“Эрэмгий” эмэгтэй-Кристен Стюварт

Breaking Dawn-ыг хүлээсэн “Бүрэнхий”-гийн хэдэн сая шүтэн бишрэгчид хамгийн хайртай киноныхоо төгсгөлийн хэсгийг үзэх гэж яаж яарч, адгаж, бүр хумсаа хэмлэж суугааг би бүр төсөөлж байна гээч. Тэдний хорхойг бага ч болов дарахаар цус сорогчид дурласан жирийн нэг өсвөр насны охины дүрийг тун чадварлагаар бүтээсэн Кристен Стювартын W сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Линн Хиршберг: Хүн болгон л чамайг Бүрэнхий цувралын Белла Своны дүрээр мэднэ. Ирэх 11 сард Breaking Dawn-ы нэгдүгээр хэсэг нээлтээ хийх гэж байна. Гэвч олонхи тэр бүр чамайг хүүхэд байхаасаа кино урлагт хөл тавьсныг чинь мэдэхгүй байх. Жүжигчний гараагаа яаж эхэлж байв?
Kристен Стюварт: Их хачин хэрэг шүү. Би арван жилийн сургуульдаа хэзээ ч жүжгийн дүр авч байгаагүй. Харин ганц удаа “албан шахалтаар” дуу дуулж байсан юм байна. Хүүхэд бүр дургүй байсан ч хамаагүй, дахилтыг нь ч болов дуулж оролцох ёстой баярууд байдаг даа. Гэхдээ тэр үед дуулсан “Dreidl song”-доо би одоо хүртэл баярлаж явдаг. Учир нь тэгэхэд миний агент үзэгчдийн дунд сууж байсан юм. Тэр үед би 8-тай байлаа. Миний анхны кино The Safety of Objects гарахад би 9 настай байсан.

Ямар нэг сурталчилгаанд тоглож байв уу? Шууд л кино руу “үсрээд” орчихсон уу? 
Би хоёр сурталчилгаанд тоглож байсан. Нэг нь Porsche-гийнх байлаа. Гэхдээ би сурталчилгаанд тоглож, хүмүүсийн эгдүүг хүргэхэд “зориулагдсан” хүүхэд биш байсан. Би бусад шиг өхөөрдөм төрхтэй байгаагүй юм.

1999 онд найруулагч Девид Финчер чамайг Panic Room кинон дээр жүжигчин Жүди Фостерын охины дүрд тоглуулсан. Девид нэг хэсгийн зургийг л хэдэн арван удаа авах дуртай хүн. Бяцхан Кристен Стювартад тэр кинонд тоглох хэцүү байв уу?
Нэг хэсгийг 80 удаа авах нь үнэхэр аймаар хэрэг гэдгийг би мэддэггүй байсан юм. Гэхдээ хөгжилтэй нь би Panic Room-ынхээ дүрээр хамгийн их бахархадаг. Тэнд би өөрийгөө маш их дайчилсан. 10 настай Кристен тэр кинонд тоглох гэж бараг нүдэндээ цус хуруулсан байх. Гэхдээ энэ чинь л догь шүү дээ. Надад хөгжилтэй байсан.

Тэр кинон дээр чи бараг л эрэгтэй хүүхэд шиг харагддаг. Чи tomboy байсан уу?
Надад олон ах байсан юм. Би жаахандаа эрэгтэй хүүхэд шиг харагддагаасаа үхтлээ ичдэг байсан. “Үгүй ээ, би охин ш дээ” гэж хэлэхдээ хүртэл нүүрээ хийх газраа олж яддаг байлаа.

Гэхдээ энэ чанар чинь л чамайг залуу жүжигчдээс ялгарахад тусалсан. Бусдаас хамаагүй илүү сонирхолтой харагдаж билээ.
Яг юу хэлэхээ мэдэхгүй юм. Би зүгээр л маш их ажиллахыг хүсч байснаа л мэдэж байна. Тэгээд л би ажилласан. Би Twilight-ын зохиолыг уншиж байхдаа ч ажиллаж байсан. Би номыг нь ч уншаагүй байхдаа киноны зохиолыг нь уншиж байсан юм. Үнэндээ би жүжигчний шалгаруулалтанд орохдоо хүртэл номыг нь уншиж амжаагүй байсан. Солиотой байгаа биз? Би Twilight-ыг ийм сүртэй бүтээл гэж ерөөсөө мэдээгүй.

Хэзээ нэг цагт жинхэнээсээ вампиртай учрахыг мөрөөдөж байв уу? Бүх л охид цус сорогчдод хайртай байдаг даа.
Ямар ч байсан би өөрийнхөө цус сорогч болсон дүрд хайртай /Инээв/. Би анх Twilight-ыг уншихдаа 17 настай байсан. Тэр үед энэ бүхэн надад яг тохирсон юм шиг санагдаж билээ. Тэр зохиол бол ерөнхийдөө юу ч чаддаггүй хирнээ, бүхнийг чаддаг гэж өөрсдийгөө бодоод, шууд л зориглосон өсвөр насныхны тухай өгүүлсэн байсан. Энэ нь ч надад таалагдсан. Яагаад болохгүй гэж? Биеэ зовоож үзэх хэрэгтэй. Би ч бас тиймэрхүү төрлийн хүн. Цус сорогчид бол маш аюултай. Үүнийг нь мэдсээр байж өөрсдийгөө сорих дуртай охид тэдэнд дурладаг.

Breaking Dawn дээр Белла, Эдвард хоёр гэрлэдэг. Хурим ямаршуухан байв даа?
Янзтай. Энэ миний амьдралын хамгийн анхны хурим байсан. Галзуу ч юм шиг, итгэмээргүй мэдрэмж төрж байсан. Хуримын даашинз өмсөх л хамгийн “хэцүү даваа” байсан даа.

Яг “хуримлах”-ын мөчийн тухайд..?
Тэр л хамгийн чухал хэсэг нь. Twilight-ын сүүлийн цуврал хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээсэн үйл явдлуудаар дүүрэн байсан. Миний хувьд энэ киноны хэсэг болгон нүсэр, гүн, бас хачин санагдаж байлаа. Би тэнд хүнтэй суусан, хүүхэд гаргасан, хүүхдээ төрүүлсэн, гэтэл миний хүүхэд дэндүү хурдацтай өсөөд байсан. Тэгээд бас би аавдаа хамгийн сүүлийн удаа баяртай гэж хэлдэг хэсэг гардаг.

Беллагийн дүрд жинхэнэ утгаараа баяртай гэж хэлсэн үү? Түүнтэй нилээд урт хугацааг хамтдаа өнгөрүүллээ.
Би Беллагийн төгсгөлийн хэсгүүдийн тухай их боддог байлаа. “Бурхан минь, надад ямар санагдах бол?” гээд л. Уг нь хамгийн сүүлийн зураг авалт хурим байсан юм. Тэнд бүх тоглосон жүжигчид байсан. Их ажлын өдөр дуусахад би бүр туйлдаж гүйцсэн байж билээ. Тийм учраас би юун Беллад баяртай гэж хэлэх мантай л байсан. Гэхдээ дараа нь Virgin арал руу явж, бал сарын зураг авалтанд дахиж орох хэрэгтэй болоход би тэнд жинхэнэ утгаараа Беллатай салах ёс гүйцэтгэсэн. Яг л тэнгэр лүү харваж очоод, бүх биеийнхээ нүх сүвээр цацарч туяармаар хүчтэй болсон мэт санагдаж байсан. Би хэзээ ч амьдралдаа тийм их гэрэлтэй мэдрэмж авч үзээгүй.

Чи 17 настайдаа Белла Свон болсон. Одоо чи 21-тэй?
Тийм ээ. Жаахан тэнэг ч юм шиг санагддаг юм. Миний 9 наснаас хойшхи амьдралын бүх шат дараалал, өсөлт хөгжлүүд кинонд мөнхөрч үлдсэн. Харин энэ 4 жил л хэтэрхий гүн гүнзгий байлаа. Бүх юм миний хяналтаас аль хэдийн гарсан.

Амьдралаа удирдаж чадахгүй байна гэж үү?
Үгүй дээ. Яг ч тийм биш. Хүн болгон л хийсэн зүйлийнхээ үр шимийг бусдад таниулж өөрөөрөө бахархахыг хүсдэг. Гэхдээ олны анхаарлын төвд удаан байх нь хааяа намайг эвгүйцүүлдэг. Заримдаа бүр хүмүүс намайг “Алив ээ, юу чинь болохоо байчихаад байгаа юм? гэж зэмлэдэг. Уучлал хүсье. Би хийж байгаа зүйлдээ хайртай. Гэхдээ одоо бол бага зэрэг эвгүй байна.

Өөрөө өөрийгөө дэлгэцээр харах сайхан байдаг уу?
Би өдөржин гэртээ суугаад л тоглосон кинонуудаа эхнээс нь үзээд байдаггүй л дээ. Гэхдээ л би зарим жүжигчдийг киногоо үздэггүй гэж хэлэхээр нь итгэдэггүй юм. Тэднийг яагаад өөрсдийгөө дэлгэцээр харах дургүй байдгаа тайлбарлах гэж элдэв шалтаг гаргаж ирэх нь надад таалагддаггүй. Шал утгагүй юм. Уучлаарай залуус аа, би та нарыг өөрсдийгөө үзэж суудгийг мэдэж байна.

Өөрийнхөө бага насыг кинон дээрээс олж үзэх сонирхолтой байдаг байх. Их л цөөн хүмүүст тийм хувь тохиодог шүү дээ.

Би ичээд байдаг юм. Сонирхолтойгоос гадна маш сонин мэдрэмж төрдөг шүү. Би Panic Room-д тоглохдоо арван настай байсан. Одоо бодоход нилээн дээр үеийн кино юм шиг. Гэсэн хирнээ надад тэр дүр минь саяхны юм шиг л санагддаг. Заримдаа аавыг зурагтаа асаамагц, дэлгэцэн дээрх өөрийнхөө царайг ганц секунд харах гоё байдаг л даа. Гэхдээ өнөөх нэг хором нь өнгөрөнгүүт би сандарч “Болиоч ээ. Наадхаа хурдан соль л доо” гэж хэлдэг.

No comments:

Post a Comment