр хүүхэдтэй хоцрон, үр хүүхдүүд минь л гэсээр өөрийгөө умартсан нэгэн. Цөөхөн хэдэн малынхаа буянгаар охиноо хот газар бараадуулж, ганц хүүгээ эгчийнх нь араас явуулсан боловч санаагаар нь болсонгүй. “Хүний нутагт идээшихгүй юм байна” гэсээр байж сууж чадалгүй эргээд ирсэн хүүгээ хараад “надаас хойш яана даа” гэж бодох бүр өр өмөлзөнө.


Очир хэдий арван дөрөвхөн настай боловч үйл хөдлөл, ярих хэлэх нь хэзээний том хүн шиг. Гэсэн ч сэргэлэн цовоо хүүхэд зан, оч гялалзах мэт том алаг нүдэнд нь орчлонгийн сүүдэр унаагүй тунгалаг ариухан хэвээрээ. Очир хониндоо явж, цөөхөн хэдэн адуугаа сахин, ганц нэг сиймхийгээр даалуу шажигнуулж суугаа хөгшчүүл дээр очин тоглоом сонирхож өдрийг өнгөрүүлнэ. Үеийн багачуултай тоглож наадах нь ховор. Тэгсэнээс ээжийнхээ дэргэд байж гар хөлийнх нь үзүүрт зарагдан суух нь илүү дээр гэж бодон зав л гарвал гэрээ гэнэ. Сургууль номын мөр хөөснөөс энэ нь хэд дахин илүү мэт санаж, “Хот газрын соёл, эрдэм номыг сураад ирэхгүй, заяагүй амьтан ” хэмээн ээжийнхээ үглэх тоолонд “дэмий юм ярих юм” гэж үл тоомсорлон өнгөрүүлнэ. Хүү энэ хорвоо дээр төрүүлж өсгөсөн ээж, төрж өссөн “цэцэгт хөндийгөө” юу юунаас ч илүү хайрлан харамладаг билээ. “Цэцэгт хөндий” гэдэг нь түүний өөрийнх нь өгсөн нэр л дээ. Эднийх бага балчир наснаас нь эхлэн энэ нутгийн хамгийн их цэцэг ногоо дэлгэрдэг, бэлчээр сайтай хөндийд нутагласаар иржээ. Түүнээс өөр хэн ч энэ хөндийг “цэцэгт” хэмээн нэрлэдэггүй.


Хүү өглөө бүр үүр цүүрээр босон өөрийнхөө орон дор нуусан нэгийн бидоноо аван “цэцэгт хөндий” рүү гүйдэг байлаа. Тэгээд ээжийнхээ сэрэхийн яг өмнөхөн орж ирээд, “Хүний заяаг олж төрнө гэдэг атга будаа цацсанаас нэг нь л зүүний үзүүр дээр тогтох шиг тийм ховорхон заяа юм. Энэ ховорхон заяаг зөвхөн эх хүн л хайрлаж чаддаг юм даа” гэсэн саахалт айлын өвөөгийн хэлсэнийг бодож, наранд борлож гандсан нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан хэвтэнэ. Үнэндээ хот газар хэд хонохдоо гэрээ гэхээсээ илүү “цэцэгт хөндийгөө” санаж, хурдхан л нутаг буцах юмсан гэж яардаг байж билээ. Өнөөдөр мөн л дадсан заншлаараа мөнөөх бидоноо боломгоомжтой гэгч нь аваад гарлаа. Энэ удаад харин гүйсэнгүй, энгэртээ наан нандигнаж явав. Тэгээд өнөөх л тогтсон цагтаа гэртээ ирээд мөн л болгоомжтой гэгч нь орон дороо нуув. Саахалт айлын өвөөгийн хэлсэн үг өнөөдөр бүр ч тод сонсогдох шиг баярласандаа тэсгэлгүй чангаар инээж орхилоо. “Юундаа хар өглөөгүүр инээд алдаад байгаа юм. Зүүдлээд байгаа юм уу” гэж үглэх ээжийнх нь дуу яг л тэнгэрийн элчийн дуу хоолой шиг уянгалаг зөөлөн сонсогдоно. Өглөөн ундаа уун, ус дөхүүлчихээд хониндоо гарахдаа орон дороо нуусан зүйлээ нүднийхээ булангаар сэм хараад “Удахгүй чамаар ээжийнхээ ачийг хариулна даа” гэж аяархан шивнээд гарлаа.


Хээрийн салхины сэвэлзээнд өвсний толгой намилзаж, цэцэг ногооны анхилам үнэр хамар өөд цоргино. Дэлгээд тавьсан ширдэг шиг ногоон талд энэ л үнэрийг цээж дүүрэн амьсгалан хэвтэх нь юутай жаргалтай. Очир өдөржин хонины захад хэвтэж байгаад үдийн хэрийд гэрийн зүг явлаа. Гэртээ иртэл өнөөх бидон нь хаалганы зүүн буланд хэвтэж байв. Яаран шүүрч аваад харвал дотор нь байсан зүйл юу ч үгүй. Баяр баясгалангаар гэрэлтэж байсан бяцхан бор царай нь хувисхийн цонхийж : – Э..э.. энэ дотор байсан юм хаачаа вэ? хэмээн ээрч мууран ээжээсээ асуусанд –Шөнө тэгтлээ их цангаад байдаг юм уу. Юм уумаар байдаг юм бол босоод л ууна биз. Орон дороо хар ус тавьж хонодог нь яаж байгаа юм гэх ээжий нь үг зүрхэн тушаа хүчтэй гэгч нь нудраад авах шиг. Өөрийн эрхгүй хоолой нь зангиран том алаг нүд нь харууслын нулимсаар дүүрч :– Та тэгээд асгачихсан юм уу. Яагаад?… Яаж байгаа юм бэ? хэмээн цурхиртал уйлан гэрээсээ хар хурдаараа гүйн гарлаа. – Энэ хүүхэд чинь хар усны хойноос… асгахгүй тэгээд яах юм гэх ээжийн дуу ард цуурайтан хоцров.


Хаашаа, яах гэж гүйж байгаагаа мэдэхгүй ч гүйсээр л… Өөрийн мэдэлгүй явсаар өглөө бүр нисэх шахам гүйж ирдэг байсан “цэцэгт хөндийдөө” ирэн харуулдан унаад эхэр татан уйллаа. “Тэр ховорхон заяаг хайрласан эхийнхээ ачийг хэзээ ч хариулж дуусдаггүй юм. Шүүдрийн дуслыг цуглуулан цай чанаж өглөө ч тэр нь ганцхан шөнө босож хөхүүлсэн ачийг л хариулсантай тэнцдэг юм” хэмээсэн саахалт айлын өвөөгийн үг чих дэлсэхэд “Яагаад заавал тэрийг асгачихаж байгаа юм бэ? Асуух ч үгүй…Яагаад заавал асгаж байгаа юм бэ? ” хэмээн харууслын аясаар цурхиртал уйлсаар л….


Тооноор тусах наран уулын оройгоод зочлоход үдэд гэрээс гарсан хүү нь эргэж ирсэнгүй. Гэрийн дотор хөндий хоосон оргиж, галын илч илч болсонгүй. Ижийн сэтгэлд айх, гайхах зэргэцэвч хүүгээ гомдоосон гэдгээ яахин мэдэх. Хаана яваа юм бол гэж санаашран суухад хүүгийн хаяад гарсан нэгийн бидон нүднээ тусаж, түүнийг тойрон гэрэл цацарч, халуу дүүгэх шиг санагдлаа.


Б.Мөнхзаяа-”Давалгаа-2010″ богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт бүтээл


Эмэгтэйн тухай яриа /өгүүллэг/

Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай.Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь гэдэгтэй одоо ч, хожим ч санал нийлнэ. Эмэгтэйгээ олсны дараа тэр миний үгэнд орохгүй их зовоосон. Хамгийн гол нь надад итгэж өгөхгүй байсан юм. Хэдий дургүй ч би түүнд зориулан дуулж, бүжиглэж өгч байлаа. Бас нүдний шил зүүдэг болсон юм. Бага зэрэг ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэснийх. Бас их зовж байж зөндөө олон алмаазан шигтгээтэй үгсийг түүнд зориулан хаанаас ч билээ олж өгснөө санаж байна. Тэр тэдгээр үгсийг дэрээ задлаад дотор нь хийсэн, түүнийгээ дэрлээд унтдаг юм. Шөнө тэдгээр үгнүүд нь амилаад зүүдэнд нь олон сайхан авиа гаргадаг гэсэн.


Түүнийг өөрийн болгохын тулд хайрлана жаргаана, хэзээ ч үүрд гэсэн үгсийг түлхүү хэрэглэж, бараг надтай суувал чамайг би нисч сургана ухааны юм ярьж, ярьсны эцэст тэр зөвшөөрсөн. Нөгөө нисч сургах тухай яриа ч тэгсгээд мартагдсан. Учир нь би өөрөө нисэх нь байтугай өндөрхөн газар гишгэчихвэл тархи толгой дайвалзаад байдаг юм. Би өндрөөс маш их айдаг. Ашгүй эмэгтэй маань нисэх тухай надаас дахин асууж шалаагүй. Бид түүнээс хойш хэдэн зууны дараа гэрлэж хуримаа хийсэн. Ердийн он тооллоор бол энэ нь хоёр жилийн дараа гэсэн үг. Би энэ өдрийг мөн ч их хүлээсэн дээ.


Түүнтэй танилцсанаас хойш бүх улиралд зун болдог болчихсон юм. Ингээд бид гэрлэлээ. Ер нь гэрлэнэ гэдэг бол эр эм хоёр нүцгэлэн нэг оронд ороод тэнгэрийн өмнө чармай шалдан хэвээрээ тэврэлдээд л хэвтээд байдаг юм байна гэдгийг тэгэхэд би ойлгож авсан. Хүсвэл тэврэлдсэн чигээрээ унтаад өгч болно. Унтаад л байна, нэг орон дотор. Хэрвээ хүүхэдтэй болчихвол тэдэнтэйгээ хамт унтаад л байна. Мэдээж бид өглөө нь тус тусын ажил төрөлдөө явцгаана. Орой ирнэ. Тэгээд л унтана даа. Гэрлэсэн эр эм хоёрын хувьд хэн нь тэвчээртэй унтах вэ гэсэн энэ хүнд шалгуурын өмнө сөхөрчихгүй л бол амьдрал хамгийн амттай байдаг байна. Заримдаа эрэгтэй нь өөр газар очиж хононо л доо. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Хэрвээ ийм явдал даамжирвал эмэгтэй нь маш ууртайгаар “Чи яг одоо хаана унтахаа шийд” гэж эрэгтэйгээсээ шаарддаг юм. Яагаад энэ тухай улиглан яриад байна вэ гэвэл надад бас хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон бөгөөд би “Эмэгтэйтэйгээ л хамт унтана” гэж хэлээд, хэлсэндээ харин ч нэг эр хүн шиг хүрсэн юм.


Манай эмэгтэй бараг дутагдалгүй. Бараг гэсний учир тэр намайг өөр газар урт богино хугацаагаар янз бүрийн ажил төрлөөр яваад ирэхэд (томилолт, хөдөө байдаг аав, ээж дээрээ очих.гм) нэг л сонин болчихдог. Бусдаар бол ямар нэгэн өө сэв байхгүй. Өдөр ч шөнө ч бүсгүй маань бөөн дуу шуу, гэрэл гэгээ цацруулаад явж байдаг юм. Танай бүсгүйгээс ч гэсэн ийм гэрэл гардаг гэдэгт итгэлтэй байна. Би ихэвчлэн багын зуршлаараа ямар нэгэн зүйл хайгаад гэртээ сууж байна. Харин эмэгтэй маань гадагш гарахдаа өөрийн хээнцэр жижигхэн цүнхэндээ миний биеийн өрөөсөн талыг чихэж чихэж багтаагаад, энд тэнд савчуулан барьж явдаг юм. Өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн зүйл ярьж, ярьсан чигээрээ гараад явчихна. Орой ирэхдээ бас л нөгөө шулганасан юмаа яриад орж ирдэг. Би юуны тухай ярьдгийг нь тэр бүр мэддэггүй ч яг юу хэлэх гээд байгааг нь хагас хугас гадарладаг юм. Яриаг нь бүрэн ойлгодоггүй хэрнээ би түүнтэй ярих их дуртай.


”Тийм үү. Тийм үү” гээд л аманд нь орчих гээд дагаад гүйгээд байна. Зочны өрөөнд, гал тогоонд, бүр “00”-д ороход нь хүртэл үүдэнд нь нөгөө л “Тийм үү.Тийм үү” гэдгийгээ давтаад зогсч байна. Нэг орой гал тогооны өрөөнд бүсгүйгээ дагалдан ярьж яваад “Т…” гээд гараа хөдөлгөтөл хураалттай аяга саваа тэр чигээр нь унагаж хагалаад эмэгтэйдээ маш их загнуулж байсан удаатай.


Манай эмэгтэй биднийг (хүүхэд болон намайг) хооллож хувцаслах цэвэр цэмцгэр байлгахад маш их анхаардаг. Бас угаасан хувцсыг надаас сайн индүүддэг юм. Долоо хоногт нэг удаа биднийг тийнхүү сайхан хувцаслаад хотын аль нэг аятайхан хоолны газар дагуулан очиж гэр бүлээрээ халуун дулаан яриа өрнүүлэн сууцгаадаг. Гэрлэлтээс өмнө бол би түүнд зориулан маш сайхан хувцаслахыг үнэн сэтгэлээсээ хичээдэг байсан. Харин хуримнаас хойш больсон. Ээж нь түүнд ямар ч эхнэр, нөхрөө өнгөтэй өөдтэй явуулахад анхаарах ёстой гэж хэлсэн гэсэн. Би түүнийг өөр газарт урт богино хугацаагаар янз бүрийн ажил төрлөөр яваад ирэхэд (томилолт, хөдөө байдаг аав ээж дээрээ очих.гм) нэг л сонин болчихдог. Бараг сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байдаг гэхүү дээ. Бэлдсэн бүх цэвэр хувцсыг нь өмсөж дуусгана. Орондоо орж унтахгүй. Сахлаа ч хусахгүй. Хоол маш бага иднэ. Хүлээлт гэдэг ямар нэгэн өвдөлт болохыг тэр үед хүчтэй мэдэрдэг. Тэгээд өвдөж байгаа цаг хугацааг хурдавчлах арга сэддэг. Тэр аргуудын нэгэнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь их үр дүнтэй юм шиг санагддаг байлаа. Энэ арга бүсгүйд маань огт таалагдаагүй болохоор би энэ муу зуршлаасаа салсан. Тэгснээс юмаа бичээд сууж байсан нь хавьгүй дээр гэж тэр хэлсэн.


Тэр бас энэ ертөнцийн бүх эмэгтэй хүн адилхан байдаг тухай надад ярьсан. Өмнө нь би энэ талаар арай өөр бодолтой явсан юм л даа. Бодоод байсан чинь түүний зөв юм шиг санагдаад, энэ сэдвээр бид дахин ярилцахгүй гэж шийдсэн. Чин үнэндээ түүнийг би эмэгтэй хүн гэж боддоггүй. Эмэгтэй хүн гэдэг үг том хүн гэсэнтэй адилхан сонсогдож байгаа биз. Том хүүхнүүдийг л тэгж хэлдэг биз дээ. Харин тэр надад хараахан том болж амжаагүй дөрөв юмуу, таван настай хүүхэд шиг санагддаг. Учир нь манай эмэгтэй ямагт хүүхэд шиг зан гаргана. Амархан гомдоно. Маш сахилгагүй, ямар нэгэн тэнэг бодол толгойд нь орж ирвэл тэр даруйд нь заавал түүнийгээ туршиж үзэх гэж яарна. Тэгээд тэр нь ихэнхдээ бүтэлгүйтнэ. Бүтэлгүй явдалдаа заавал намайг хамсаатнаар оролцуулах гэж шаардана. Энэ бүхний эцэст бүтэлгүйтсэнийхээ бүх бурууг зөвхөн надаас болсон гэдгийг хилсээр нотлох гэж зүтгэнэ. Хэрвээ тэр оролдлого нь амжилттай болбол хэдэн өдөр ярина. Заримдаа мартамхай. Намайг нэг удаа дэлгүүрт орхиод тэр чигээрээ гэр рүүгээ хаяад явчихсан юм даа. Гэртээ очоод нөхрөө эзгүй байхаар уурласан гэсэн. Бас нэг хэлүүштэй зүйл бол тэр маш зөнч зүүдтэй. Намайг буруу хэрэг хийснийг зүүдэндээ үзсэн, алхам бүрийг чинь би алдалгүй харж байдаг гэсэн яриандаа итгүүлэх шахсан удаатай. Маш их ярина. Заримдаа хэд хоногоор ч дуугарахгүй. Намайг хааш нь ч явуулах дургүй. Үргэлж цуг явах гэнэ. Орхиод явчихаар уйлна. Дагуулаад явахаар уйлснаас ч долоон дор явдал надад тохиолдоно. Ингээд бодохоор би өөрийгөө бас бүрэн том болчихсон хүн гэж үздэггүй юм.


Гэхдээ тэр дандаа хүүхэд шиг байдаггүй. Намайг дагаад уйлж байгааг нь ч хүүхдийн араншин гэж боддоггүй. Нялх хүүхэд эцэг эхээ, хамгийн хайртай хүнээ нөгөө өрөөнд орох төдийд дагаж уйлдаг шүү дээ. Бас дэлгүүр гарах, ажилдаа явах зэрэгт байдгаараа чанга орилон, хааш нь ч явуулахгүй гэж зүтгэдэг. Хагацал яг ийм байдаг. Хагацлыг мэдрэх мэдрэмж яг ийм байдаг. Магадгүй нөгөө өрөөнд орох, нөгөө ертөнцөд очих хоёр мөн чанарын хувьд адил байж ч болох. Миний нэг танил дэлгүүр орох гэж гараад гэртээ үүрд эргэн орж ирээгүй билээ. Тэр маш ухаантай. Надад зориулан яг л хоол хийдэг шигээ олон ухаантай үгсийг бодож олсон санагдаж байна. Тэдгээрээс “Амьдралыг, бүр кофены жижиг аягыг ч аль өнцгөөс нь харснаас бүх зүйл шалтгаална” гэсэн үгс надад хамгийн их таалагддаг.


Тиймээс яг одоо би гэрийнхээ аль нэг өнцөгт суучихаад өөрсдийнхөө талаар, саяхан худалдаж авсан унтлагын өрөөний тавилгуудынхаа талаар, хүүхэд болоод өөрийнхөө тухай эргэцүүлэн, энэ бүхнийхээ тал талд нь гараад янз бүрээр хараад сууж байна.


Ингээд эмэгтэйн тухай яриа өндөрлөж байна. Учир нь түүний яаруу алхаа орцны үүдээр түрүүхэн орж ирээд гуравдугаар давхрын ногоон хаалгыг зүглэн өгсөж эхэллээ.
2007.02.12
Б.Эрдэнэсолонго










6-р сарын романс /өгүүллэг/


14 цаг 32 минут
Тэнгэр гэнэт л учиргүй их уйлаад унав. “Бас хэндээ гомдчихоо юм бол доо. Өсвөр насны охин шиг л эмзэг юм аа, энэ тэнгэр” хэмээн бодсоор Цэцэглэн ус туучиж гүйлээ. Гүйж гүйж байснаа зогтусан зогсоод гараа харав. Гар нь яг бороон дунд хайлж урсаад байх шиг аймаар харагдахад нь “Би ингээд л урсаад дуусчихвал яана аа” гэсэн хачин бодол толгойд нь орж ирээд өмнөхөөсөө ч хурдан гүйв.Гэр хүртэл нь хаа байсан юм. Дахиад 2 буудал. Ядаж такси ч баригдахгүй болохоор яаж ийж байгаад борооноос зугтахаас өөр арга байсангүй. Тэрүүхэнд харагдах нэг орц яг дайны хоргодох байр шиг харагдахад бушуухан ороод зогсчихлоо. Чичигнэсэн арьсан дээгүүр нь хүйтэн ус гулсаж буухуй яг мөсөөр биеийг нь арчиж байгаа юм шиг санагдахад тэр өөрөө өөрийгөө чанга гэгч нь тэврээд авлаа. “Өдий 24 хүрчихээд машин авч байхгүй яасан юм” гэж өөрийгөө загнаж байгааг нь хөндлөнгийн хүн харвал эгээ л жоохон охин шиг утгагүй хирнээ эгдүүтэй.


Түүнийг цээжээ хурааж зогсох байх зуур өөр нэг өөртэй нь адилхан бороонд “шархатаж” яваа өндөр залуу ороод ирэв. “Ядаж ханьтай боллоо” гэж бодож дуусаагүй байхад нь өнөөх танихгүй залуу гарт нь байсан алчуурыг булааж авснаа нүдээ арччихаад эргүүлээд атгуулчихав. Баярлалаа ч гэж хэлсэнгүй. “Бүдүүлэг амьтан” гэж дотроо дургүйлхэснээ түүний өөдөөс хараад нүд нь гэнэт гацчих шиг л боллоо…


Уртавтар ургуулсан үсэн дээр нь бөнжигнөсөн дуслууд доош унахдаа нэг бол уруулыг нь, нэг бол нүднийх нь урт сормуусыг онох ажээ. Бас зарим нь шанхыг нь дагаж зөөлөн урссанаа, норсон цамцных нь цаанаас нэвт гэрэлтэх цээжин дээр нь унана. Ямар нэг уран зураг харж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд түүнийг хир удаан ширтээд авснаа мэдсэнгүй. Залууг өөр лүү нь хараад гайхширсан янзтай хөмсгөө өргөнгөө “Мм…?” гэж авиа эсвэл асуултын аль нь үл мэдэгдэх янзаар дуугарахад нь л сэхээ орж амжив.


-Чи зүгээр үү?
-Зүгээр ээ…Ингэж хэлж байхдаа ч тэр нүдээ түүнээс салгаж чадахгүй л байлаа. Хүзүү нь яг хатуу төмөр болчихсон юм шиг хөдөлж өгсөнгүй. “Намайг одоо тэнэг гэж бодож байгаа даа” гэж бодоод бүсгүй сандарсандаа шүлсээ залгив.
-Яасан ямар нэг юм мартчихаа юу?
Цэцэглэн энэ үгийг нь өлгөж аваад –Харин тийм ээ, юу…нэг уран зураг гэнэт санаанд ороод…тэгээд нэрийг нь бодоод зогсчихож.
-Аан…Ямар зураг юм? Түүнийг ингэж асуух мөчид толгойд нь гэнэт өчигдөр харсан зураг нь орж ирэв.
-Нөгөө…хүмүүсээр бороо ороод л байдаг…тийм зураг.
-Гольконда юу?
-Аан нээрээ тийм ш дээ. Ингэж хэлэхэд нь залуу тусалж чадсандаа баярласан бололтой инээмсэглэлээ.


“Ийм инээмсэглэл хажууд байхад нарны ч хэрэг алга…”
15 цаг 10 минут
Бороо ороод л ороод л байлаа. Цементэн газар яг гол шиг урсаад л. Нааш цаашаа гүйлдээд байсан хүмүүс хүртэл байхгүй болчихож. Бүгд гэртээ орчихож, эсвэл бүгдээрээ бас л нэг орцонд хоргодож зогсоо байх. Цэцэглэн түрүүн өөрийгөө эвгүй байдалд оруулсандаа ичээд юу ч дуугарахгүй зогсоод л байлаа. Орцны довжоон дээр буух борооны дуслуудын хага хага бутрах чимээ энэ байрны бүх айлуудад сонсогдохоор чанга байх шиг түүнд санагдав. Бас түрүүн өөрийг нь бүв бүлээхнээр төөнөж орхисон инээмсэглэл шалба норчихоод байсан биеийг нь хатаачих шиг бодогдлоо. Ийм нам гүмийг эвдэж залуу:
-Юунд нь ингэтлээ их уйлдаг байна аа…гэж хэлээд нэг их санаа алдав.
-Мм?
-Энэ тэнгэр ээ. Уйлаад л байх юм.
Энэ үгийг сонсмогцоо Цэцэглэн хачин их гайхаж, бас баярлаж орхилоо. Тэр ганцхан өөрийгөө л юм болгоныг амьтай гэж боддог сонин зуршилтай гэж боддог байжээ. Гэтэл энэ үл таних уран зураг шиг царайтай залуу ч гэсэн өөртэй нь адилхан гэдгийг мэдмэгцээ хэн нэг эртний танилтайгаа эргээд таарчихсан юм шиг л хөөрчихөв. Тэгээд
-Харин тийм байгаа биз? Би ч бас тэгж бодсон юм. Яг хэн нэгэнд гомдсон л байж таарлаа. Эсвэл хайртай бүсгүй нь хаяад явчихсан байх аа, хөөрхий амьтныг гэж дуржигнуулж гарлаа.
Амандаа яг болжмор шиг шулганачихсан бүсгүйн өөдөөс өнөөх залуу нүдээ том болгож хараад
-Хэнийг? гэж асуухад
-Тэнгэрийг л байхгүй юу…
-Аан гэснээ тэр толгойгоо сэгсрэн онигоо сонссон хүн шиг инээд алдав.
Цэцэглэн ч бас инээмсэглэлээ. Түрүүчийнх нь инээмсэглэлээс үлдсэн төөнүүр биеэс нь арилж дуусаагүй байхад, тэр дахиад л инээчих юм. Одоо бүр халууцаад ч байх шиг, даралт нь ч ихсэх шиг, толгой нь ч эргэх шиг бүр хачин болж орхив. Зүрхээ гаргаж ирээд илээд тайвшруулчихмаар их сандарлаа.


“Нүд гялбаад байна ш дээ…Нар минь”


16 цаг 00 минут
Бороо зогсох тийшээгээ хандаж эхлэв. “Ээ битгий зогс л доо, бороо минь”. Түрүүний инээднээс хойш тэр хоёр овоо биеэ барихаа больж эхэлж байсан юмсанж. Залуу халааснаасаа чихэвчний хөгжим гаргаж ирээд бүсгүйд хамт сонсохыг хүртэл санал болгожээ. “Ийм ахицтай явж байхад чинь бороо зогсчихвол яах болж байна аа” гэж бодонгоо Цэцэглэн чихэнд нь эгшиглэх Шопены тансаг аялгуунд үл ялиг найгаж байлаа. Сайхан хүний сонсдог хөгжим нь ч сайхан байх аж.


-Бороо зогсчихлоо. Залуу ингэж хэлээд бас л санаа алдав. Санаа алдах нь зүрх сийгүүлээд хаячихна.
-Арай ч дуусаагүй байх шиг байна аа. Ингэж хэлэхдээ бүсгүй горьдлого тээсэн өнгө аяс өөрийн эрхгүй гаргачихлаа. Залуу энэ үгийг нь сонсоод бүсгүй лүү нэг их чухал янзаар харав. Тэгснээ гэнэтхэн бөхийж ирснээ, нүүрээ ойртууллаа. Амьсгал нь ч бас ойртсоор, Шопены аялгуу ч хурдсаад ирэв…”Бурхан минь” гэж бодоод бүсгүйг нүдээ анихад ямар нэг зөөлхөн зүйл хацрыг нь илбэлээ.
-Наад хацран дээр чинь юм болчихож.
-А..ан.
Бороо аль хэдийн зогсоод, нар цухуйчихсан байхад ч тэр хоёр орцноосоо гарахгүй зогсоод л байлаа.
-Чи уран зураг сонирхдог юм уу?
-Аан Гольконда юу? Тэр гоё зураг шүү…Тийм ээ бага зэрэг.
-Тэр чинь тийм гоё зураг биш ээ. Чи жинхэнэ гоё зураг үзмээр байна уу?
-Хаанаас? гэж асуухад нь залуу гарыг нь атгаад авлаа.
-Нэг их хол биш ээ. Жаахан алхаад л хүрчихнэ.
“Хол байсан ч яахав ээ. Бүтэн өдөр, сараар явж хүрэх газар байсан ч яахав…”


16 цаг 27 минут
Замдаа тэр хоёр бараг юм дуугараангүй. Харин Шопен л ээлжилж эгшиглэсээр байлаа. Залуу гараас нь атгасан хэвээр. Тэр хоёр явсаар модоор дүүрэн нэг цэцэрлэгт ороод ирлээ. Ямар нэг галерейд орно гэж бодсон бүсгүй гайхсан ч юу ч асуусангүй.


Энэ цэцэрлгийн хаан нь болов уу гэмээр хамгийн том сүрлэг модны дор Цэцэглэнг аваачиж зогсоогоод өнөөх хачин залуу “За бэлэн үү?” гэж асуулаа.
-Юунд?
-Хамгийн гоё зургийг харахад. Гэхдээ чи дээшээ харж байгаарай за юу?
-Бэлээ…Сүүлийн үсгээ хэлж амжаагүй байхад нь өнөөх залуу модыг гараараа хөдөлгөж түрүүчийн борооны навчсын дээр шүүдэрлэн тогтсон дуслуудыг түүний дээр унагав. Том том, дугариг дугариг дуслууд дээрээс нь бөөн шүхэр шиг, эсвэл том том үүлнүүд шиг унаж ирэхийг харахад яг хүүхэд насандаа эргэж ирсэн мэт санагдав. Цэцэглэн догдолсондоо өөрийн эрхгүй чанга инээчихлээ.
-Гоё харагдаж байна…гэж залуу хэлэв.
-Аанхаан. Нээрээ гоё харагдаж байна шүү гэж Цэцэглэн хэлээд бяцхан охин шиг инээхээ зогсохгүй л байлаа.
-Биш ээ. Чи гоё харагдаж байна хэмээн залуу зогтустал хэлэв. Бүсгүйг түүн лүү гайхсан харцаар цоо ширтэхэд залуу модныхоо мөчрийг тавиад өөр лүү нь ойртож ирснээ нойтон гараараа хоёр хацраас нь барьж байгаад үнсэж орхилоо. Цэцэглэн чичирч эхлэв, уруул нь хүртэл өмөлзөөд олигтой ч үнсэж чадахгүй байгаа юм шиг санагдан өөртөө нэг бодлын уур хүрнэ. Давалгаанд цохиулах шиг, эсвэл бүр ямар нэг зөөлхөн цэцгийн дэлбээ шиг юм руу шумбаад орчих шиг л мэдрэмж төрж байлаа. Хэсэг үнсэлцсэний дараа залуу түүний духанд өөрийнхийгөө наагаад үл ялиг инээмсэглэхэд нь бүсгүй ухаан орлоо.


-Гэнэт яагаад үнсчихэв ээ? Ингэж аяархнаар сонсогдох үгүйтэй асуухад нь залуу
-Гэнэт биш ээ, түрүүнээс хойш үүнийг л хүсэж зөндөө удлаа гэж хэлээд үргэлжлүүлэн үнсэж эхлэв. Бүсгүй сандарсандаа өөрийгөө үл ялиг татаад нилээд гэмшсэн хоолойгоор
-Би нэрийг чинь ч мэдэхгүй ш дээ хэмээв.
-Ганаа. Одоо болсон уу?
-Чи ч бас миний нэрийг мэдэхгүй.
-Мэднэ ээ. Цэцэглэн биз дээ?
-Чи яаж…?
-Чшш. Долоовор хурууныхаа өндгөөр бүсгүйн уруулыг таглаад тэр –Дараа тайлбарлая гэж шивнээд үргэлжлүүлэн үнслээ.


“Яаж хүний уруул ийм халуун байж болдог байна аа…?”
17 цаг 00 минут
-Аааа, Ганаа одоо больё оо. Би айгаад байна.
Эмэгтэй хүний царгисан цоглог дуу цэцэрлгээр нэг түгэх аж. Хамгийн том модны дэргэдэх жаахан хүүхдэд зориулсан бяцхан дүүжин дээр нэг норсон үстэй бүсгүй савлуурдан тоглоно. Төмөр гинжнээс нь нэг өндөр царайлаг залуу түлхэж байлаа.
-Чи л өөрөө түрүүн нисмээр байна гээд байсан ш дээ…гээд Ганаа хөгжилтэйеэ инээхэд
-Тэр чинь тоглож байсан юм аа хэмээн бүсгүй бас л инээсээр гэрэвшингүй гэгч нь хариулав. Түүнд Ганаа хэдхэн цагийн өмнө танилцсан хирнээ хэзээний найз залуу шиг нь дотно санагдах болж. “Болохгүй юмсан” гэж дотроо бодоод өөрийгөө хориглох шалтгаан хайсан ч нэг ч олигтой шалтгаан олдоогүй, өөрөө ч олохыг хүсээгүй болохоор энэ удаад тэр зүгээр л зүрх сэтгэлээ дагахаар шийдсэн аж.
Дүүжинг улам өндөрт хөөргөхөөр залуу түрүүнийхээсээ арай хүчтэй түлхэв.
-Тэгвэл миний нэг хүслийг биелүүл.
-Эээ хэмээн Цэцэглэнг эрхлэнгүй дуугарахад өндөрт хөөрсөн дүүжин нь доош огцом бууж өрөөсөн шаахай нь тээр хол элсэн талбай дээр шидэгдчихэв.
-Өө яана аа.
Хоёр жижигхэн хөлөө дээшээ өргөж, хооронд нь нийлүүлээд бүсгүй залуу руугаа нэг харснаа долоовор хуруугаараа шаахай байгаа зүгт заахад нь Ганаа өмнөхөөсөө ч чанга инээгээд өмнө нь ирж хоёр гараа өвдгөн дээрээ тавин бөхийж, “Миний хүслийг эхлээд биелүүлнэ гэж амла” гэв. Хав хар нүд. Бор өнгөний өчүүхэн туяа ч үгүй, яг шив шинэ мойл шиг, үл ялиг ус гүйлгэнэсэн хав хар нүд. Удаан хараад байвал дотор нь ороод живчихмээр. Түрүүнээс хойш ингээд эгц өөдөөс нь харах болгонд бүсгүй залгиулчих шиг, тархи нь яг хов хоосон хонгил шиг болчихоод байлаа.


“Тэр яаж ингээд байна аа?”


-За гээд тэр толгойгоо хурдан хурдан дохив. Тэгмэгц залуугийн нүд нь сэргэж ирээд, хүүхэд шиг гүйгээд шаахайг нь авчиран хөлд нь углахаар доош суулаа. Яг одоо хөлийг нь бариад шаахайг нь өмсгөж өгч байгаа энэ залуу, ер нь энэ болоод байгаа бүх юм нэг нүдээ нээхэд байхгүй болоод, гэртээ орон дээрээ сэрэх вий дээ гэхээс Цэцэглэн үнэхээр их айж байлаа. Эсвэл гэнэт бөөн тоосонцрууд болоод замхарчих вий дээ гэхээс түүнийг тэврээд тавимааргүй, дэргэдээс нь холдмооргүй. Ийм айдсыг тэр өмнө нь мэдэрч байсангүй.


Ганаа хөлийг нь тавичихаад, дээшээ хараад “Хоёулаа нэг өдөр эхнэр нөхөр шиг байх уу?” гэж пал хийтэл хэлж орхиход бүсгүйн зүрх нь яг гэрлийн хурдаар цохилоод эхэлж байгаа юм шиг санагдлаа.
-……
– Чи надад харин таалагдаад.
-…….
-Үгүй яахав дээ хөгжилтэй ш дээ. Тэгэх үү?
-……
-Ганцхан өдөр гээд Ганаа хуруугаа гозойлгон өөдөөс нь татгалзчих вий дээ гэсэн харцаар гүн ширтлээ.
-мм…
Яг үнэндээ түрүүн энэ үгийг сонссоноосоо хойш хамаг бие нь хөшчихөөд хурдхан зөвшөөрмөөр байсан ч арай гэж нэг дуугарч чадсан нь ердөө л энэ. Ганцхан өдөр гэдэг л түүнд хэцүү санагдаж байлаа. “Яагаад маргааш ч гэсэн байж болохгүй гэж?”


-За гэж хэлсэн үг нь хоолойгоор нь арай гэж багтаж гарах шиг, тийм том санагдлаа. Гэнэт их салхи гарч, бүсгүйн үс хийсэхэд дэргэдэх модных нь навчис бие биетэйгээ цохилдон сэрчигнэх нь яг олон бяцхан хүмүүс нэг нэгнээ алгадах мэт шир шир хийсэн чимээ гарч байв. Ганаа толгой дээгүүр нь давуулж дохиод
-Сонссон уу? Бид хоёрыг гэрлэсэнд баярлаад алга ташиж байна.
-Хэн?
-Навчнууд гэхэд нь бүсгүй тэсэлгүй инээчихэв. Өөрөөс нь ч илүү ийм гэнэн цайлган хүн энэ хорвоо дээр байдаг байсан санж.
-Чи яг зураач юм уу, зурагчин…ямар нэг уран бүтээлч хүн байх аа?
-Тэгж санагдсан уу. Таасангүй дээ гэснээ залуу нэг юм санав бололтой
-Өө хоёулаа одоо нэг тийшээ явъя.
-Хаашаа?
Гараас нь хөтлөөд алхлаа.
-Дараа тайлбарлана аа.
“Би яг одоо 180 гаруй өндөртэй, уртавтар үстэй, зурагчин аль эсхүл зураач байж мэдэх, 3-хан цагийн өмнө танилцаад хоёр цагийн өмнө учир битүүлгээр барьж аваад үнсчихсэн, тодруулбал яахаас ч буцахгүй ийм нэг залуутай цуг хаа нэг тийшээ явж байна. Хаашаа гэдгийг нь чөтгөр бүү мэд. Харамсах болов уу…Яасан ч харамсаж зүрхлэхгүй байх”


17 цаг 55 минут
Цэцэглэн “Effect Photo Studio” гэсэн газар луу “нөхөртөө” хөтлүүлсээр орчихлоо. Гэтэл хэд алхахын зуургүй “Манайх хаах гэж байна аа” гэсээр нэг дунд эргэм насны эмэгтэй тэднийг хойшоо түлхэв. Ганаа “Эгч ээ, бид хоёр ганцхан хуримын зураг даруулна тэгээд л болоо” гэхэд “Одоо амжихгүй ээ, гарцгаа гарцгаа” хэмээн загнав.
-Харин бид хоёр аав ээжээсээ нууцаар гэрлэлтээ батлуулах гэж байгаа юм аа. Тэгээд ядаж хуримын зурагтай болохыг хүссэн юм. Гуйж байна ш дээ.
Цэцэглэн чимээгүй л өнөөх эгчийн өөдөөс хараад инээмсэглэлээ.
-Ээ хөөрхийс тийм үү? Гэхдээ маргааш болцгоо, эгч нь маргааш аваад өгье.
-Маргааш өглөө би Солонгос явах гээд байгаа юм аа гэж хэлэхэд нь түүний дууны өнгө өмнөхөөсөө илүү цөхөрсөн байдалтай, бас харц нь энэ удаад үнэнээсээ ярьж байгааг нь илтгэж байлаа.
Зурагчин эгч чимээгүйхэн харж байснаа “За за ганцхан л зураг шүү” хэмээлээ.


Цав цагаан өнгийн бөмбөгөр хормойтой, торон энгэртэй даашинзыг өмсөж зогсохдоо Цэцэглэн жинхэнээсээ хурим хийх гэж байгаа юм шиг л баахан догдоллоо. Гялалздаг шигтгээтэй титмээ засаад өрөөнөөс гараад ирэхэд нь өөдөөс нь эрвээхэй зангиа, хар tuxedo өмссөн цэмцгэр залуу зогсож байв. Ямар нэг кинонд тоглож байгаа юм шиг мэдрэмж.
-Сүйт бүсгүй минь сайн уу? гээд гарыг нь зөөлөн үнслээ. Тэгээд бүсэлхийгээр нь тэвэрлээ. Цээжин дотор нь бөөн эрвээхэй орчихоод гарах гээд нисэлдээд байгаа мэт санагдаад Цэцэглэн зүрхээ дарлаа. Гайхалтай сайхан байгаа хирнэ, яагаад ч юм нэг л түгшүүртэй байдал өөрөөс нь түрүүнээс хойш салахгүй байлаа. Яг юунд ингэтлээ түгшээд байгаагаа олж чадсангүй.
-За бэлэн үү?
Хуримын хувцастай залуухан хос хацраа нийлүүлэн зогсоод зургаа даруулчихав. Дараа нь бүсгүй хувцас солих өрөөнд ороод даашинзаа тайлах гэтэл нэг дулаахан гар араас нь тэврээд авлаа. Тэр ороод ирчихэж. Хүзүүнд нь уруулаа зөөлөн шүргүүлснээ халааснаасаа утсаа гаргаж ирээд дээр нь Ганаа Фрэнк Синатрагийн “Something stupid” дууг тавиад бүсгүйг мөрөөр нь эргүлэн өөр лүүгээ харууллаа. Тэгээд толгойд нь хацраа наагаад аяархан найгаж, тэр хоёр бүжиглэж эхлэв. -Хуримлаж байгаа хосууд чинь бүжиглэдэг биз дээ хэмээн чихэнд нь шивнэхэд бүсгүй яаж амьсгалаад байгаагаа ч мэдэх сөхөө байсангүй.


“Then I go and spoiled it all by saying something stupid like I LOVE YOU…” Энэ хэсгийг нь залуу чихэнд нь улам ойртоод зөгийн бал шиг өтгөн хоолойгоор аяархан дуулж өгөв.
Уруулаараа дух сормуусыг нь багахан шүргээд нүдийг нь үнслээ. Дараа нь уруул, доошлоод хүзүүг нь эрэгтэй хүнийх гэхэд итгэмээргүй зөөлөн уруулаараа үнсэж эхлэв. Даашинзны энгэр мөрийг нь даган унахад тэр мөрийг нь үнсэв. Хөл дээрээ ч тогтвортой зогсож болмооргүй хэтэрхий бүр хэтэрхий уярмаар санагдахад бүсгүйд гэнэт энэ бүхнээс зугтмаар санагдлаа. Ганаа мөрийг нь дээшлүүлж өмсүүлээд, “Би гадаа гараад хүлээж байя” гэж шивнэн гарч явав. Цэцэглэн өөрийнхөө богино өмд, цамц хоёроо өмсөж байхдаа энэ бүх хэтэрхий сайхнаас сэрэх цаг нь болсон юм шиг санагдав. Тэгээд тэр зугтахаар шийдлээ. Юунаас болоод ингээд байгаагаа сайн ойлгоогүй боловч зүрх нь нэг л айдсаар дүүрчихээд зугтахаас нааш зүгээр болохооргүй юм шиг санагдаад байлаа. Тэгээд тэр хувцсаа өмсөөд л гараад гүйчихлээ. Угаалгасан зургаа авч зогссон Ганааг эргэж харахын гүйхийн завдалгүй бүр хамаг хурдаараа гараад гүйчихэв. Аль болох хурдан энэ зүүднээс холдоод өөрийнхөө байх ёстой газар, гэртээ очъё хэмээн бодогдов. Юм бүхэн хэтэрхий сайхан болоод ирэхийн цагт оргомоор санагддаг аж. “Цэцэглээн!” гэж араас нь дуудсан хоолойноос, түүний ховстой харцнаас, энэ бүх жингүйдлийн байдлаас өөрийгөө татаж авахгүй бол үүрд энэ зүүдэндээ үлдчих юм шиг дотор давчидмаар, аймаар.


“Чи угаасаа л энд байх ёсгүй байсан. Одоо ч байх ёсгүй. Эргэж буцах гээд үзээрэй… Яасан ч болохгүй шүү”


19 цаг 02 минут
“Бүх юм дууссан” гэхийн хажуугаар “Бүх юм гэнэ шүү, нэг их удаан хамт байчихсан юм шиг” гэсэн бодол толгой дотор нь цуурайтна. 5 хан цагийн өмнө л танилцсан юмсан. Гэтэл яагаад ингэж их хоосроод ирснийг мэдэх юм алга. Алхан алхсаар байрныхаа гадаа хүрээд ирчихжээ. Хөл нь бага зэрэг холгосон бололтой хорсоод л байсан ч түүний харах сөхөө ч түүнд алга. Нүдээ аниад, аниад л энэ бүх дотор нь сонсогдоод байгаа дуу чимээнээс ангижирмаар санагдав. Тэгээд нүдээ аниад нэг хоёр гурав хэмээн цааш тоолсоор алхлаа. Яг 15 гэхдээ ямар нэг том чулуунд тээглээд унахын даваан дээр хэн нэгэн хойноос нь түшээд авахыг мэдэрлээ. Нүдээ нээгээд хартал хамгийн их хүлээсэн хирнээ, хамгийн их зугтахыг хүссэн тэр хүн. “Нар минь”
-Чи хаанаас гараад ирэв ээ?
-Дараа тайлбарлая аа.
-Дараа, дараа л гээд байх юм. Хэзээ тайлбарлана гэж. Маргааш Солонгос явах гэж байгаа юм байж…Чи явахынхаа өмнө ганц өдөр надаар даажигнаж байгаад л орхиод явах гэж байсан биз дээ. Муу өөдгүй, тэнэг…Тийм байж бас дараа тайлбарлана гэнэ шүү. Алив тавиадах.
Ингэж хэлэхдээ түрүүнээс хойш юунаас айгаад байснаа бүсгүй ойлголоо. Тэр үнэндээ залууг маргааш яваад өгнө гэхээс айсан, тэгээд түүнийг алдах зориг байхгүйдээ өөрөө эхэлж зугтмаар санагдсан байж.
-Хэн тэнэг гэж. Гудамжинд явж байж нүдээ аниад алхаад байдаг хүн гэж байсан юм уу? Бүдэрч унаад машинд дайруулвал яана. Чи өөрөө ёстой тэнэг.
“Намайг чимээгүй дагаад л яваад байсан юм байна”
Бүсгүйд хэлэх үг олдсонгүй. Ганаа түүнийг босгож хувцсыг нь янзалж өгөөд өөдөөс нь хараад инээлээ.
Тэр хоёр хоёул чимээгүй бие биенээ харж хэсэг зогстол Ганаа
-Хоёулаа гэр бүл болсноосоо хойш анх удаа маргалдлаа ш дээ. Эхнэр нөхөр чинь хааяа муудалцчихаад буцаад л эвлэрчихдэг биз дээ гээд инээлээ.


“Би яаж түүнийг мартана гэж бодож чадсан байна аа?”


20 цаг 00 минут
-Би үнэндээ чамайг ойлгохгүй л байна.
-Юуг?
-Чи надаа нэрнээсээ өөр юугаа ч хэлээгүй. Бас юм асуухаар дандаа “Дараа тайлбарлая” гээд тойруулаад хаячих юм.
-За за уучлаарай. Чи одоо юу хиймээр байна? Чи миний нэг хүсэлтийг биелүүлж байгаа юм чинь би ч бас чинийхийг биелүүлье.
Бодож бодож байснаа –Од л хармаар байна. Даанч энд харагдахгүй байна гэв. Ганаа огло үсэрч босоод –Чи намайг яг 20 минут хүлээж байгаарай гээд гүйгээд явчихав. Гартаа барьсан зайрмагаа идсээр гудамжны модон сандлан дээр бүсгүй хоцорлоо.


20 цаг 20 минут
Дийд дийд. Марк II-ын цонхноос Ганаа толгойгоо цухуйлгаад “Эхнээр, хажууд ирээд суугаарай” гэж ориллоо. Эхнэр гэж дуудахыг нь насаараа сонсмоор. Гайхширч орхисон бүсгүй инээсээр хаалгыг нь онгойлгон суугаад
Хаанаас машин олчихов оо? Гэж асуулаа.
-Сая найзаасаа түр авчихлаа. Одоо хоёулаа од харагддаг газар руу явах уу? гээд тэр түлхүүрээ эргүүллээ.
Сэлүүхэн замаар хурдлан давхисаар тэд Туул голын бургаснаас цаашхан нэг газар очиж зогслоо.


-Миний хань энэ уутан дотроос хиам, бялаг, талх гурав гаргаад сендвич хийгээд гараад ирээрэй. Хань нь ороо засаадхая гээд Ганаа тоглоомтой нь аргагүй инээж хэлээд машинаас буулаа. Хэзээдээ ийм их юм цуглуулчихдаг байна аа? гэж Цэцэглэн аман дотроо бувтнаад түүнд зориулж ядаж сендвич ч болохнээ хийж өгөхөөр болсондоо баярлав. Хийж дуусчихаад уутанд хийгээд гартал хажууханд нь том улаан даавуу дэвсээд түүнийхээ голд олон жижигхэн зүрхэн хэлбэртэй лаанууд асаагаад сууж байлаа.


-Оройн хоол бэлэн боллоо…


21 цаг 00 минут
Тэр хоёр сендвичээ идчихээд, чулуу таалцаж тоглолоо. Дараа нь зэрэгцээд хэвтлээ. Цэцэглэн Ганаагийн зүүн гаран дээр нь толгойгоо тавьж, баруун гарыг нь хэвлий дээрээ авчирч тавив. Тэгээд од харав. Зөндөө олон однууд. Ээлж ээлжээрээ гялалзах нь нэг нэг эгшиг дуугарч байгаа юм шиг.
-Яг олон жижигхэн нүднүүд шиг харагдаад байх юм.
-Тэгвэл хоёуланг нь хараад атаархаж байгаа байх тэ.
-Аанхаан.
-Би маргааш өглөө 8 цагаас ниснэ.


Энэ үгийг нь сонсонгуутаа Цэцэглэн цээжинд нь нүүрээ наав. Үлдээч гэж хэлэх, гуйх ч эрх байхгүй гэдгээ тэр мэдэж байлаа.
-Мэдэж байна аа. Тэгээд л хэнтэй ч хамаагүй нэг шөнийг өнгөрөөе гэж бодсон тийм үү? Ингэж хэлэхэд нь бүсгүйн дуу хоолойнд ямар ч буруутгасан өнгө аяс байсангүй. Тэр үнэндээ хүлээн зөвшөөрчихсөн байлаа. Хэзээ ч өөрийнхөө ийм сул дорой байхыг мэдэрч байгаагүй ч ганцхан өглөө ч болов түүнтэй цуг сэрэхийг юу юунаас илүү хүсч байсан юм.
-Үгүй дээ. Чи юу ч мэдэхгүй шүү дээ.
-Тийм ээ, би нэрнээс чинь өөр юу ч мэдэхгүй… гээд бүсгүйг санаа алдахад
-Хэн нэгнийг хайрлахад яг үнэндээ нэрийг нь мэдэж байхад л хангалттай байдаг. Би энийг сайн мэднэ гээд залуу түүний дээрээс тонгойн уруулыг нь үнслээ. Энэ удаад маш удаан, маш тайван үнсэлцэв. Сүүлчийнх гэдгийг нь тэд хоёул мэдэж байлаа. Энэ уруулын амтыг ханатлаа мэдрээд авах хүсэл хоёулангийнх нь сэтгэлээр халгиж байв. Залуугийн үнэрт, энхрийлэлд бүх бие нь ямар ч мэдээгүй болчихсныг Цэцэглэн мэдсэн. Тэр залууг яг одоо юу ч гуйсан шууд зөвшөөрчихнө гэдгээ ч тэр мэдэж байлаа. Ганаагийн амьсгалах чимээ хацрыг нь шүргээд хүзүүг нь даган гулсаж, хөхөнд нь ойртоход амьсгаа улам ойртон цээж түвхэлзэж байв. Цамцыг нь доошлуулаад зөөлөн зөөлнөөр зай завсаргүй үнсэж байснаа Ганаа гэнэт болиод эргээд хэвтчихэв.


-Би чамайгаа хөндөж чадахгүй нь ээ гээд тэр духыг нь үнэрлэн буцаад хэвтлээ. Хөшиж орхисон бүсгүй нэг уртаа гэгчийн амьсгаа аваад цээжинд нь толгойгоо дахиад л наагаад хэвтлээ. Хэсэг хугацааны дараа харахад Ганаа сормуусаа хөдөлгөөд унтаж байв. Цэцэглэн энэ мөчийг өөрөөсөө харамлан унтахгүйг хичээн түүнийг ажиглаад л байлаа. Уруулыг нь илж үзчихээд, чихийг нь имэрлээ. Нялх хүүхдийнх шиг нимгэхэн зөөлхөн юм. Хамрынх нь шулууныг даган хуруугаараа гүйлгэсээр төвөнх дээр нь очоод зогсоолоо. Тэр сая л яагаад түүнд ингэтлээ татагдаад байсныхаа урчыг олох шиг болов. Ганаа Цэцэглэнг бага байхад нь нас барсан аавтай нь үнэхээр адилхан аж. Бүх юм нь…


Өглөөний 4 цаг 22 минут
Нүдээ нээлээ. Цэцэглэн хажуудаа хэвтээ түүнийгээ хараад энэ бүхэн зүүд биш байсанд үнэн сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд уруул дээр нь зөөлөн үнсэж сэрээлээ. Тэгснээ гэм хийчихсэн юм шиг сэтгэл нь өвдөв. Учир нь одоо тэр түүний хуурамч ч болтугай эхнэр биш болсон. 12 цаг өнгөрчихсөн. Үнсгэлжингийн ханхүүгээс холдох цаг болчихсон.
-Өглөөний 4 болж байна. Одоо босоод онгоцны буудал руу явахгүй бол болохгүй байх аа. -Тийм үү? Сэрээсэнд баярлалаа.
Тэр хоёр босч хот луу хөдөллөө. Эхлээд бүсгүйг хүргэж өгөхийг хүсчээ. Гэхдээ замдаа тэд бие биетэйгээ юу ч дуугарсангүй. Ганцхан өдрийн настай, цаашаа үргэлжлэх ёсгүй аз жаргал гэж байдаг юм байна.
“Замдаа гэнэт машин нь эвдэрчихээсэй билээ”


Яг дэргэд нь байгаа ч дундуур нь торон хөшиг, эсвэл хана хэрэм босгочихсон юм шиг, одоо түүнд хүрч чадахгүй болсон мэт бодогдоно. Яван явсаар гэрийнх нь үүдэнд ирлээ. Ноёлсон их нам гүмийг эвдэж бүсгүй албаар чанга инээв. Тэгээд
-Надад их сайхан байлаа. Баярласан шүү гэж хэлэхэд нь хоолой нь тасрах гэж байгаа нарийхан утас адил зангирлаа.
Ганаа ч бас үл ялиг инээмсэглээд
-Надад ч бас гэж хэлэхэд нь угаасаа л ус гүйлгэнэчихсэн байдаг нүд нь юу юугүй урсах гэж байгаа юм шиг харагдлаа. Тэгээд халааснаасаа нэг ууттай зүйл гаргаж ирээд түүнд өгөхөд, Цэцэглэн уяа сүлжиж хийсэн нэг бугуйвчаа гарнаасаа гаргаж түүнд атгуулав. Яг л түүний төсөөлж байсан шиг хав халуун гар. Хүрэлгүй хагас цаг л өнгөрсөн хирнэ хэдэн жилийн турш үгүйлэгдсэн юм шиг санагдах халуун атгалт бүсгүйн хөрчихсөн гарын эд эс бүрийг дүүгэж байлаа. Тавьсны дараа ч тэр хоёр бие биенийхээ гаранд дахиад хүрч ч чадахгүй, гэхдээ холдуулж ч чадахгүй байлгасаар. Бүсгүй өөрийгөө хүчлэн машинаас огцом буугаад гэр лүүгээ гүйгээд орчихлоо.


…Түлхүүрдэн орж хаалгаа дангинатал түгжээд, толгойгоо барин үүднийхээ сандлан дээр их удаан суулаа. Дуусна гэдгийг нь мэдэж байсан ч, итгэхийг хүсээгүй юмсан. Цээж рүүгээ хүчтэй цохиж үзэв, баахан ус залгилж үзэв, нүүрээ хүйтэн усаар шавшиж үзэв. Сэтгэл нь яг хөвөгдчихсөн даавуу шиг болчихоод тэр мэдрэмж нь салж өгдөггүй. Тэр даавууных нь хөвөрсөн утасны үзүүрийг сая гэрийнх нь үүднээс хөдөлсөн залуу гартаа атгаад явчихсан байх. Халаасаа тэмтрэн дотроос нь түрүүний өгсөн ууттай зүйлийг гарган ирж үзлээ. Өөдөөс нь инээмсэглэж хацраа нийлүүлсэн хуримын хувцастай жаргалтай хос. Зургийг эргүүлээд хартал “Нэрийг чинь л мэдэхээс хэтрэлгүйгээр өнө удаан хайрласан даа. Энэ богинохон романсыг бүү мартаарай. 2009.06.15” гэж бичжээ. Үүнийг уншаад Цэцэглэн гэнэт нэг зүйлийг санав.


“Би түүнд гэрийнхээ хаягийг хэлээгүй ш дээ. Тэгсэн чинь намайг яг орцны үүдэнд буулгачихаж. Бас тэр миний нэрийг намайг хэлээгүй байхад мэдэж байсан” Ийн амандаа бувтнахад нь хацрыг нь зүсэн зүсэн нулимас урслаа. Зүрх нь нүдээр нь дамжиж асгараад л байх шиг, хамаг юм нь шавхагдаад дуусах шиг болсон ч урьд нь хэзээ ч ийм дүүрэн мэдрэмжийг авч байсангүй.


2 жилийн дараа… 14 цаг 47 минут
Тэнгэр ахиад л учиргүй их уйлаад унав. “Энэ тэнгэр том болоогүй л байгаа юм байх даа” гэж бодоод Цэцэглэн алхаж явлаа. Гэр хүртэл хаа байсан юм. “Машинаа яах гэж засварт өгөв өө?” Тэрүүхэнд харагдах орц яг дайны хоргодох байр шиг харагдаад гүйж орох гэтэл хаалганых цаанаас нэг ч өдөр бодолгүй өнгөрч байгаагүй тэр гараад л ирлээ. Залгиулчих шиг…Тархи нь хов хоосон болчих шиг.
“Одоо л би алдахгүй. Алдаж чадахгүй…”