Apr 9, 2012

Милагийн мөч!

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа сөөнгөдүү, өвөрмөц хоолойтой жүжигчин Мила Кунисын Канадын Flare сэтгүүлийн 2011 оны 8 дугаар сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

Хүчтэй, чанга хоолойтой, инээдмийн жүжигчид тийм ч олон биш байдагсан. Люсилле Болл, Бетте Мидлер...аан тийм, тэгээд Мила Кунис. Цангинасан хоолойгоо тэр юунд ашиглахаа ч сайн мэднэ. Жишээ нь “70-аад оны шоу” кинон дээр уйлж жүжиглэхэд нь, бас “Сара Маршаллыг мартсан нь” кинон дээр дуулж тоглоход нь түүний хоолой дүр бүтээхэд нь чухал үүрэг гүйцэтгэж байсан шүү.

Дэлгэцнээс ангид үед ч, Милагийн хоолой бусдад нилээд хүчтэйгээр нөлөөлөх юм. Массачусеттсээс мянга, мянган километрийн цаана байгаа түүн рүү утас цохин, ярих хооронд хоолойноос нь болоод ч тэр үү, надад дэргэд нь сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Асуулт бүрт ямар сэтгэл хөдлөлтэйгөөр хариулж байгаа нь харилцуурын цаанаас ч тодхон мэдрэгдэж байсан нь тэр. Түүний дуртай сэдвийн талаар, тухайлбал 14 настай chihuahua нохой Шортигийнх нь тухай ярих юм бол бүр ч ойлгомжтой. Түүнийг бүр ярихдаа суудал дээрээ хэрхэн цовхчиж байгаа нь нүдэнд харагдах шиг болно. Харин түүнээс сэтгүүлч болгоны асуудаг түгээмэл юмыг асуувал, уур амьсгал бүдгэрээд л, ярианых нь өнгө аяс залхуу нь хүрсэн шинжтэй болоод явчихна. “Би энэ түүхийг хэтэрхий олон удаа ярьж байна аа! Надаар дахиад үүнийг яриулах гэвэл чинь би өөрийгөө буудчих байх шүү”. Түүнээс жүжигчин болох гараагаа хэрхэн тавьсан талаар нь тодруулахад ийм хариу ирэв. Гэхдээ л ингэж хэлснийхээ дараа инээж байгаагаас нь үзвэл, түүний хир нээлттэй, хошин шогийн мэдрэмжтэй болох нь харагдаж байлаа.

Энэ чанар нь л сүүлийн үед алдартай кино найруулагчдыг түүн рүү өрсөж зохиолоо явуулахын тулд хошуурахад хүргэсэн байх. Фэйшн мэдрэмжээрээ ч тэр дэлхийн соруудыг өөртөө татсан. Alexander McQueen, Vera Wang, Elie Saab гээд бүгд л түүнд өөрсдийнхөө загвараас өмсүүлчих санаатай яарч явна. “Мила бол ямар ч насны, ямар ч хүйсний хүний сэтгэлийг татахаар хүн. Хайр хүрмээр, хөгжилтэй, секси, ухаантай түүний жүжиглэхийг харах юм бол чи үүнийг лав ойлгоно” гэж түүний Эмма Стоун, Жастин Тимбэрлейк нартай хамтран тоглосон романтик, инээдмийн кино “Friends with Benefits” киноны найруулагч Вилл Глак хэлж байсан. Зүрх зүсэм салалтын дараа жирийн найзтайгаа сексийн хамтрагч болохоор шийдээд буй бүсгүйн дүрийг амилуулахын тулд, тэр зураг авалтаасаа өмнө хэдэн сарын турш Тимбэрлейк, Глак нартай хамт зохиол дээрээ ажиллажээ. “Тэр бол миний тоглосон хамгийн шударга, шулуун дүр. Би ч бас түүн шиг нөхцөл байдалд орсон бол тийм алхам хийхээс буцахгүй. Friends in Benefits-ийн Жэйми бил хоёр олон талаараа төстэй.”

Жеймигийн дүрийг яг юу гэж тодорхойлох гэсэн юм бол? “Тэр бол надтай л адилхан өнгөрсөн харилцаанаасаа сургамж авч, амьдралыг таньж мэдэх замдаа яваа хориод насны эмэгтэй.Тэр хөгжилтэй, догь, түс тас зантай боловч олон юмнаас эмээж явдаг охин” (Сонирхуулж хэлэхэд Мила өнгөрсөн нэгдүгээр сард 8 жилийн турш үерхсэн, Гэртээ ганцаараа киноны жүжигчин Макалай Калкинаас салсан юм)

“Жастин Тимбэрлейк миний дотны найзуудын нэг болсон. Бидний санал бодол, хошин шогийн мэдрэмж, яриагаараа нийлдэг. Тиймдээ ч бид сайхан хамтрагчид байж чадсан.” Тэр “Хар хун” кинон дээр хамтран тоглосон жүжигчин Натали Портмэнтэй ч бас сайн найзууд болж үлдсэн гэж дуулдсан. Портмэн, Мила хоёрын төстэй чанаруудаас дурдвал, тэд хоёул улаан хивсний ёслолын эн тэнцүү гүнж нар юм. Гэхдээ Мила өөрийн муур шиг ногоон нүд, өтгөн хар үст гоо үзэсгэлэнгээрээ Наталигаас илүү содон харагдаж чаддаг. “Амьдрал дээр над шиг энгийн хүн загварын ертөнцийн сайхан хувцасладаг оддын тоонд багтана гэдэг сайхан бөгөөд сэтгэл хөдлөм явдал” гэж хэлэхэд нь түүний хоолойнд баярласан өнгө аяс цухалзаж байлаа. Тэр өөрийн SAG-гийн шагнал гардуулах ёслол дээр өмссөн Alexander McQueen-ийн хөвсөлзсөн хормойтой, гал шиг улаан даашинзандаа хамгийн дуртай гэнэ. “Наадам Ням гаригт болох байсан. Гэтэл би тэр даашинзыг дөнгөж л Бямба гаригт нь олж авсан. Яахаа мэдэхгүй сандарч байтал тэр даашинз эцсийн мөчид намайг аварсан юм. McQueen-ы даашинзыг өмсөхөд хамгийн тааламжтай, тухтай байдаг учраас би өглөөнөөс орой хүртэл тайлахгүй явсан ч чадна”

Милагийн амьдралын хэмнэлийн тухай сэдэв рүү ороход ч бас “тухтай” гэдэг үгийг ихээр ашиглах хэрэгтэй болно. Түүний хувьд шүүгээн доторх хамгийн сайхан хувцаснууд нь “Victoria’s secret”-ийн сул өмдний цуглуулга юм байна. “Надад тэр хөнгөхөн, тухтай өмднөөс 4 билүү 5 ширхэг байгаа”. Өдөр тутамдаа тэр ихэвчлэн үсээ боож, нүдэндээ зөвхөн сормуусны будаг түрхдэг. Нүүрээ будаж зарцуулах 30 минутаа, унтахад зориулсан нь дээр гэж тэр үздэг аж. Чөлөөт цагаа ч бас үүний адилаар “тухтай” өнгөрүүлэхийг тэр хичээдэг. Бусад шиг LA-ын клубууд руу орж, ханатлаа бүжиглэж байсны оронд гэртээ нохойнуудаа эрхлүүлж амрах нь түүнд сайхан санагддаг. “Нэг муу талаа хэлчихье. Би зурагт үзэх ухаангүй дуртай. Бүтэн сайн өдрийг ханатлаа реалити шоунууд үзэж, нохойгоо тэвэрч, буйдан дээрээ шигдэж өнгөрөөх нь миний хувьд диваажин л гэсэн үг”

“Түүний хувийн амьдрал гайхмаар энгийн. Сайн найзуудынх нь ихэнх нь Холливудад харяалалгүй охид. Бас тэр аав ээжтэйгээ цуг цагийг өнгөрөөх дуртай. Энэ чанар нь л түүнийг хүнийх нь хувьд тодорхойлох байх” гэж Глак ярьж байсан юм. Хувийн амьдрал нь гайхмаар энгийн байж болох ч, туулж өнгөрүүлсэн зүйлс нь содон юм. Украйны цагаачдын охин Кунис анх долоон настай байхдаа LA-д ирж, англи хэлний 0 хувийн мэдлэгтэйгээр арван жилийн сургуульдаа элсэж байжээ. Түүний хувьд хичээл нь ерөнхий мэдлэг олж авахаас илүүтэй, хоёр дахь хэлээ сайжруулах хөтөч нь болж. Тэгээд л тэр жаахан байхаасаа олны танил болж эхэлсэн. “Baywatch”, “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” кинонд оролцон тоглож, телевизийн олон ангит “Gia” кинонд Анжелина Жолигийн бага насны дүрийг бүтээж байсан.

14 настайдаа Мила “70-аад оны шоу” олон ангит кинонд тоглож, жилийн дараа гэхэд “Family Guy” олон ангит хүүхэлдэйн кинонд дуу оруулсан билээ. Үүнээс цааш түүнд зөвхөн томоохон уран сайхны кинонд тоглох санал ирдэг болов. “Сара Маршаллыг мартсан нь” кинонд романтик дүрийг бүтээж, “The Book of Eli” кинонд эрч хүчтэй, ширүүхэн бүсгүйн дүрийг бүтээж, “Хар хун”-д Натали Портмэний эсрэг муу охины дүрийг бүтээж байсан. “Би хүчтэй эмэгтэйн дүрд тоглох дуртай юм шиг байна лээ. Би хэн нэгний тусламжтайгаар аврагддаг өрөвдөлтэй дүрд тоглохыг хүсэхгүй байна”

No comments:

Post a Comment