Далавчаа дэлгэх Натали


Зарим жүжигчид гоё сайхан гадаад төрхөндөө “шигдэж”, жинхэнэ агуу бүтээлүүд нуугддаг харанхуй булан руу зүрхэлж очиж чаддаггүй. Харин Натали тэднээс эрс өөр. 29 насандаа тэр өөрийнхөө дотор оршдог тэр төгс төгөлдрийг нэвтлэн гарахыг хичээж байна.



Эхлээд “Оддын дайн”-ы Амидала хатны дүрийг Харвардын дипломтой, байгалиас заяасан гоо үзэсгэлэнт цагаан хоолтон бүсгүй, Натали бүтээж байсан. Тайз, дэлгэцийн урлаг тун аюултай, дүр бүтээнэ гэдэг махчин амьтанд бариулахтай адил. Бас авъяас чадварыг галд шатааж байж л “хатуужуулдаг”. Деррэн Аронофскийгийн цуст үлгэр “Хар хун”-ы Нинагийн дүрд тэр “юм үзээгүй” гэнэн бүсгүйгээс, ширүүн солиотны дүрд хувирч чадсан. Мэргэжлийн бүжигчид нь хүртэл анхаарлыг нь татах гээд чаддаггүй, цэвдэг хүйтнээрээ алдартай бүжиг дэглээч түүнийг тэр кинонд тоглуулахаар сонгосон. Цагаан хун Одетта, хар хун хоёрт хувирахын тулд ариухан, туяхан Наталид бие махбодиосоо нисэн гарч, уран бүтээлчийн үүднээс шинээр мэндлэх шаардлага тулгарсан. Портмэний үзүүлбэрүүд үзэгчдийг Нинагийн сэтгэл дотроор аялуулж, түүний аймшигт үйлдлүүдийнх нь “хамсаатан” болгож, зөвхөн уран бүтээлчдийн л ойлгодог, биенээсээ нисээд гарчихсан юм шиг, ер бусын мэдрэмжийг мэдрүүлж чадсан.

Нина хэмээх нэр Испаниар “бяцхан охин” гэдэг утгыг илэрхийлэх аж. Натали 12 настай байхдаа, өөрөөр хэлвэл яг бяцхан охин байхдаа анх “Мэргэжилтнүүд” кинонд тоглож байсан. “Хар хун” бол сэтгэл сэрдхийлгэм атлаа, далдуур өсөж том болохын утга учрыг өгүүлсэн кино юм. Бэлэг тэмдгийн чанараараа энэ бүтээл түүний амьдралыг ч хүүрнэх шиг. Учир нь Нина бол ягаан, цагаан хоёр л өнгөнөөс бүрдсэн тийм нэг ертөнцийн, хүлцэнгүй, өөрөөсөө дэндүү ихийг шаарддаг номхон охины дүр. Тэр үргэлж л төгс байхыг хүсдэг. Натали ч бас өөрөөсөө хэтэрхий ихийг шаарддаг ажлын хорхойтон.

Аронофский “Төгс байх цор ганц арга бол амьдралдаа галзуурал, солиорлыг урин авчрах явдал. Наталид өөрийнхөө аюултай талыг харуулах боломж тун бага байсан. Түүний ертөнц маш олон өнгөтэй байлаа. Бас тэр тачаангуй, хөгжилтэй, ёжтой, бас зүрх өвтгөм үзэсгэлэнтэй” гэж түүнийг тодорхойлсон.

Үүгээр ч зогсохгүй, тэр маш сайн бүжиглэдэг. Хэзээ ч бөгтийж байгаагүй болов уу гэмээр тэгш биеэ гайхуулсаар, тэр Café Sabarsky-гийн налуу суудал дээр суугаад хүүхэд насандаа баллетаар хичээллэдэг байсан он жилүүдээ дурсан сууна. “Хичээлээ тараад л өдөрт хоёр цаг, Бямба гаригуудад 5 цаг бэлтгэл хийдэг байлаа. Кинонд тоглож эхлээд, би долоо хоногт хоёр л удаа, бага цагаар хичээллэх хэрэгтэй болж, сайн ангид сурч чадахгүй болсон болохоор больсон юм. ‘Хар хун’-гийн бүжгийн бэлтгэл киноны зураг авалтаас жилийн өмнө эхэлсэн. Эхэндээ өдөрт хоёр цаг байсан ч, 6 сарын дараа өдөрт 5 цаг, сүүлийн хоёр сард өдөрт 8 цаг бүжгээ бэлддэг байсан. Бас би өдөрт нэг км-ийн зайнд усанд сэлдэг байлаа. Хатуу дэглэм нэг талаараа сайхан байсан шүү. Бие байнга хөндүүрлэж байсныг эс тооцвол.” Натали ихэнх бүжигчдийн адилаар кофе ууж, хоногт 5 цаг унтан баллетчиний амьдралыг даван туулжээ.

Цагаан хоолтон тэрээр их л этгээд хоол захиаллаа. Ширхэг шагшуурга, гичээр хачирласан салатны ногоон навчнууд.

“Ингээд л болоо юу?” гэж би асуув.

"Тангараглъя. Би хоол иддэг шүү. Цагийн өмнө гэхэд л би цагираган талх идсэн. Би зүгээр л идсэн хоолоо өдөр бүр “зохих ёсоор нь” гаргачихдаг юм. Би махгүй хоол байнгах хийж иддэг. Би өөрөө өөртөө аз жаргал бэлэглэж, дуртай зүйлээ хийх дуртай. Хэзээ ч Нина шиг өлсөж өөрийгөө өвтгөхгүй. Би харин ч өлсөх болгондоо юм иддэг. Зүгээр ч нэг хоол биш, заавал ямар нэг амттай юм идэхийг хүсдэг. Гэхдээ надад амьдралдаа хэвшүүлсэн дадал, өөртөө тавьсан стандарт гэж бий. Үүнийгээ дагаж мөрдөх нь хүртэл надад таашаалын нэг хэлбэр. Байж чадах хамгийн сайхнаараа байх. Энэ ч хэцүү зүйл шүү.”

Портмэн үргэлж өөрөөсөө шилдэг нь байхыг шаарддаг аж. “Аливааг зүгээр л дундаж хийх биш, тултал нь сайн хийх л надад чухал.”

Деррэн Аронофский түүнтэй арваад жилийн өмнө Times Square-д “Хар хун”-ы талаар ярилцахаар анх уулзаж байжээ. Тэр үед Портмэн коллежийн хоёрдугаар курсын оюутан байж. “Тэр надад ‘Энэ кино бол өөрөө өөрийнхөө мөн чанартай зөрчилдөж, тулалддаг бүжигчний тухай. Чиний дүрд өөрөө өөртэйгөө секс хийдэг хэсэг байгаа’ гэж хэлж байсан”

Түүнд бүр тийм хоёр ч хэсэг бий. Эхнийх нь Нина бүжиг дэглээчийнхээ өөртөө таашаал өгөх даалгаврыг биелүүлж, хоёр дахь нь хамтрагч бүжигчнийх нь дүрд тоглосон Мила Кунистэй хийж. Тэр хэсэг үнэхээр хүмүүсийг донсолгосон. “Лесби, секс хэсгүүд маш олон байсан нь хүмүүсийг цочирдуулсан. Сайн охины нэр төр маань тэгээд л хормын төдийд хугарсан юм даа”

Тэр одоо Лос Анжелост амьдардаг ч гэлээ, хамгийн дотны хүмүүс болох эцэг эх, сайн найз Жеанин Лобел, найз залуу Бенжамин нь Нью-Йоркод амьдардаг гэнэ. Тэр айлын ганц болохоор бүх найзуудаа хуурай эгч дүүсээс өөрцгүй бодож явдаг. “Миний хувьд хамгийн чухалд тооцогдох дор хаяж 50 хүн бий. Би бүгдтэй нь байнга уулзаж чаддаггүй л дээ.”

Портмэн, Энните Сэвичтэй хамтран өөрийн гэсэн продакшныг байгуулсан. “Handsomecharlie Films” буюу “Царайлаг Чаплин Филмс” нь Чарли Чаплин болон, түүний үхсэн нохойны нэрний холимог гэнэ. Тэр аль хэдийн “Hesher” нэртэй инээдмийн кино продюссерлаад амжсан. Харин одоо “Best Buds” нэртэй охидын сэдэвтэй инээдмийн кинон дээр ажиллаж байгаа.

“Хөхөвч, дотоожтойгоо эрчүүдийн сэтгүүлийн нүүрэн дээр сэрэл өдөөсөн зураг авахуулах нь өөрөө өөрийгөө секс объект болгож байгаагаас өөрцгүй. Харин хөхөвч дотоожноос өөр хувцас өмсөлгүйгээр, найзуудтайгаа хөгжилдөж, өөрийгөө болон хүмүүсийг хайрлаж чаддаг бүсгүй бол өөр хэрэг. Хамаг юмаа зүгээр л дэлгээд харуулчихвал секс объект болохоос яах вэ. Ихэнх киног эрэгтэй хүмүүс хийдэг. Эрчүүд өөрсдийнхөө л хүсдэг юмыг кинонд тусгах нь тодорхой. Тийм болохоор би оронд нь өөрийнхөө хүслийг кинондоо тусгахыг хүсч байгаа эмэгтэй найруулагч, зохиолчдыг дэмжихийг хүсдэг. “Бяцхан тавилга” нэртэй киног үзсэн үү? Лена Дунхам киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулаад, өөрөө гол дүрд нь тоглосон байсан. Дөнгөж 23-тай гэхэд тэр гайхалтай кино бүтээсэн. Бүтэн киноны турш тэр дотуур хувцастай алхалдаг ч, тэр тэнд объект биш, субъектийн үүрэг гүйцэтгэж байсан нь маш сайхан хэрэг. Яг энэ л бидэнд дутагдаад байгаа юм.”

Тэрээр цааш “Бүх жүжигчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол биен дотроосоо гараад, өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харах явдал юм. Тэгж дуусмагцаа буцаж биедээ ороод, өөрийгөө хажуунаас нь биш дотроос нь харах ёстой...Би лав өөрийнхөө тухай шүүмж нийтлэл, мэдээнүүдийг уншихгүй байхыг хичээдэг. Яахын аргагүй сонирхолтой санагддаг ч, уншаад дууссаны дараа зовиуртай байдаг. Бараг л 20 жилийн турш би ажиллаж ирлээ. Надад өсөх, буурах, орох, гарах үе бишгүй л тохиолддог байсан. Ажлаа тасралтгүй хийж л байна гэдэг өөрөө давуу тал. Надад юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй болох мөч байнга ирдэг. Ажлыг тултал нь хийхийг хүсдэгээ л мэдэж байна” хэмээн ярьлаа.

“Түүнээс амьдралдаа нэн тэргүүнд юуг тавих ёстойг суралцаж болно. Тэр өөрийнхөө тоглосон киног үзэх дургүй, бас хэзээ ч киног хувийн амьдралаасаа дээгүүр тавьдаггүй. Тэр найзууддаа санаа тавьж, дотор хүнээ ч бас сонсдог” гэж түүний сэтгэлзүйч Майк Никлос хэллээ. Портмэнийн амьдралын хамгийн хэцүү үеүүд Харвардад өнгөрсөн аж. Тэнд л тэр хүмүүсээс тусламж хүсэж, бас сэтгэлзүйч дээр очиж сурчээ. Түүний өөр нэг сэтгэлзүйч бол Жеанин Лобелл. Жүжигчин Энтони Эдвардсын эхнэр, 4 хүүхдийн ээж, Stila cosmetics-ын үүсгэн байгуулагч эмэгтэй. Тэр Наталиг тодорхойлохдоо:

“Натали сайн хүн болохоор нас ахих тусам л илүү үзэсгэлэнтэй болж байна. Хүмүүс хөгширч эхлэхэд дотор нь байсан муу, сайн талууд ил гардаг. “Хар хун”-ы төгсгөлийн хэсэг дээр Наталигийн сэтгэл хөдлөл нүүрнийх нь зураас, нүх сүв бүрээр илэрч байсан. Энэ бол бусад жүжигчид Ботокс хэрэглэх тал дээр болгоомжтой байсан нь дээр болохын баталгаа. Бүх хүнд л байгалиас заяасан гоо үзэсгэлэн бий” хэмээсэн юм.

Ярилцлага авсан Жоан Жуллиет Бак

No comments:

Post a Comment