Дэлхийн одод 2

Шархалсан зүрхтэй супер од  /Adele/
Улаан дарс, янжуур, бас “мансууруулах бодисын хэмжээ өндөртэй” зүрхнийхээ шархаар хөглөгддөг 2011 оны шилдэг дуу хоолой бол Адийл. Түүний Rolling Stones сэтгүүлийн энэ оны 4-р сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэлээ.


“Луис минь дээ, битгий ялгадсан дээр өнхрөөд бай л даа” гэж хэлээд Адийл өөрийн үнэнч анд Луис Армтстронг нэртэй виенни нохойныхоо хүзүүвчнээс угзрангаа Германы Хамбургийн нэг жижигхээн цэцэрлгийн дундуур алхаж явна.

Түүний Европ дахь аялан тоглолт эхлэхэд ердөө хэдхэн хоног л үлдсэн байвч тэр бараг л айж сандарсан шинжгүй байгаа нь энэ. Бид хоёул түүний байрлаж байсан зочид буудлын пентхаус бааранд ороод, Адийл хоёр хундага улаан дарс ууснаар яриагаа эхлүүлэв. “Шууд л толгой руу гарч байна шүү” гэж хэлэхдээ тэр огт нүүрээ будаагүй, шаргал үсээ эмх замбараагүйгээр хойноо боочихсон сууж байсан юм.

Секс бөмбөгүүд л хит жагсаалтыг тэргүүлдэг болоод байсан өнөө үед түүний шархалсан зүрхний тухай уярал хөндөм дуунууд 2011 онд тэсрэлт болж гарч ирсэн. Ихэвчлэн сул цамц өмсдөг энэ хатагтайн өнөөдрийн хувцаслалт нь хар өнгийн хоолойтой цамц, хар трико, ирвэсийн эрээн өнгөтэй баллерина шаахай байлаа. Адийлийн “21” цомог нь Их Британи, Америкид худалдаанд гарсан даруйдаа л борлуулалтыг тэргүүлж нийт 3.5 сая хувь борлуулагдсан.Тэр өдөрт зөвхөн 7 тамхи л татдаг дэглэмтэй гэсэн боловч бидний ярилцах хэдхэн цагийн дотор түүнээс ч олныг “цааш нь харуулав”.

Түүнийг 3 настайд ээжтэй нь цуг орхиж явсан аав Марк Эванс нь Их Британийн “The Sun” сонинд Адийлийн талаар нийтлэл бичин худалдаж байжээ. Түүн дээрээ “Би Адилийг өсөж том болоход нь хамт байгаагүйдээ харамсдаг” хэмээн бичсэнийг уншаад тэр “Би аавынхаа талаар огт мэддэггүй. Тэрэнд миний талаар ам нээх ч эрх байхгүй” хэмээн шулуухан өгүүлж байсан юм. Энэ явдлын маргааш нь бас нэгэн сурвалжлагч түүний эмээг автобусны зогсоол дээр зогсож байхад нь шахаанд оруулж, түүний хүүхэд насны талаар ярихыг шаардсан нь Адийлд мөн л хүнд цохилт болжээ. “Тэр өдрөөс хойш л би буцаад тамхинд орчихсон юм даа” гэж Адийл хэллээ.

Адийлийн хоолой бол өнгөрсөн хэдэн жилийн турш поп ертөнцөд үгүйлэгдээд байсан зөөлөн, урсамтгай мөртлөө хүний сэтгэл зүйд нөлөөлдаг хүчирхэг, тунгалаг хоолой мөн юм. Жишээ нь түүний “Someone like you” дуу нь яахын аргагүй оюун санаанд зөрчилдөөн, тэсрэлтийг бий болгодог билээ. Энэ дуугаараа тэр одоо аль хэдийн хүний хүн болчихсон хуучин амрагтаа баяртай гэж хэлжээ. Түүний бүх дуунууд бодит түүх, жинхэнэ хүмүүс дээр тулгуурладаг. Сэтгэлээс гарсан бүтээл бусдын сэтгэлд ч бас хүрдэг аж. Тиймдээ ч тэр өнгөрсөн 2-р сарын Бритийн шагнал гардуулах ёслол дээр “Someone Like you”-гээ дуулаад тайзнаас уйлагнасан нүдтэй буусан байх. Харин амьдрал дээр тэр маш чөлөөтэй, хэнэггүй нэгэн юм байна. Цэцэрлгээр зугаалж байхдаа нэг удаа эрхий хуруундаа тампон углачихаад тайзан дээр гарахад ямар эвгүй байсан тухайгаа ярьсан. “Тампоныг дундуур нь хөндийлж зай гаргаж байгаад л хуруугаа хийчихдэг юм. Хумсаа хугалсан үед надад их тус болдог шүү. Би дандаа л тэгдэг.” Бүр өнгөрсөн жил интернетээр танилцдаг сайтад бүртгүүлж байснаа хүртэл надад хүүрнэлээ. “Тэгэхэд би жаахан согтчихоод Sinead O Connor-ын “Чамайг юутай ч зүйрлэшгүй”-г сонсоод сууж байсан юм. Гэхдээ ганц туршиж үзээд л больсон л доо.”

Адийл Лори Блю Эдкинс нь тэр үед ажилгүйдлийнхээ түвшнээр хамгийн дээгүүр байр эзэлж байсан Лондонтой ойролцоо байрлах Тоттенхэмд төржээ. Ээж Пенни нь түүнийг өсвөр настай байхад массажист, тавилганы мужаан, оффисын зөвлөх хүртэл хийж байсан гэнэ. Тэд маш олон удаа нүүж, ихэвчлэн засгийн газрын тэтгэмжтэй байранд суудаг байж. “Би нүүхэд их дуртай байсан. Тэгээд л одоо нэг газраа удаан байж чаддаггүй байх. 10 сургууль сольсон гээд би хэзээ ч гомдоллож байгаагүй. Ээж маань харин ч үүнийг хөгжилтэй болгож чаддаг байсан” Ээж нь одоо ч түүний хамгийн сайн найз, бас хамтран амьдрагч юм.

Адийл хүүхэд байхдаа гитар, бишгүүр тоглох дуртай нэгэн байв. Тэр 14 настайдаа л Лондонгийн БРИТийн урлагийн их сургуульд элсэж чадахуйц чадвартай болсон байжээ. Тэр сургууль мөн Эйми Вайнхаус, Леона Левайс, Кейт Нэш нарыг төрүүлж байсан юм. Гэвч түүнд хувийн зохион байгуулалт муутайгаасаа болоод хөөгдөх шахсан удаа олон бий. “Би бүр 4 цагаар хичээлээсээ хоцорчихдог байсан. Ямар нэг юм хийсэндээ биш ээ. Зүгээр л өглөө унтчихдаг, тэгээд босч чаддаггүй байсан юм.” Нэг өдөр сургуулийнх нь багш нар Девонд очиж тоглох шилдэг 20 оюутныг сонгохдоо Адийлийн нэрийг оруулсан байж. Гэтэл тэр мартаад унтчихаж л дээ. “Өглөө нь сэрээд л хожимдсон гэдгээ мэдэхэд үнэхээр аймшигтай мэдрэмж төрж байсан. Гэхдээ одоо бол би цаг сайн барьдаг болсоон.”

Адийлийн 2008 онд гаргасан “19” цомог нь гараад удаагүй байхдаа iTunes-ын 40 дүгээр байранд байсан бол, маргааш өглөө нь л гэхэд 8 дугаар байр, харин түүний дараагийн өглөө нь 1 дүгээр байранд орсон байжээ. Яг энэ үеэр л тэр “21” цомгийнхоо онгод болсон тэр эртэй танилцсан юмсанж. Өөрөөс нь 10 насаар ах тэр эр түүнийг аялахад, зөгнөлт зохиол уншихад, бас яруу найраг бичихэд дуртай болгожээ. “Тэр намайг жинхэнэ том хүн болоход тусалсан. Тэр л намайг одоогийн зам руу минь хөтөлж оруулж ирсэн. Түүнтэй учрахаас өмнө миний бүх амьдрал ажил, карьер байсан. Харин дараа нь “Бидний тухай” гэсэн жижигхэн төсөл амьдралд минь орж ирсэн. Тэр бага зэрэг галзуу “өвчтэй” намайг жирийн хүн шиг болгосон юм.”

Бүх зүйл нурж эхлэхээс өмнө тэр хоёр Лондонд бүтэн жил хамт амьдаржээ. “Зүгээр л бүх юм хөгжилтэй байхаа болиод эхэлсэн. Тэр их уран сайханлаг хүн, гэхдээ романтик биш. Тэр намайг Итали руу ч дагуулж явж байгаагүй. Харин би түүнийг нэг удаа дагуулж явж байсан. Миланд сайхан орчинтой зочид буудал захиалах саналыг хүртэл би л гаргасан” гэж хэлээд тэр инээлээ. “Сүүлдээ бид хоёр жирийн танилууд шиг цай ууж суунгаа, миний асаагуур ажиллахгүй байгаа тухай ч юм уу, ярилцаж суудаг болчихсон. Найзууд маань бүгд намайг салахад баяртай байлаа. Тэд түүнийг өөдгүй эр гэж үздэг байсан юм.” Тэдний хоорондох харилцаа өндөрлөсний маргааш өглөө нь тэр студи дээрээ аяархан мэгшингээ “Rolling In The Deep” дуугаа бичсэн аж. Түүний продюссер Пол Эдживөөрт хэлэхдээ “Тэр үед Адийл нэг л эмзэг сул дорой болчихоод, болсон үйл явдлын талаар бидэнд нээлттэй ярьж байсан. Гэхдээ л түүний цээжинд гал байсан юм даа” гэжээ. Цомгийнхоо ажлын талд ороод явж байтал тэр хуучин найз залуугаа сүй тавьсан гэдгийг дуулжээ. “Миний бүх бие хоосроод л явчихсан. Би түүнээс салснаасаа хойш өөр хүнтэй уулзаагүй ээ. Би үүнд бэлэн биш байна. Түүнд одоо хүртэл дурласаар байгаа юм биш л дээ. Гэхдээ л би хайртай. Ойлгож байгаа биз дээ?”
Тэр тайзан дээр гарахын өмнө яадаг бол? “Би чичирч эхэлдэг. Гэхдээ юу ч буруугаар эргэхгүй л гэж бодохыг хичээдэг дээ. Эсвэл өөрөө өөртөө онигоо ярьж, хүмүүсээр доог тохуу хийдэг. Үнэхээр тус болдог шүү. Тайзнаас буухаас нааш миний сандрал арилдаггүй. Намайг харахын төлөө хүмүүс өөрийнхөө 20$-ыг зарцуулаад, дараа нь “Өө тэр амьдаараа шалихгүй л юм шив дээ” гэж ярих вий гэхээс би айдаг юм. Хүмүүс надад зориулж өөрийнхөө цаг заваас хорооно гэдэг маш том хэрэг.” Түүний сандрах үедээ өөртөө хэлдэг нэг үг бол “Би бол Саша Картер”-Энэ нь Бейонсийн Саша Фийрс, Жюнь Картер хоёрыг нийлүүлсэн нэр аж. “Би анх удаа Бейонстой уулзах гэж байсан юм. Тэр үед миний зүрх маш хүчтэй цохилж, догдолж байсан. Гэтэл тэр урьдынхаараа дур булаам инээмсэглэж орж ирээд л “Чи ёстой сайхан харагдаж байна. Би чамайг сонсохоор Бурханы дуу хоолойг сонсч байгаа юм шиг санагддаг” гэж хэлсэн. Итгэмээргүй байгаа биз? Дараа нь би тагтан дээр гарч жаахан уйлж аваад “Саша Фийрс энэ үед яах байсан бол” гэж бодсон. Тэгэхэд л анх Саша Картер бий болсон юм даа”

Адийл биеийнхээ жинд огтхон ч санаа зовдоггүй гэнэ. Тэр хоолны дэглэм барьж дасгал хийдэггүй. “Миний амьдрал тэр чигээрээ л кино шиг. Ийм байхад надад гадаад төрх мэтийн жижиг зүйлд санаа зовох цаг гарна гэж үү? Би спорт зааланд очих дургүй. Би зүгээр л сайхан хоол идэж, сайн дарс шимж суух дуртай. Магадгүй би сайхан галбиртай байсан ч олны нүдэнд хөх, өгзөгөө гайхуулахгүй байсан байх. Би Леди Гага, Кейти Перригийн хөх, өгзгийг харах дуртай л даа. Их гоё харагддаг. Гэхдээ миний хөгжимд тэр чухал биш. Би хүмүүсийн нүдэнд биш чихэнд зориулж дуугаа дуулдаг.” Тэр орой нь Хамбургийнханд зориулж тоглолтоо хийснийхээ дараа хайр дурлалынхаа амьдралд сэтгэл хангалуун байсан бол тэр сайхан хөгжим хийж чадахгүй л байсан байх хэмээн хошигнов. “Хэрэв тэгсэн бол миний фэнүүд над дээр ирээд “Хонгор минь, хурдан салаад өг л дөө” гэж хэлэх байсан биз”


Хэдэн сая долларын брэнд бүсгүй: Кимми Кей
Их Британийн MarieClaire сэтгүүлийн долдугаар сарын дугаарт Ким Кардашиан секс бэлэгдлээс хэрхэн супер од болтлоо алдаршсан тухайгаа, мөн эхнэр болон ээжийн үүргээ хэрхэн баяртайгаар хүлээн авах тухайгаа дэлгэжээ.


Өөрөө хүсдэг ч бай, хүсдэггүй ч бай, Ким Кардашиан бол олны нүдэнд өртөлгүй өнгөрч чаддагүй төрлийн бүсгүй юм. Өнөөдөр өмссөн хувцасных нь тухайд л аваад үзье л даа. Бариу савхин өмд, хараа булаамаар шүрэн улаан цамц, урт хүзүүний зүүлт, Christian Louboutin-ы “тэнгэр баганадсан” өндөр өсгийт. Өглөөний 8 цаг 30 минутанд тэр яг шөнийн цэнгээний газар бүжиглэхээр орох гэж байгаа юм шиг хувцаслажээ. Гэхдээ мэдээж тэр энэ ярилцлагын дараа шууд клуб орохгүй нь ойлгомжтой л доо. “Би зүгээр л гоёж гангалсан байхдаа өөрийнхөө талаар хамгийн сайхан мэдрэмжийг авч чаддаг юм” хэмээн тэр тайлбарлаж байв.

Ингэх нь ч аргагүй. Түүнийг өглөө босохоос авахуулаад шөнө унтах хүртэл нь шинжиж сорьсон харцнууд дагаж байдаг юм чинь. Дөрөвхөн жилийн дотор Кардашиан нумарсан галбираараа л алдартай секс бэлэг тэмдгээс, хэдэн сая долларын брэнд болон хувирч чаджээ. Тэр одоо Холливудын хамгийн их танигдсан оддын нэг болсон ч, энэ том нэр хүндийг хувийн амьдралынхаа халдашгүй нууцаар арилжсан мэт. Энэ бол түүний жаргалтайяа хийсэн золиос юм.

“Бидний амьдрал яг л олон түмний амьдрал шиг байдаг” хэмээн тэр гэр бүлийнхээ талаар ярьж сууна. “Гэвч энэ бол бидний сонгосон “үүрэг”, тэгээд ч тодорхой ашиг тусаа өгдөг юм. Сайн үр дагавар нь муугаасаа хавьгүй илүү байдаг болохоор үүний талаар гомдоллох нь мунхаг хэрэг гэж бодож байна.”

Тэгээд Ким хоёр хором буйдангаа налж тухласнаа эргээд босч, түүний алдар нэр Майкл Жордан эсвэл Леди Гагагийнхаас ямар их ялгаатай болох талаар ярьсан юм. “Хэрэв чи алдартай сагсан бөмбөгч байсан бол шүтэн бишрэгчтэйгээ цуг зургаа авахуулахгүй байсан ч дараа нь гайхалтай тоглолтыг хийгээд л л хүмүүсээр хайрлуулчихаж чадна. Харин миний сэтгэл санаа жаахан таагүй үед шүтэн бишрэгчтэйгээ цуг зургаа авахуулахгүй бол тэд бидэнд дургүй болчихно. Бид тайзан дээр гарч, гоё дуу дуулаад л буцаад хайрлуулчихаж чадахгүй шүү дээ. Яг өөрийнхөөрөө байж хүмүүст таалагдах нь дүр эсгэхээс хавьгүй хэцүү. Тиймээс энэ ертөнцөд нэг л орсон бол, гэнэтхэн хувийн эрх дархаа бүгдийг нь эргүүлж авна гэдэг...боломжгүй зүйл.”

Тийм ээ, түүнийх шиг амьдралтай хүн гомдоллож болно гэж үү? Тэр бол тоогоо алдсан олон реалити шоуны од. “Keeping Up With The Kardashians”-аас авахуулаад, “Kourtney And Kim Take New York” зэрэг жижиг шоунуудыг хүртэл хийж байсан билээ. Кардашиануудын “эзэнт гүрэн” өнгөрсөн жилд л гэхэд өөрсдийн нэрийн спорт гутал, үнэртэн, дасгалын DVD зэргээс 65 сая долларын ашиг олжээ. Кимми, Клое, Кортни Кардашианы эгч дүүс 3 хувцасны дэлгүүрийг эзэмшдэг ба, хамтарч “Kardashian Konfidential” номыг бичсэнээр барахгүй тун удахгүй дахин нэг ном гаргахаар зэхээд байгаа санж. Харин удахгүй “төрөх” номыг нь шүтэн бишрэгчид нь нэрлэх юм байна. Тэд бүр АНУ-ын Их Дэлгүүрийн “Sears”-ийн хувцасны загварыг зохион бүтээдэг аж. Кардашиануудын Twitter хуудас бараг 8 сая дагагчтай. (Хэтрүүлж хэлэхэд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама л тэднийг дагах дутуу байна) “Би өөрийгөө үнэхээр ажлын төлөө төрсөн хүн гэж боддог. Надад өөрийн гэсэн мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөл бий. Түүнийхээ төлөө зогсолтгүй урагшилна. Учир нь хийж дуусгахаас нааш миний санаа амрахгүй”
Кардашианы эрх мэдэлт хувь заяа тэднийг бага байхаас л үүдэлтэй аж. Калифорниад өссөн тэрээр талийгаач эцэг, OJ Simpson-ы аллагын хэргийг өмгөөлснөөрөө алдартай хөдөлмөрч хуульч Роберт Кардашианаас үлгэр дууриал авчээ. Тэр жаахан охин байхдаа гараараа үсний даруулга хийж дэлгүүрүүдэд зардаг байж. Харин 19 насандаа тэр өөрийнхөө хүслээр ааваасаа хэдэн мянган доллараар нь мөнгө зээлээд, хоёр долоо хоногийн дараа эргүүлж өгөх амлалт өгч, түүндээ ч хүрч байжээ.

Түүнийг 10 настай байхад аав нь ээжтэй нь гэрлэлтээ цуцлуулсан юм. Жилийн дараа ээж Крис нь Олимпийн медальт тамирчин Брюс Женнертэй хуримаа хийсэн байна. Одоо энэ хос дундаасаа 10 хүүхэдтэй аж. Бүх гэр бүлийнхэнтэйгээ эв найртай байх тал дээр ээж нь тэднийг зохицуулдаг байжээ. “Зарим хүмүүс төрөл садантайгаа ойлголцох хэцүү гэцгээдэг. Гэхдээ би үүний учрыг яагаад ч ойлгодоггүй юм. Би үргэлж л тэдэнтэй эвтэй нийцтэй байсаар ирсэн” хэмээн тэр хэллээ. “Миний эгч, эсвэл дүү өмнөөс минь шийдвэр гаргасан ч би уурладаггүй. Учир нь бидний оюун санаа, үзэл бодол ижилхэн.”

Олны хараанд байсаар байгаад дасчихсан Кимми охин дүү нартаа үргэлж сайн зөвлөгч нь байдаг гэнэ. Саяхан 13 настай дүү Кайли нь зураг авалтын өмнө сандраад байхаар нь Кимми түүнд “Миний дүү өөртөө эвгүй санагддаг зүйлсийг ч заавал туршиж үзэх хэрэгтэй байдаг юм. Тэгснийхээ дараа ч үзэн ядсан хэвээрээ байвал дахиж түүнийг битгий хий. Хэнд хамаатай юм бэ? Харин таалагддаггүй зүйлээ хэзээ ч хийж үзэхгүй бол, тэр нь үнэн хэрэгтээ сайхан муухайн аль нь байхыг мэдэлгүй өнгөрнө шүү дээ.”

Ийм зарчмыг тэр хойд ааваасаа өвлөн авчээ. “Тэр надад үргэлж л ‘Өөртөө хэцүү санагддаг зүйлийг хийж үз. Тэгэх үед чиний даван туулж байгаа айдас бүхэн өсөн дэвжих шат чинь болно’ гэж хэлдэг байсан юм.” Энэ цагаас хойш Кардашиан ийм зарчмыг баримталдаг болжээ. Үүний том жишээ гэвэл түүний энэ жил гаргасан “Jam” дуу юм. Амьдралдаа гаргасан анхны дуу нь критик болон сонсогчдоос дундаж үнэлгээ авсан боловч Кардашианы хувьд энэ нь том тэсрэлт байлаа. “Би тийм сайхан хоолойтой гэж үү? Үгүй ээ. Би дуучин болохыг хүссэн гэж үү? Бас л үгүй, хэзээ ч. Гэхдээ энэ миний хувьд их сонирхолтой туршлага болсон. Би маш их сандарч, айж байсан ч, үүнийг хийсэн. Дараа нь би “Ёох, би хэзээ ч дахиж ингэхгүй” гэж өөртөө хэлсэн. Зөвхөн дуу гаргаж үзсэн маань л миний хувьд айдсаа даван туулсан хэрэг.”

Түүний New Jersey Nets-ийн сагсан бөмбөгийн од Крис Хамфристай хийх гэж байгаа хурим нь анхных нь биш юм. Тэр 2000-2004 оны хооронд хөгжмийн продюсер Деймон Томасын эхнэр байсан. Түүнчлэн Крис түүний анхны тамирчин найз залуу ч бас биш. Тэр 3 жилийн турш Америкын хөл бөмбөгийн од Регги Буштай болзож байсан. Гэхдээ л одоогийн үерхэл нь түүнд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан байдлыг бэлэглэж байгаа аж. “Бие даасан, амжилтанд хүрч яваа бүсгүй хүний хань маш найдвартай эр байх ёстой юм шиг санагдсан. Крис намайг ажил хэргийн тал дээр бүрэн дэмждэг. Үүнээс ч чухал нь, тэр намайг хувь хүний үүднээс ойлгодог. Тэр миний хувьд бүх зүйлийг амар хялбар болгож өгдөг. Бид хоорондоо маш нийцтэй хос.”
Крис ч бас Киммитэй адилхан К үсгээр дагнасан гэр бүлд өсчээ. Түүний хоёр эгчийг Кристал, Каела гэдэг аж. Кардашиан түүнтэй найзуудаараа хоолонд орж байгаад танилцсан түүхтэй. Хоёр жилийн өмнө сагсан бөмбөгч Ламар Одомтой гэрлэсэн дүү Клоегийнхоо замналаар явсан болоод ч тэр үү, тэр хоёрын харилцаа түргэн дотносч байсан юм. Тавдугаар сард, болзож эхлээд дөнгөж 6 сар болсныхоо дараа Хамфрис түүнийг гэрт нь 20,5 каратын алмазан шигтгээтэй бөгжөөр гэрлэх санал тавьсан. Энэ бөгж ойролцоогоор 2 сая долларын үнэтэй гэгдэж байв.

10 дугаар сард Крисийн тоглолт эхлэхээс өмнө тэд Нью Жерситэй ойролцоо амьдрах газар олохоор төлөвлөж буй гэнэ. Тэдний хамтын амьдралд бараг л асуудал гарахгүй гэдэгт Кимми итгэлтэй байгаа аж. Гэвч ганцхан л зүйлээрээ тэд ялгаатай. “Би хэтэрхий нямбай зантай. Тэр ч бас нямбай л даа, гэхдээ над шиг хэтэрхий их биш. Тиймээс л би гэрлэхээсээ өмнө хэнтэй ч цуг амьдрахгүй гэдэг байсан юм.”

Тэр одоо хүртэл сүй тавьснаас нь хойш хэдхэн цагийн дараа тарж эхэлсэн жирэмсэн гэсэн цуу яриаг дарахыг оролдсоор. “Би зүгээр л ‘Ирээдүйд хүүхэдтэй болохыг хүсдэг’ гээд хэлчихсэн чинь жирэмсэн гэсэн мэдээлэл сонингуудаар тарчихсан.” Гэхдээ түүний амьдралдаа хийхийг хүсдэг олон зүйлсийн эхний эгнээнд “Хүүхэдтэй болох” багтдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. “Би их олон зүйлд хүрсэн. Үүндээ ч баяртай байдаг. Гэхдээ үхэхээсээ өмнө хийх ганцхан зүйл гэвэл би үр удмаа үлдээхийг нэрлэнэ. Хүүхэдтэй болохгүй бол тэр жинхэнэ амьдрал биш шүү дээ”

Ярилцлага авсан Эйми Спенсэр

No comments:

Post a Comment