Apr 12, 2012

Дита Вон Тийз

Домогт рок дуучин Мерилин Мэнсоны хуучин эхнэр, burlesque-ийн урлагийн хатан хаан, дэлхийн хувцас загварын үлгэр дууриалал Дита Вон Тийзийн "Men's style" сэтгүүлийн өнгөрсөн 3-р сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн нийтэллээ.

Зүүн Сиднейн тансаг зэрэглэлийн харш дотор, Дита Вон Тийз, бурхан л сексийн талаар бодсон үедээ найз бүсгүйдээ авч өгөх байсан болов уу гэмээр дотуур хувцас өмсчихөөд тухлан сууж харагдана. Тэр өрөөг жижиг хэмжээний арми тойрон бүчиж байсныг эс тооцъё. Ийм төрлийн зураг авалтыг ингэхээс ч яахав. Түрүүнээс хойш бүр алмайрч гүйцсэндээ өрөөний буланд аль болох мэдэгдэхгүйг хичээн суух, өвөр дээрээ үзэг дэвтэр хоёр тавьсан нэг муу сурвалжлагч (би бээр) ч түүний энэ хүсэл тачаалаар дүүрэн орон зайд нэвтэрч чадахааргүй байлаа.

Зураг авалт дууссаны дараа түүнтэй ярилцахад, Cointreau дарсны сурталчилгаанд тоглохоор Австралийг тойрон аялаж буй нь энэ гэдгийг би мэдэж авлаа. “Энэ зураг авалтанд би өөрийнхөө дотоод ертөнцийг ч харуулсан. Мөн ургуулан бодох чадвараа ч ашигласан” хэмээн тэр төрөлхийн зөөлөн Америк аялгаараа уянгалуулан хэллээ. “Нэг талаас би зураг авахуулах тэрхэн мөчид өөрийгөө бүрмөсөн алдсан. Нэг тансаг байшин дотор хэн нэг онцгой эрийг өдөөж байна гэж төсөөлсөн юм”. Ингэж хэлээд тэр ер бусын нууцлаг инээмсэглэлээ. Магадгүй түүний энэ инээмсэглэлийг хэдэн ч онд, ямар ч зурагчин хальсанд буулгаж авч чадаагүй байх. Учир нь тэр энэ инээмсэглэлээ зөвхөн өөртөө хадгалдаг шиг санагдсан юм.

“Байнга ингэж баймаар санагдсан шүү. Энэ хувцас ч яахав. Би өдөр болгон л ийм хувцас өмсдөг. Харин өнөөдрийнх шиг, зураг авахуулж байхдаа эр хүнтэй хамт байгаагаар төсөөлдөг байя гэж бодогдсон”

Түүнд амжилт хүсье. Тодруулж хэлвэл, Дитагийн халуухан төсөөлөл дотор “багтаж чадах” тэр азтай аавын хүүд амжилт хүсэж байна. Яагаад гэвэл Дита өөрөө өнгөрсөн хэдэн жилийн турш энэ дэлхийн бүх эр хүний мөрөөдөл дунд оршсон.

Түүний хүйтэвтэр мөртлөө тачаангуй бардам төрх, нилээдгүй ухаалаг яриа, сэтгэл татам аяг ааш хэвээрээ хэдий ч, сүүлийн хэдэн жилд дэлхий ертөнцийн түүнийг харах өнцөг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Вон Тийзийн мөн чанарт, мөхөж байсан burlesque үзүүлбрийн урлагийг бараг “нүцгэн” гараараа шахуу сэргээн босгосон өнөөх л амьд домог болсон тайчигч бүсгүй оршсоор байгаа. Одоо харин үүн дээр нэмээд, түүнийг дэлхий дахины хувцас загварын бэлэг тэмдгийн нэр төр хором мөч бүрт дагаж байгаа юм. Өнөөдөр түүний юу өмсөөгүйг нь биш, юу өмссөнийг нь авах гэж цугладаг зурагчид илүү олон болж.

Хувцаслаж чаддаггүй оддоор дүүрсэн энэ шоу бизнесийн ертөнцөд, өөртөө тун тохирсон стилийг олсон Вон Тийз энэ дэлхийн хамгийн элегант эмэгтэй ч байж мэднэ. Гоо үзэсгэлэнгийн уламжлалт хэв маягт тохируулах гэж хичээгээгүй атлаа, түүний хувцаслалт жинхэнэ Дитаг илэрхийлж чаддаг. Санаснаас “Гоо үзэсгэлэнг юу гэж тодорхойлох вэ?” хэмээсэн миний асуултанд тэр “Америкчууд гоо үзэсгэлэнгийн идеалыг хүртэл тогтсон дүрмээр “онолдчихсон” байдаг. Хамар чинь жижигхэн үү? Нүд чинь цэнхэр үү? Чамд шар үс бий юу? Чи арьсаа наранд борлуулсан уу? Чи гүнж шиг харагдаж чадах уу, үгүй юу гээд л. Би хэзээ ч ийм стандартад нийцэхийг хүсдэггүй байсан. Харин би багаасаа л өөрийнхөө байгалиас заяасан царай төрхийг илүү сэтгэл хөдөлгөм болгох гэж хичээдэг байлаа. ” Бяцхан охин Хэдер Свийт (Heather Sweet) ирээдүйгээ хэзээ ч хуучрашгүй, ихэмсэг төрхөөр төсөөлдөг байж. Энэ төсөөлөл нь ч биеллээ олж, бэхжин тогтсон. “Стриптиз клубт ажилладаг залуу бүсгүй байхдаа ч би үргэлж нарийн чимэглэлтэй өмсгөл, корсет, чамин дотуур хувцас, урт бээлийгээр гоёдог байсан. Би хамт бүжиглэдэг охидыгоо бодвол илүү битүү хувцастай тайзан дээр гардаг байлаа. Тэгмэгц хүмүүс миний корсетны цаадахыг харах гэж мөнгө төлөхөөс буцахгүй болдог байсан юм. Дотуур хувцасныхаа цаана ямар нэг юм нуудаг гэсэн яриа үргэлж л гардаг байлаа. Дөнгөж гэдэс төдийхнийг л нуухад, хүмүүс түүнийг харах гэж байж яддаг нь надад таалагддаг байсан юм. Ийм өчүүхэн зүйлээр ч хүмүүсийн оюун санааг бусниулж болно гэдэг хөгжилтэй шүү.”“Burlesque”-ийн үүсэл гарлын талаар тун сайн мэдэх цөөн хүмүүсийн нэг бол Дита Вон Тийз. Гэтэл орчин үеийн бүжигчдийн буруу ойлголт түүний сэтгэлд нийцдэггүй гэнэ. “Би өөрийнхөө үзүүлбрүүдийг стриптиз клубт л бий болгосон. Шинээр гарч ирж байгаа burlesque-ийн бүжигчид өөрсдийгөө тайчигчдаас тусгаарлах гэж яагаад тэгтлээ адгадгийг би ойлгодоггүй. ‘Өө, би чинь burlesque-ийн бүжигчин шүү дээ. Би хэзээ ч хувцсаа тайлахгүй’ гээд л. Тэдний хийдэг юмаа дээгүүр үнэлж байгаа нь сайн хэрэг л дээ. Гэхдээ би л лав хэзээ ч өөрийгөө тайчигчдаас хавьгүй дээр гэж өргөмжлөхгүй. Би залуудаа 20$-ын төлөө хэн нэгэнд бүсэлхийний бүжиг хийж өгдөг байсан юм. Burlesque бол зүгээр л нэг сүржин өд зүүсэн бүжигчин охидын биеэ гайхуулах урлаг биш. Стриптизгүйгээр burlesque байхгүй байх байсан.”

Түүний бодлоор burlesque-г тачаангуй байдал, элегант төрх хоёрын хослол л бий болгодог аж. “Зүгээр л хувцсаа тайлаад хаячихна гэдэг өөр хэрэг. Хамгийн гол нь чамайг тайзан дээр гараад, нүцгэлж орхиход чинь, бүх хүмүүс ‘Хөөх энэ чинь л жинхэнэ классик!’ гэж уулга алдах ёстой юм. Намайг олны өмнө чармай нүцгэлсэн байхад ч, хэн ч хэтэрхий задгай гэж шүүмжилж байгаагүй. Хүмүүсийн Burlesque-ийн тухай буруу ойлголтыг өөрчлөх нь миний үүрэг гэж би боддог” Ингэж үзэл бодлоо шулуухан хэлж байгаа нь ч Вон Тийзийн дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийн тод илрэл юм. Тэр бусдаас ч бас ийм чанарыг хайдаг гэнэ.

“Би үргэлж л насан турш өөрийн гэсэн өвөрмөц онцлог, классик стилээ хадгалж үлдсэн бүсгүйчүүдийг шинэ трендийн эрэлд хошуурдаг хүүхнүүдээс илүүд үзэж ирсэн. Гэхдээ надад Леди Гага ч бас таалагддаг. Тэр хэнийг ч дуурайгаагүй, бие даасан стильтэй бүсгүй” Харин Дита Вон Тийзийн хувьд эр хүний идеал ямар байх ёстой вэ?

“Онолоор бол, эр хүн болгон найз бүсгүйгээ над шиг хувцаслаасай гэж хүсдэг. Заримдаа би гудамжинд одоогийнхоосоо ч илүү задгай хувцаслаад алхдаг. Гэхдээ энэ байдалд минь тийм ч таатай ханддаггүй олон эр хүнтэй би учирч байсан. Тэднээс намайг энэ байгаагаар минь хүлээн зөвшөөрдөг эрчүүд л надад тохирдог байсан юм.”

No comments:

Post a Comment